Н.МӨНХЖИН
Оросын тусгай албаны тагнуулч асан Александр Литвиненко Британийн МИ-6 тагнуулын албанаас ямар цалин, урамшуулал авсныг түүний бэлэвсэн эхнэр Марина нь ярьжээ. Марина Литвиненко Скотланд-Ярдын байцаагчдад өгсөн мэдүүлэгтээ энэ талаар тодорхой өчсөн байна. Түүний баталж буйгаар, Литвиненко 2003 оны сүүлч, 2004 оны эхээр анхны “цалин” гэж 18 мянган паунд (27 мянган доллар) авчээ. Тэр үед ОХУ-ын экс тагнуулч МИ-6-гаас хуурамч паспорт авсан аж. Дараа нь 2007 оны гуравдугаар сар хүртэл (нас барснаасаа хойш ч гэсэн) сар бүр хоёр мянган паунд авч байжээ. Нийтдээ Александр Британийн тагнуулын албанаас 90 мянган паунд (136 мянган доллар) авсан байна.
А.Литвиненко МИ-6-д ажиллаж, тэд нараас мөнгө авч байсан тухай анх өмгөөлөгч Бен Эммерсон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ярьсан юм.
“Саша Литвиненко Ми-6-д бүртгэлтэй, цалинтай ажилтан байсан. Түүний батлан даагч нь Мартин гэдэг нууц нэртэй ажилтан байсан. Литвиненко Мартинаар дамжуулан Испанийн тагнуулын албанд ч зүтгэж байсан. Британи, Испанийн тагнуулын алба Саша, Марина хоёрын банкны нэгдсэн данс руу ажлын хөлсийг нь шилжүүлдэг байсан. Зарим цалинг бэлнээр нь өгдөг байсан” хэмээн өмгөөлөгч Б.Эммерсон Оросын экс тагнуулчийн амийг хөнөөсөн хэргийн талаарх шүүхийн анхны сонсгол дээр мэдэгдсэн билээ.
Холбооны аюулгүйн албаны экс ажилтан Александр Литвиненко 2000 онд Их Британи руу гарч улс төрийн орогнол олж авсан юм. Тэрээр хуучин ажлынхаа нууцыг өрнөдийнхэнд дэлгэж, Оросын чекистүүд 1999 онд Москвад орон сууц дэлбэлсэн хэмээн мэдэгдэж байв. А.Литвиненко 2001 онд “Холбооны аюулгүй алба Оросыг дэлбэлж байна” хэмээх ном гаргаад амжжээ. 2006 оны арваннэгдүгээр сард Литвиненко Лондон хотноо экс хамтран зүтгэгчид болох Андрей Луговой, Дмитрий Ковтун, Вячеслав Соколенко нартай уулзсаны дараа бие нь муудаж, эмнэлэгт хэд хоног хэвтээд амьсгал хураасан билээ. Эмнэлгийн задлан шинжилгээгээр, Литвиненко нь полони хэмээх бодист хордон нас барсан болохыг тогтоожээ. Полони-210 хэмээх асар хортой бодис нь Орос, Франц, Америк зэрэг цөөхөн оронд, Засгийн газрын маш хатуу хяналтад хадгалагддаг аж. Нэг хумхийн тоос шиг хэмжээтэй полони хүний биед орвол үхэлд хүргэх аюултай байдаг.
Британийн эрх баригчид Оросын экс тагнуулчийн үхэлд А.Луговойг буруутган шилжүүлж өгөхийг шаардсан ч ОХУ татгалзсан хариу өгснөөр хоёр улсын харилцаанд сүүдэр тусаад байгаа юм. Үнэн хэрэгтээ Литвиненког хэн алсныг одоо ч тогтоож чадаагүй байгаа. Британийн цагдаа Андрей Луговойн Лондонд орсон, гарсан газар бүрээс полонийн ул мөр илрүүлсэн хэмээн хэвлэлүүд шуугиж байв. Литвиненкогийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх шүүх хурал 2013 оны аравдугаар сарын 2-нд болох юм.