Ч.ӨЛЗИЙНЯМ
21 дүгээр зууны босгыг алхан, мэдээлэл технологийн хөгжил, ардчилсан нийгмийн эрх чөлөө, даяаршлын эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж буй энэ зууны хүн төрөлхтөнд сонордуулах өөр мэдээний эрэлд мордсон сэтгүүлч миний бие интернетээс “Мөнх амийн баяр- Дээгүүр Өнгөрөх Баяр”, “Эх Бурхан”, “Христ аль хэдийнээ ирсэн” гэх мэт мэдээллийг олж хараад ихэд гайхсан. Эдгээр мэдээллийн дагуу хайгуул хийсээр олон зуун жилийн түүхтэй христийн шашнаас итгэлийн эрс өөр замналаар явдаг нэгэн сүм байдгийг олж мэдсэн юм. Дэлхийн олон улсад салбартай энэ сүмийн Монголд үйл ажиллагаа явуулдаг сүмийн дарга Ким Юль Сантай уулзаж ярилцлаа.
-Өнөө үед Христэд итгэдэг хүмүүс олширч, төрийн өндөрлөгүүд дунд маань ч христчин хүмүүс цөөнгүй байгаа гэж сонссон. Ер нь христчин хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол?
-Христчин хүн гэдэг нь махан биеэр ирсэн Бурханыг Аврагч гэж итгэдэг хүмүүсийг хэлдэг.
-”Бурханы сүм”-ийн түүхийг товч танилцуулбал?
-”1948 оны 12 дугаар сард, Ан Сан Хун Христ Солонгосын Инчон хотын Наг арлын далайд баптисм хүртсэнийг Бурханы Сүмийн түүхийн эхлэлийн цэг гэж үзэж болно. Зөгнөл ёсоор 1964 оноос “Бурханы сүм” гэдэг нэрийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Ан Сан Хун Христ 1985 онд Давидын зөгнөлийн дагуу 37 жилийн сайн мэдээний ажлыг дуусгаж, тэнгэр өөд одсоны дараа өнөөг хүртэл Эх маань сүм болон итгэгчдийг харж хандан, удирдаж ирсэн. 1985 оноос 28 орчим жилийн хугацаанд сайн мэдээний томоохон хөгжилт гарсан юм. Солонгос хийгээд гадаад улсад 2200 гаруй сүмийг байгуулж, 150 улсаас 1.8 сая итгэгчдийг хөтөлсөн. Ан Сан Хун Христ сайн мэдээний бүх суурийг бэлдэж тавьсан бол Эх маань тэрхүү ажлыг явуулж, гүйцэлдүүлж байгаа юм. Удахгүй Монголд төдийгүй дэлхий дахинд сайн мэдээ тунхаглагдана гэж бодож байна.
-Бурханы сүм бусад протестант сүмээс онцгойлон ялгарах зүйл байгаа юу?
-Ерөнхийд нь авч үзэхэд протестант сүм зөвхөн Эцэг Бурханд л итгэдэг бол манай Бурханы сүм Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханд ч итгэдэг сүм гэдэг утгаараа маш их ялгаатай гэж болно. Мөн Бурханы сүмийнхэн Бурханыг заавал хүн болж ирнэ гэсэн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан махан биеийг өмсөн хүн болж ирнэ гэсэн сургаал юм. 2000 жилийн өмнө Бурхан махан бие өмсөн хүн болж ирсэн нь Есүс байсан. Тухайн үед хүн болж ирсэн Есүсийг Бурхан хэмээн итгэдэг хүмүүс байсан байхад, ингэж итгэдэг хүмүүсийг тэрс үзэлт гэж тулгасан эсрэг хүчнийхэн ч байсан. Эдгээр хүмүүс бол Есүсийг Христ гэж итгэдэггүй фарисай, садукай, иудейчүүд юм. Өнөө үед ч ийм ялгаатай гэж үзэж байна. Үүнээс гадна, Бурханы тушаал болох Амралтын өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярыг сахьдаг итгэлээрээ ч ялгаатай. Нэг Библийг өөрөөр ойлгодгоороо ч ялгаатай. Энэ мэт Библийн ерөнхий зөгнөлийг ойлгох, итгэх тал дээр томоохон ялгаатай гэж бодож байна.
-Та бүхэн Эх Бурханд итгэдэг гэсэн. Библид энэ талаар үнэхээр гэрчилсэн байдаг уу?
-”Эхлэл 1:26-27 ишлэлээс тэнгэр газар бүх юмсыг ганц Бурхан бүтээгээгүй гэдгийг ойлгож болно. Ихэвчлэн хүмүүс хүн төрөлхтнийг ганц л Бурхан бүтээсэн гэж итгэдэг. Харин Библид “Бид” хэмээх олон тооны Бурхад түмэн зүйлс хийгээд хүн төрөлхтнийг бүтээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. “Тэгээд Бурхан -Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж ... (26-р ишлэл)”, “Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв (27-р ишлэл)” гэсэн хэсэг бол тэр юм. Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн бол Бурханы дүр төрхөд эрэгтэй дүр төрхтэй “Эцэг Бурхан” болон эмэгтэй дүр төрхтэй “Эх Бурхан” байна гэсэн үг юм.
Мөн шинэ гэрээний Галат 4:26 ишлэл дэх “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм” гэсэн нь “Эх Бурхан”-ы оршихуйг баттай гэрчилдэг. Библийн сүүлчийн ном болох шинэ гэрээний Илчлэлт 22:17 ишлэлд “Сүнс болон сүйт бүсгүй -Ирээрэй гэнэ. ... амийн усыг үнэгүй аваг” гэж байдаг. Амийн усыг өгөгч Бурханыг Сүнс болон сүйт бүсгүй гэж илэрхийлсэн бөгөөд, эндээс Сүнс нь Эцэг Бурханыг зааж байгаа. Тэгвэл сүйт бүсгүй хэн байх бэ? Энэ сүйт бүсгүйг ханзаар “°efZ”, англиар “bride” гэсэн бөгөөд, Эцэг Бурханы сүйт бүсгүй болох Эх Бурханыг илэрхийлж байгаа юм. Мөн өөр нэгэн үндэслэл бол хуучин гэрээний Библийн эх ном Еврей хэл дээрх Библи юм. Энэ номонд Бурханыг байнга ганц тоогоор “Елоах” гээгүй, олон тооны үгээр “Елохим” гэж бичигдсэн байдаг. “Елохим” гэдэг үг нь хуучин гэрээний Библийн 39 номонд 2500 гаруй удаа гардаг болохоор энэ нь Бурхан олон тоогоор оршдог гэдгийг гэрчилдэг баримт болдог.
-Протестант сүмийнхэн ч мөн Библи уншиж итгэлийг сахин хэрэгжүүлж ирсэн урт хугацааны түүхтэй байж, яагаад “Эх Бурхан”-ы оршихуйг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?
-Библийн зөгнөлөөс үзвэл, Эх Бурханы оршихуй авралын сүүлчийн үед илчлэгдэнэ гэж бичигдсэн. Библи дэх сургаал бүгд тогтоосон цаг хугацаатай. Цаг болохоос өмнө Эх Бурханы оршихуй нь Библи дэх нууцлагдсан нууц байсан. Бусад сүмийнхэн тогтсон уламжлал, зан үйлдээ баригдаж Библи дэх нууцуудыг ойлгож чадахгүй гэж боддог. Анхны Христийн үед ч мөн Ёхова Бурханы талаарх итгэлийг л хатуу сахиж байсан иудейчүүд хүн болж ирсэн Бурхан буюу Есүсийг танилгүй гоочилж байсан. Хэдэн мянган жилийн турш сахиж ирсэн уламжлал, ёс заншлаасаа болоод Бурханыг таньж чадаагүйн үр дүнд эцэст нь Есүсийг загалмайд цовдолсон. Түүний шалтгаан нь Библид гэрчлэгдсэн зөгнөл ба Бурханы талаарх зөв мэдлэг байгаагүй. Өнөө үед ч бас бусад сүмийн тогтсон үзэл өөрөөр хэлбэл Бурхан бол зөвхөн ганц Эцэг Бурхан гэсэн итгэлийнхээ зуршилд хүлэгдэн, Эх Бурхан оршдог гэх Библийн сургаалыг амархан хүлээн авч чадахгүй байгаа гэж үзэж байна.
-Энд “UB паласын их танхимд болох “Амийн баяр”-т таныг урьж байна” гэсэн урилга байна. Энэ баярын талаар илүү мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?
-Бурханы баяр Дээгүүр Өнгөрөх Баяр (Passover) нь талх ба усан үзмийн дарсаар ариун зоогийн ёслолыг үйлддэг чухал баяр юм. Энэ амлалтаар дамжуулан бүх хүн төрөлхтөн гамшигт өртөхгүй байж, мөнх амийн амлалтыг авна. Мөн Дээгүүр Өнгөрөх Баярын талх ба усан үзмийн дарсанд хүн төрөлхтний аврал ба нүглийн уучлалын төлөө золиослогдсон Христийн ариун амлалт агуулагдаж байгаа юм. Есүс хүн төрөлхтний төлөө улаан буудайн үр болж ертөнцөд амийг өгсний адил бид ч мөн тэрхүү ариун хүслийн дагуу Дээгүүр Өнгөрөх Баяраар дамжуулан бусдад амийн ерөөлийг хуваалцах ажлыг хийж, Христийн амьдралыг дагаж байгаа юм.
-Тэгвэл энэ Дээгүүр Өнгөрөх Баяр хүн төрөлхтөнд хамгийн хамаатай баяр гэсэн үг үү? Энэ баярыг тэмдэглээд үнэхээр аврал авсан тохиолдол, түүх байгаа бол манай уншигчдад баримттай ярьж болох уу?
-Дээгүүр Өнгөрөх Баярын тухай ярих болгонд нэгэн хууч яриа санаанд ордог юм. Нэгэн хаан “Ертөнцөд хамгийн энх амгалан харагдах зурагнууд”-ыг цуглуулжээ. Олон зураг дундаас хааны сонгосон зураг нь аянга цахилж, салхитай бороо шуурч байхад хадан цохионы үзүүрийн доод хэсэгт байрлах нэгэн үүрэнд жижигхэн шувуу гадагш харж байгаа зураг байжээ. Гаднаасаа яг л нурах гэж байгаа юм шиг аймшигтай байдалтай харагдсан ч, үүрэн дэх шувуу ямар ч аюулгүй мэт амар тайван байдаг. Гамшиг энд тэндгүй болж байгаа энэ үед Дээгүүр Өнгөрөх Баярын амлалт дотор буй хүмүүсийн төрх үүнтэй адил юм. Библид ч Дээгүүр Өнгөрөх Баяр сахин гамшигт өртөөгүй түүх олон тэмдэглэгдсэн байдаг. Египетээс гарах үед ууган хөвгүүдийг цохих гамшгаас, Хезекиа хааны үед Ассирийн эзлэлтээс Бурхан хамгаалж өгсөн юм.” “Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн чиний баруун гар талд унавч, Энэ нь чамд халдахгүй (Дуулал 91:7) гэх айлдал нь энэ үед ч адилхан биелж байгаа. Энэ нь Дээгүүр Өнгөрөх Баяр доторх Бурханы баттай амлалт юм.
-Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт зуд, үер, өлсгөлөн, ган, газар хөдлөлт, далайн шуурга гэх мэтээр туйлын хүнд байдалд орчихоод байна. Энэхүү байгалийн үзэгдлийг хэрхэн үзэж байна вэ?
-Библид тэмдэглэгдсэн зөгнөлийн нэг хэсэг гэж ойлгож байна. Матай 24-р бүлэгт энэхүү байгалийн үзэгдэл нь гамшгийн эхлэл төдий хэмээн сануулж байгаа бөгөөд, олон эрдэмтэд цаашид бүр ч олон аймшигт гамшгууд болон гарз хохирол тасралтгүй гарах болно гэж зөгнөж байгаа. Харин Библид гамшгийн сануулгын хамтаар авралын мэдээг ч мөн зааж өгсөн байдаг. Тиймээс Дээгүүр Өнгөрөх Баярын үнэнийг тунхагладаг манай Бурханы сүмийн итгэгчдийн алхаа улам л яарч байна.
-Бидэнтэй илэн далангүй ярилцсанд баярлалаа. Манай сониноор дамжуулан монголчуудад маань хэлэх зүйл байгаа юу?
-Савыг хоосон байхад нь хоосон сав гэдэг. Усаар дүүргэвэл усны сав болно. Тэгээд тэр саванд цэцэг тарих юм бол цэцгийн сав болно. Бид гэх сул дорой хүмүүний саваа Бурханаар дүүргэцгээе. Бидний дотор юу хийсний дагуу бид янз бүрийн төрхөөр өөрчлөгдөнө. Усны сав болохыг хүсвэл ус хийж, цэцгийн сав болохыг хүсвэл цэцэг тарьж, тэнгэрийн орны хүн болохыг хүсвэл Бурханыг санаарай. Бурханы сургаалыг даган амьдарч, тэр сургаалтай ойртохыг хүсэж байна. Мөн Бурханы соёрхсон амийн баяр Дээгүүр Өнгөрөх Баярт таныг урьж байна. Бурхан биднийг одооноос мөнхөд хүртэл хайрлах болно.