Ч.ЗОТОЛ
Иргэний нисэхийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгчээр С.Буяндалай хоёр оны зааг дээр томилогдсон. Удирдах албан тушаалд түр визтэй очсон тэрээр өдгөө жинхлэх гэж байгаа юм. Аливаа газар томилолт өвөртөлж очсон, тэр дотроо удирдах албан тушаалд томилогдсон хэн ч байсан эхний хэдэн сард өөрийгөө таниулах, юу хийж чаддагаа харуулах гэж хичээдэг нь бичигдээгүй хууль. Тэгвэл, С.Буяндалай тэнд очоод суудалдаа лавхан шигдэхийг л урьтал болгосноос өөр салбарын ажилд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Өөрөөр хэлбэл, эрхэм үүрэг гүйцэтгэгч жинхлэх тухай л өдрийн бодол, шөнийн зүүд болсоор гурван сарыг ардаа орхижээ. Энэ хооронд төрийн албаны шалгалт өгснийг эс тооцвол тус газарт хийсэн ажил гэхээр юм алга. Тэр ч бүү хэл төрийн албаны шалгалтад тэнцэх асуудлыг ч өөрийн хүч чадлаар өгөөгүй юм шиг билээ. Учир нь түүний ажил хэргийн алтан түнш, хуурай ах буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн албан тушаалын шатаар өгсөх “ногоон гэрэл”-ийг асааж өгсөн юм гэсэн. Хуурай ах нь ийнхүү аргалж буй учраас С.Буяндалай ч бардам байдаг бололтой. Тухайлбал, өнгөрсөн гуравхан сарын дотор төрийн байгууллагыг хувийнхаа компани шиг болгоод амжсан гэнэ. Түүнээс нь үүдэж мэргэжлийн онцлог шаарддаг, төрийн тусгай объект болсон ИНЕГ-т ёс бус зүйлүүд газар авч, хууль зөрчсөн үйлдлүүдээрээ толгой цохих болсон байна. Муу амлаж байгаа ч юм биш, магадгүй энэ байдлаар удвал онгоц осолдуулж, хүний амиар наадахыг ч юман чинээ бодохгүй нь. Ийм дүр зураг ч илт харагдах болсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сарын эхээр Гонконгоос Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн МИАТ-ийн Боинг-737 онгоц Чингис хаан Олон улсын нисэх буудалд буухаар доошилж байхад буух зурваст нь цас цэвэрлэх машин ажиллуулж осол гарахад хүргэсэн ноцтой зөрчил гарсныг ИНЕГ-ынхан нууж байгаа юм билээ. Тухайн үед Боинг-737 бууж чадалгүй дахин өндөр авч, агаарт 30-40 минут хий эргэлдсэнээс илүү зардал гараад зогсохгүй, зорчигчдын амгалан тайван байдал алдагдахад хүрчээ. Нөхцөл байдал ийм байхад байдаг л асуудал, гардаг л зөрчил мэтээр тус газрын удирдлагууд жишимгүй байгаа нь гайхмаар. Энэ мэт хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй байдал ч тус газарт хэвийн үзэгдэл болж байх шиг. Магадгүй тус газрын удирдлагууд хөрөнгө, мөнгө рүү чиглэсэн асуудалд илүү анхаараад мэргэжил, ёс зүй, аюулгүй байдал руу чиглэсэн асуудлуудыг орхигдуулаад байна уу гэж болохоор зүйлүүд ч ажиглагдаж байна.
Баримт 1
МИАТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Аэробус-310 онгоцыг өмнөх Засгийн газрын үед 7 тэрбум төгрөгөөс буулгалгүй зарах шийдвэр гарсан байдаг. Гэтэл тус компанийн дэд захирлаар томилогдоод удаагүй Билэгсайхан МИАТ компанийн удирдлагуудад мэдэгдэлгүй дур мэдэн /охиноо дагуулан явж/ Туркийн талд 5 тэрбум төгрөгөөр зарах гэрээ байгуулж ирсэн байна.
Баримт 2
Өнгөрсөн сарын 8-нд Наритагаас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн МИАТ компанийн ОМ-0502 рейсийн Боинг 737 онгоцны энгийн ангиллын X эгнээний ABC суудалд суусан зорчигчид /өндөр албан тушаалын нэр бүхий эрмүүд/ архидаж нисэх экипажийг үйлчлэгчээр удаа дараа дуудуулан дарамталж, архи гаргуулан авч уусан байна. Улмаар согтсон эрхмүүдийн дуу чангарч, элдэв хараал урсган зорчигчдын тав тухыг алдагдуулсан зохисгүй явдал гарчээ. Гэтэл энэ талаар гаргасан иргэдийн гомдлыг хүлээж авсангүй.
Баримт3
Хоёрдугаар сарын 24-нд Аэро-Монголия компанийн JU -8251 дугаартай foker-50 онгоцны гурван сэнс, мөн их биеийнх нь өехий хэсгээр ихээхэн гэмтэл гарсан байсныг нуун дарагдуулжээ. Ноцтой гэмтэлтэй онгоцоор зорчигчдод үйлчилж байгааг ИНЕГ-ын үүрэг гүйцэтгэгч С.Буяндалай тас нуусан нь нисэхийн аюулгүй ажиллагаа хэрхэн маш ноцтой зөрчигдөж байгааг харуулж байна.
Баримт 4
Одоогоос долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 10-нд Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд ОМ-136 рейсийн нислэг үйлдсэн МИАТ-ийн Боинг агаарын хөлгийн Берлинээс Улаанбаатарын чиглэлд нисэх үүрэгтэй нисэх багийн бортинженерийн үүрэг гүйцэтгэх томилолт өвөртөлсөн хөлгийн инженер согтуу, үүрэг гүйцэтгэх чадваргүйн улмаас Улаанбаатараас Берлиний чиглэлд нислэг гүйцэтгэж очсон бортинженерийг буцаан нислэгийн үүрэг гүйцэтгүүлсэн байна. Ингэснээр нислэгийн хөдөлмөрийн баталсан цагийг олон цагаар хэтрүүлж хууль, дүрмээ ноцтой зөрчсөн байна. Гэтэл зөрчил дутагдлыг хянаж, засч залруулах үүрэгтэй ИНЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Буяндалай аль ч учраа олохгүй байгаа юм уу, яаж суудалдаа үлдэж жинхлэх вэ гэдгээс өөрийг анхаарахгүй байгаа юм уу, бүү мэд.
Баримт 5
ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Буяндалайг томилогдсоноос хойш тус газар хувийн компани, өндөр албан тушаалтнуудыг санхүүжүүлж байдаг тусгай объект болсон гэх шүүмжлэл хэвлэлээр гарах болсон. Тухайлбал, энэ сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллахдаа ИНЕГ-аас унаа дайчилсан байх жишээтэй. Хуурай ах, дүү хоёрын хувийн ашиг сонирхол ч олон зүйлээс харагдаж байгааг эрэн сурвалжилснаа дараагийн дугаарт хүргэх болно.