Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Сайн­шан­даас Замын-Үүд сумын удирдлагуудтай уулзалт хийлээ. Хаврын их бүтээн байгуулалтад шаард­лага­тай бараа, түүхий эд материалыг Замыг-Үүд боомт дээр түгжрэл үүсгэж саатаахгүйн тулд хил, гааль дээр ямар зохи­цуу­лалтууд хийх шаардла­гатайг газар дээр нь судлан тодруулж, шуурхай арга хэмжээ авах нь тус суманд ажиллах зорилгуудын нэг болохыг Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд тодотголоо. Ирэх  сарын 1-нээс тус боомт дээр ачаалал үүсч, өдөрт 8000 шахам хүн, 1500 шахам тээврийн хэ­рэг­сэл хилээр дамжин өнгөрдөг ба оргил ачаал­лын үед ачаа 20 хүртэл хоногоор саатдаг байна. Хил гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэхээр эхлүүлсэн хэд хэдэн ажил байгаагийн эхний гол ажил нь шинэ терминаль тавих. Өдгөө ачаа тээвэр, зорчигч тээвэр нэг тер­миналиар нэвтэрч байгаа нь ачаалал үүсгэх үндсэн шалтгаан болж байгаа. Гурван жилийн өмнө төсөл төлөвлөгөө нь гарч, хө­рөнгө мөнгө нь бүрэн шийдэгдчихсэн бай­хад ажил ингэж удаа­ширсан нь гүйцэтгэгчийн сэтгэл­гүй хандлагатай хол­боо­той гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр шүүмжилсэн.  Ийнхүү төрөөс шийдэл хүлээсэн саад бэрхшээл байхгүй тул шинэ терми­налийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор багтаан хүлээлгэн өгөхийг Ерөн­хий сайд холбогдох яамд болон орон нутгийн удирд­лагуудад үүрэг болголоо.

Ачаалал бууруулах хоёр дахь шийдэл бол це­ментийн тээвэрт зохи­цуу­лалт хийх. Замын-Үүд дээр оочер дараалал үүсгэн олон хоногоор саат­даг гол бараа нь цемент бөгөөд өнгөрсөн онд л гэ­хэд 800 мянган тонн це­мент За­мын-Үүд боомтоор орж иржээ. Өөрөөр хэлбэл, боомтоор нэвтэрч буй том оврын ачаа тээврийн ав­томашины 60 шахам хувь нь урд хөршөөс цемент зөөсөн автомашин байдаг аж. Авто тээврээр орж ирж буй нийт це­ментийн тал хувийг төмөр замын тээ­вэрлэлтэд шил­жүүлэх за­маар үүнийг зохицуулах боломжтой. Төмрийн хү­дэр тээвэрлэн Хятадын хил рүү гарч байгаа дотоо­дын вагонд Эрээн хотоос цементээ ачин төмөр за­маар Улаан­баатарт шууд хүргэдэг болчихвол За­мын-Үүд дээрх бөглөрөл 50 хувь буурна гэж Эдийн засгийн хөгжлийн яамныхан тоо­цоолжээ. Үүнийг шийд­вэр­лэхэд онцын саад байхгүй, зөв зохицуулалт л хэрэгтэй байгааг ч Эдийн засгийн хөгжлийн сайд хэлж байв.

Олон улсын дүрмийн дагуу ингэж тээвэрлэлт хийх бүрэн боломжтой ба гагцхүү цементийн сав­лагааг шийдэх, мөн Улаан­­баатарт хүлээлт үүс­гэхгүйгээр буулгадаг байх зохицуулалт хэрэгтэй аж. Эдгээр асуудлыг зурга­дугаар сарын 1-нд багтаан шийдвэрлэж, төмөр за­маар цемент тээвэрлэж эхлүүлэхийг Ерөнхий сайд Монголын төмөр зам, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох бай­гуул­лагын удирдлагуудад даал­галаа.

Өмнөх жилүүдэд эхлэл нь тавигдсан эдгээр аж­лаас гадна хил гаалийн үйл ажиллагааг шуурхай бол­гох өөр нэг томоохон зо­рилтыг Шинэчлэлийн Зас­гийн газар өмнөө тавьсан. Энэ бол Замын-Үүд боомтод олон улсын ложистикийн төв бай­гуулагдах ажил юм. Ийм төвтэй болсноор хил гаа­лийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна хяналт шалгалтын чанар сайж­рах, боомтын ачаалал буу­рах зэрэг чухал үр дүнгүүд гарна. Нийт 400 га газарт зөвшөөрөл авсны 128 га-д үндсэн төвийг байгуулж, үлдсэн талбайд гаалийн баталгаат агуулах, хөл­дөөгч, зоорь, хорио цээрийн лаборитори болон савлах, ачих, хүргэх бүх шатны ажиллагааг гүй­цэт­гэх дагалдах байгуу­ламжууд байгуулна. Ма­шинаас машинд, эсвэл вагонд шилжүүлэн ачи­хаас эхлүүлээд олон төр­лийн бизнесийн үйлчил­гээг төвлөрүүлэх ложис­тикийн төвийг 2015 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байгааг Ерөн­хий сайд хэтэрхий урт хугацаа байна гээд нааш­луулах талаар эргэн яри­хаар боллоо.  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.