Х.ХУЛАН
Хэтэвч нь хэдий зузаан байлаа гээд Монголд хүссэн бүхнээ хийж болдоггүйг гадныханд ойлгуулж чадсан нэгэн “жишиг” хэргийн шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарлаа. Энэ бол Туул голын хөвөөг даган “нүүдэллэж”, гольфийн талбай байгуулахаар хөрөнгө хүчээ шавхаад эцэст нь үнэнд гүйцэгдэж буй “Туул ривер контри сайд” компанид олгосон газрын маргааны хэрэг юм.
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон Туул голоо гэсэн сэтгэлтэй иргэд энэ хэргийн үнэн мөнийг эцсийн шатанд нь авчирч тавихын тулд өнөөдрийг хүртэл маш олон саад, бэрхшээл, дайралт, сэрдэлтийн бай болж, чамгүй цаг хугацааг туулсныг энд дурьдах нь зөв байх. Хэрэг явдал хаанаас, хэрхэн хөвөрч эхлээд энэ хүрснийг товч өгүүлье.
Баянзүрх дүүргийн Засаг дарга өнгөрсөн 2007 оны тавдугаар сарын 9-нд Солонгосын хөрөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” компанид гольфийн талбай байгуулах зориулалтаар Туул голын хөвөөн дэх 50 га газрын зөвшөөрөлд гарын үсэг зуржээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байв.
Уг нь дүүргийн ИТХ-аас “Туул ривер контри сайд” компанид олгох газрыг голын хөвөөнд биш, уулын хормойд гэж заасан байж. Гэвч Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж найр тавьсан нь энэ.
Энэ явдал иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулав. Нийслэлийн ундны усны эх үүсвэрт зөвшөөрөл олгосон учраас тэр. Бас нэгэн хачирхалтай баримт нь “Туул ривер контри сайд” компанид энэ зөвшөөрлийг олгосон 2007 оны тавдугаар сарын 9-нөөс яг нэг сарын дараа буюу зургадугаар сарын 6-нд Монгол Улсын бүртгэлд ийм нэртэй компани шинээр оржээ. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эрх, үүрэг нь үүсээгүй, огт байгуулаагүй компанид газар ашиглах эрх олгосон байв. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх тухай” хууль Монгол Улсад байхгүй учир эдгээрт үндэслэсэн гомдол нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд очсон байна.
Ингээд шүүх хурал анхны шийдвэрээ 2009 оны хоёрдугаар сарын 19-нд гаргажээ. Тэр нь дээр өгүүлсэнчлэн хууль зөрчсөн учир “Туул ривер контри сайд” компанид олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр байв. Гэвч тус компани шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр анхан шатныхтай адил гарав. Гэсэн ч “Туул ривер контри сайд”-ынхан бууж өгөхийг хүссэнгүй, “Бид Туул голын эрэг дээр байгуулах гэж буй гольфийн талбайдаа гурван сая ам.доллар зарцуулсан” гэсээр эцсийн шатны шүүхэд хандлаа. Тухайн үеийн Байгаль орчны яамнаас үүнд шинжээчийн баг томилоход тэр газрын хөрсийг ухаж сэндийлснээс өөр ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй байж. Тэгэхээр тэд яриад байгаа гурван сая ам.доллараа тухайн талбайдаа биш, өөр зүйлд зарцуулсан байж таарлаа.
Эцсийн шатны шүүх шийдвэрээ гаргаж амжаагүй байхад Нийслэлийн Засаг даргын бас нэгэн хууль зөрчсөн захирамж гарч, “Туул ривер контри сайд” компанид аль нэг шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй болов.
“Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд олгосон газарт Монгол Улсын ундны усны эх үүсвэр байх тул “Туул ривер контри сайд” компанид олгосон газрыг Хан-Уул дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Монголын үйлдвэрчний эвлэлийн “Сонгино” амралтын баруун талын 60 га газар руу шилжүүлсүгэй” гэж. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо гэдэг нь Биокомбинат, 14 дүгээр хороо нь Өлзийт хороолол. Хоорондоо ямар ч хамааралгүй, хаа хол байрлалтай хоёр хороог ийнхүү нэг газар мэтээр тайланд тусгасныг тухайн үеийн Байгаль орчны яамны албан тушаалтнууд ч баталж орхисон байна. Асуудал нэгэнт олны анхаарлын төвд орж, шүүхийн шатанд очсон учраас хэн нэгнийг төөрөгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороог тайланд тусгасан нь энэ байв. Тэгээд ч шүүхээс эцэслэсэн шийдвэр гараагүй байхад аль нэг дүүргийнхээ гаргасан захирамжийг хүчингүй болгож, шинээр гаргах эрх хотын даргад байдаггүй.
2009 оны арванхоёрдугаар сарын 29-нд захиргааны хэргийн шүүх “Туул ривер контри” сайд компанид гольфийн талбай байгуулах зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд олгосон газрын зөвшөөрлийг цуцлах анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Энэ хугацаанд “Туул ривер контри сайд” компани тэр хавийн байгаль орчинд ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчны яамнаас томилсон ажлын хэсэг тогтоогоод байгаа юм.
Дүүргийн Засаг даргын олгосон газрын зөвшөөрөл болохыг шүүх нотолсон ч, хотын даргын аль ч хуульд байхгүй үндэслэлээр Хан-Уул дүүрэгт олгосон газарт мөн л маргаан үүсч таарна. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож, хууль бус зөвшөөрөл, захирамжид гар бие оролцсон төрийн байгууллагуудыг хариуцагчаар татаж байв. Гэвч Газрын алба татан буугдсан гэх зэрэг олон шалтаг тоочсоор шүүх хурал маш олон удаа хойшилсон байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт захиргааны хэргийн шүүх хуралдаж, “Туул ривер контри сайд” компанид ашиглуулахаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатад олгосон газрын захирамж хүчингүйг баталлаа.
Гольфийн талбай байгуулах явцад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт учирсан байгаль орчны хохирол нэг тэрбум, Биокомбинатынх 750 сая төгрөгт хүрсэн /2011 оны байдлаар/ байна. Туул голоос 13-хан метр зайд үйл ажиллагаа явуулж байсан тус компанийнхан Биокомбинатад 13 га газрын хөрс, ойг сүйтгэжээ.
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос дараагийн шатанд хийх ажил нь дээрх хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу газрын хэвлийд учирсан хохирлыг хоёр дахин, хөрсөнд учирсан хохирлыг гурав нугалж төлүүлэхээр төлөвлөж байгаа. Гэвч үнэнд гүйцэгдэж ирснээ гадарласан “Туул ривер контри сайд” компанийнхан энэ шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө компаниа татан буулгасан байна. Цаашид их хэмжээний мөнгө төлөх өрөнд унасан учир тэд манай улсаас оргон зайлах магадлал өндөр.
“Туул ривер контри сайд”-ынхан өнгөрсөн хугацаанд 19 тонн азотфосфорын бордоо ашиглажээ. Анх Байгаль орчны яаманд гаргаж өгсөн төлөвлөгөөндөө “Химийн ямар ч бодис ашиглахгүй” гэж байсан ч тэр амлалтдаа хүрсэнгүй. Гольфийн талбайд ажиллаж байсан монгол ажилчид энэ бордооноос болж мал нь үхсэн, хөлөн дээр цэврүү үсэрч, нүднээс нулимс гоождог хэмээн ярьж байж. Гэтэл гольфийн талбайн эзэд үүнийг химийн бодис биш хэмээн мэлзсээр. Тэд өглөөний 06:00 цагаас эхлээд үдшийн 20:00 цаг хүртэл нийслэлийн 18 худгийн усаар гольфийн талбайг тасралтгүй усалж байв.
“Туул ривер контри сайд” компанийн захирал Бан Ён Жэ-гийн өөрийнх нь эх оронд 2010 онд голын сав дагуу гольфийн талбай байгуулах явдал ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулж, хуулиар хорьсон. Өөрийнх нь улсад зөвшөөрөөгүй зүйлийг хөрөнгө мөнгө хаяж байгаад Монгол Улсын стратегийн ач холбогдолтой Туул голын хөвөөнд байгуулж болно гэж тэр сэтгэсэн байж.