Б.УРАН, Б.ЗАЯА

“ХАНГАЙ” БУУДАЛ ЯМАР БАЙСАН БЭ
“Хангай” зочид буудлын барилга одоо балгас ч гэлээ загвар хийцийн хувьд гологдохооргүй. Орчин үеийн цаасан байшингуудтай харьцуулахад жинхэнэ капитал барилга гэж хууччуул ярьдаг юм билээ. Барилгын хийцийн хувьд маш сайн шийдэлтэй, төмөр карказан цутгамлыг хольж босгосон гэж тэр үед залуухан инженер байсан нэгэн ярьж өглөө. “Хангай” зочид буудал ер нь ямар байсан бэ. Тэнд ажиллаж байсан хүний яриаг буулган, дүрслэх гээд үзье. 1982 оны үед баригдсан уг буудлыг ердөө аравхан жил ашигласан. Тухайн үедээ орос, польш, чех, болгар, германууд буудалладаг байсан. Тэр үед гадны мэргэжилтний өмнө бараг сунаж мөргөх нь холгүй хүндэлдэг байсан гэх. “Хангай” зочид буудалд ихэвчлэн манай улсад удаан хугацаагаар ирсэн гадныхан буудалладаг байсан. “Хангай”-гаас 20-иод жилийн өмнө баригдсан “Алтай” зочид буудлыг голдог байсан гэнэ. Хэд хоногоор ирсэн хүмүүс “Алтай”-д, харин нэг хоёр жилээр ажиллахаар ирсэн нь “Хангай”-д буудалладаг байж. Гэтэл одоо 50 гаруй жилийн түүхтэй “Алтай” зочид буудлын барилгыг “Цэцэг” болгон нэрийг нь өөрчилж, тун ч сайхан додомдоод авчихсан байгаа. “Хангай” зочид буудлын бүх давхрыг ашигладаг байсан. Тухайн үедээ л хамгийн тансагт тооцдог байсан Румыны модон барилгуудаар иж бүрэн тохижуулж, Их дэлгүүрт өдөр шөнөгүй дугаарлан байж авдаг байсан 700-гийн орыг хэрэглэдэг байсан гэнэ. Оросууд манайхаас гарч явсны дараа уг барилгын байж болох бүх зүйлийг нь тоноод дуусгасан. Одоогийн эзэндээ ирэхдээ хэдэн хүний гар дамжсанаас хаягдаж хоцорсон шалтгаантай ажээ.
ДЭД БҮТЦЭД АСУУДАЛ БАЙХГҮЙ
“Хангай” буудлын балгасыг яагаад өдий олон жил ашиглахгүй байлгаад байна вэ. Энэ асуултанд хувийн өмч гэсэн ганцхан хариулт бий. Бусад нь ойлгомжгүй. Зарим хэвлэлд бичсэнээр уг барилгын шугам хоолой, дэд бүтцийг бүгдийг салгачихсан, бүтээн байгуулалтын үед өөрчлөлт хийсэн гэх. Хэрэв дахин ашиглах болвол байшинг нурааж, шинэ барилга барихаас ч өндөр өртөгтэй гэж байв. Гэвч үгүй бололтой. Тухайн үед өмч хувьчлалын ажлын хэсэгт байсан инженерийн хэлснээр дэд, бүтэц шугам сүлжээ нь бүгд хэвийн гэнэ. Засвар хийх гээд зочид буудлын дээд хэсгийг нь түр хааснаас биш бүгдийг салгаагүй ажээ. Барилгын шугам сүлжээний гол хэсэг нь Солонго рестораны доод талд байдаг. Тэндээс цахилгаан дулаанаа авдаг байсан. Одоо ч хэвээрээ. Дахин ашиглахад ямар ч асуудал байхгүй, зориулалтын шугам сүлжээ нь бэлэн гэнэ. Гэвч 30 гаруй жилийн түүхтэй уг барилгын сууринд цууралт үүссэний улмаас мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ барилгыг нураасан ч оронд нь шинэ байшин бариад ашиглахад асуудалгүй ажээ.
ЖАГААД ОЛОН ТӨСӨЛ БИЙ
Бизнесийн байгууллагууд Буянгийн Жагаад уг барилгыг өөрчилж, янзлах хэд хэдэн санал өгч байсан удаатай гэнэ. Бас нэгэн эх сурвалжийн хэлснээр Их Дэлгүүрээс урагш усан оргилуурын доогуур хөндийлөн байгууламж хийж, “Хангай” буудалтай холбох төсөл ч байжээ. Тэр нь оюутан, залууст зориулсан иж бүрэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор болох учиртай байж. Гэвч юун дээр гацсан нь тодорхойгүй. “Хангай” буудлын барилгыг барьцаанд тавьж зээл авсан гэх сураг ч байх юм. Ямар боловч хотын “А” зэрэглэлийн бүсэд амгалан дүнхийж буй уг барилгын түүх ийм.