Ч.ҮЛ-OЛДОХ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ынхан дотроо хэл үгээ олохгүй байгаа гэж ойлгогдохоор мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Төрд хариуцлагатай алба хашиж байгаа зарим гишүүн нь өргөдлөө өгсөн, авахгүй байна гэж ярьсан байна лээ. Танай нам сүүлийн үед юу болоод байна вэ?
-МАХН-ын дотоод амьдрал, үйл ажиллагаа хэвийн явж байна. Сүүлийн үед хэвлэлээр хөндөгдөж буй гол асуудал намын удирдах гол байгууллага болох Гүйцэтгэх товчооны хурал, түүгээр хэлэлцсэн асуудлуудын эргэн тойронд хүмүүс байр сууриа нэлээд илэрхийлж байгаа нь ажиглагдаж байна. Бараг манай Гүйцэтгэх товчооны хуралтай зэрэгцээд зарим мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Мөн Бага чуулган хуралдах үеэр ч зарим мэдээлэл гарч байсан. Тэр нь бодитой, бодит бус янз бүр байна. Тиймээс манай Гүйцэтгэх товчооны гишүүд мөн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Иймд би намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд, Гүйцэтгэх товчооны хурлыг товлон хуралдуулж, зохион байгуулж удирдан явуулдагийн хувьд өөрийн байр суурийг хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.
Аливаа улстөрийн нам, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас эрс өөр. Үүгээр би юу илэрхийлэх гэсэн бэ гэвэл, нам бол олон нийтийн байгууллага. Өнөөгийн хуулиар улс төрийн намууд хатуу гишүүнчлэлтэй байгаа. Намын гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд олон нийт рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг болохоор бид тэндээсээ тавьж байгаа аливаа асуудлыг хүлээж авч хэлэлцэх ёстой. Тиймээс энэ хүрээнд бид тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн байгаа. Түүнчлэн 2013 оныг хөдөө орон нутагт намын анхан шатны байгууллагыг дэмжих жил болгож зарласантай холбогдуулж ойрын хугацаанд хийх ажлынхаа нарийн төлөвлөгөөнүүдийг ярьсан. Энэ бол намын дотоод амьдралтай холбоотой. Энэ бол аль ч намын дотоод амьдралтай холбоотой яригддаг, шийдэгддэг, хэлэлцэгддэг л асуудлууд шүү дээ.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян танд өргөдлөө өгтөл “Салбарын сайддаа өг” гээд аваагүй гэсэн байсан?
-МАХН болон бусад намуудын улс төрийн үйл ажиллагаагаа амьд явуулдагийн нэг нотолгоо бол хоорондын дотоод зөрчилтэй холбоотой нийтэд мэдээлэгддэг үйл ажиллагаа юм. Хурал дандаа нэг янзын байдалд, бүгд гар өргөсөн байдалтай, тухайн намын хурал эвтэй найртай сайхан боллоо гэж бичигддэг ч бодит байдалд өөр. Харин ч цаанаа хөшигний ард бүх зүйлийг шийдвэрлэчихсэн байдаг. Ийм үйл ажиллагаанаас бид зайлсхийх ёстой. Тэр тусмаа шинэчлэгдэж, шинээр сэргээн байгуулагдсан улстөрийн хүчин МАХН-ын хувьд бусад намуудын тэр алдааг давтахгүй байх ёстой. Тийм учраас бид аливаа асуудлыг хөшигний ард авч хэлэлцэх, шийдэх бус Гүйцэтгэх товчоо,Бага чуулган, цаашилбал намын их хурал зэрэг эрх бүхий байгууллагын хүрээнд нэгд нэгэнгүй дэлгэж ярих ёстой. Энэ ч утгаараа бид намын дотоод үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан асуудлуудыг ярьсан. Энэ асуудлыг хамгийн их ярьсан хуралдаан бол манай сүүлийн хуралдсан Бага чуулганы хуралдаан байсан. Тэр хурлаар бид Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой юу, үгүй юү гэдгийг ярьсан. Намын гишүүдийн эрхэмлэх ёстой найман зорилтыг хэлэлцсэн. Түүнийг тойрсон багагүй маргаан өрнөсөн. Саяын Гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудлууд албан ёсоор яригдаагүй ч намын даргын эрүүл мэндтэй холбоотой асуудлаар нэлээд шүүмжлэл гэх юм уу, тодорхой тайлбар авч, тэр талаар Гүйцэтгэх товчооны гишүүдийн хувьд багагүй шүүмжлэл дагуулсан уур амьсгал бий болсон. Гэхдээ тэр бол намын журмын нөхдийн хооронд бие биедээ шүүмжлэлтэй хандсан халуун уур амьсгал байсан болохоос зарим хэвлэлд гаргаж тавьсан шиг намын эв нэгдэлтэй харшилсан хурцадмал асуудал үүсээгүй гэдгийг тэмдэглэж хэлье.
-Тэгвэл Э.Эрдэнэжамъян дэд сайдын тухайд та ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Манай намын гишүүд аливаа хурал цуглаанаар асуудлыг өөр, өөрийн өнцгөөс тайлбарладаг, ярьдаг, үзэл бодлоо уралдуулдаг. Э.Эрдэнэжамъян дэд сайдын хувьд тухайн уур амьсгалаас шалтгаалж өөрийн хувийн байр суурийг илэрхийлэхдээ “Би ер нь дэд сайдаас огцрох өргөдлөө өгмөөр байна. Намынхаа ажилд илүү идэвхтэй оролцмоор байна” гээд өргөдөл бичсэн тухайгаа ярьсан. Би хурал даргалагчийн хувьд юу гэж үзсэн бэ гэвэл “Энд намын ажил ярьж байна. Төрийн ажлын хүрээнд шийдэгддэг, тухайлбал, Хууль зүйн дэд сайд гэдэг бол улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан тодорхой хууль, тогтоомж, тухайлбал төрийн албаны хуулийн хүрээнд ярьж, шийдэгддэг. Тийм болохоор таны дэд сайдаас огцрох тухай ярьж буй асуудлыг бид хэлэлцэх боломжгүй” гэж хэлсэн. Би төрийн ажлын дүрэм журмыг гадарлана. Нөгөө талаас хүндэтгэлтэй ханддаг. Засгийн газрын агентлагийн дарга, дэд сайд, төрийн сайдын албыг хашиж байсан учраас би тэр ажилд хүндэтгэлтэй ханддаг юм. Иймд намын ажил заагтай, төрийн ажил бас дүрэм журмын дагуу байх ёстой гэж үздэг. Тэгэхээр үүнийг л сануулсан төдий. Түүнээс биш нэг нь учиргүй өргөдөл гаргаж ирж өгөх гээд, нөгөөдөх нь авахгүй гэсэн зүйл бодит байдалд болоогүй. Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарахдаа арай өөр өнцгөөс мэдээлэгдсэн шиг билээ.
-Сайд нарт хариуцлага тооцох тухай ярихдаа намын даргынхаа төлөө ажиллаагүй гэсэн үндэслэлийг гол болгосон гэж тайлбарлаад байгаа шүү дээ, хэвлэлүүд. Тэр талаар?
-Манай нам өмнөх наймдугаар чуулганаараа хэд хэдэн асуудал ярьсан. Түүний нэг бол одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй Шинэчлэлийн Засгийн газарт нэг бус хэд хэдэн намын төлөөлөл ажиллаж байгаа. Тэгэхээр байгуулагдаад хэдий хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгэхээр үйл ажиллагааг нь шууд шүүмжлэх, эсвэл сайн, муу гээд дүн тавьчих хараахан болоогүй байна. Манай нам сайд нараа намаас тавьсан зорилго, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллаж байгаа гэж үздэг. Гэтэл үүний цаана улстөрийн өнцгөөс гэдэг юм уу, бусад улс төрйин хүчнүүд юу гэж үзэж байна гэвэл, анх Засгийн газар байгуулахад намуудын хооронд байгуулсан гэрээ биелэгдэж байна уу, үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулдаг. Үүнийг гадуур ойлгохдоо Засгийн газраа салбар, салбар дээр нь дүн тавиад, түүнийг нь намууд авч хэлэлцээд, цаашилбал намаасаа сонгогдож, томилогдсон Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцох тухай асуудал хөндөгдөж байна гэж өрөөсгөл ойлгоод байгаа юм.
-Н.Энхбаярыг гэр бүлийнхэн намыг нь удирддаг гэсэн мэдээлэл түүний гэргий О.Цолмонгийн бичсэн ил захидалтай холбоотой юу, эсвэл?
-Тэгэхээр тэр ил захидлыг тойрсон ташаа ойлголтуудын талаар ярих нь зүйтэй байх. О.Цолмон гэдэг эмэгтэй бол манай намын даргын гэр бүлийн хүн гэдгийг хүмүүс мэднэ. Өнөөдөр тэр эмэгтэй манай намын даргын гэр бүлийн хувьд, дээр нь МАХН-ын гишүүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, амьдралдаа тохиолдож байгаа болон эр нөхөртөө тохиолдож байгаа жаргал зовлонг намынхаа журмын нөхдөд, ард түмэндээ, МАХН-ын Гүйцэтгэх товчоогоор дамжуулж илэрхийлэх эрхтэй. Намын даргын гэр бүлийн хүн О.Цолмонгийн тавьсан асуудлыг МАХН-ын Гүйцэтгэх товчоо авч хэлэлцэх үүрэгтэй. Энэ бол бидний хариуцах ёстой ажлын нэг мөн. Яагаад гэвэл, зөвхөн манай намын гишүүн төдийгүй, энгийн хүн хэн ч байсан бид ийм байр суурьнаас хандана. Учир нь би түрүүнд хэлсэн. Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага учраас ямар нэгэн намын харъяалалгүй энгийн иргэн хэн ч байсан бидэнтэй уулзаж байр сууриа илэрхийлж байдаг. Түүнтэй адил О.Цолмонгийн ил захидалд бид хүндэтгэлтэй хандсан. Нөгөө талаас цаашид хариуцлагатай үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлсэн. Тэнд ярьсан зүйлүүд зарим хүний буруу ойлгоод яриад байгаа хариуцлага тооцох тухай болон албан тушаалын асуудлууд огт биш. Намын даргын эрүүл мэндийн байдал, улс төрийн хилс хүнд нөхцөлд хоригдож байгаа, түүнээс үүдэж эрүүл мэндийн хувьд маш их эрсдэлд орж байна гэдгийг ярьсан. Түүнд биднийг хариуцлагатай хандаж ажиллахыг зөвлөсөн ийм л ил захидал байсан.