М.ЦЭЦЭГ

Улс төрийн намуудын дарга нар өчигдөр Төрийн ордонд уулзлаа. УИХ-ын сонгуулиас хойш тэд анх удаа цуглав. УИХ-д суудалтай болон суудалгүй намын дарга нарыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог нар уулзахаар урилга илгээсэн байна. Учир нь намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын даргын захирамжаар гурван ажлын хэсэг байгуулсан. Үүнд, Л.Цог ахлагчтай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг. Мөн Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсэг. Гурав дахь нь С.Баярцогтын ахалсан Улс төрийн намуудын тухай хууль болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг юм. Энэ удаад улс төрийн нам, түүний санхүүжилт, гишүүнчлэлийн талаар санал солилцсон. Уулзалтад Ардчилсан намаас С.Баярцогт, Р.Бурмаа, МАН-аас Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар, МАХН-аас Л.Цог, МҮАН-аас Г.Уянга, Д.Батцогт, ИЗНН-аас С.Дэмбэрэл, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Эх орон” намаас И.Эрдэнэбаатар, МНН-ын дарга О.Бум-Ялагч, ИХН-аас Г.Занаа, “Хамуг Монгол” намаас Ц.Шинэбаяр нар ирсэн байв.
Уулзалтад үг хэлсэн хүн бүр улс төрийн намууд нэг дүрмээр тоглодог болъё гэсэн юм. Сонгуулийн үеэр нэг гараанаас гарч, нэг барианд орохыг хүсч буйгаа жижиг намуудын төлөөлөл хэллээ. Түүнээс нэг хэсэг нь өмчтэй, хөрөнгөтэй, хотын төвд хэдэн давхар байртай, баяжсан дарга нартай, нөгөө хэсэг нь хотын захын байшинд хэдэн жил амьдрах нь зохимжгүй гэж үзэж байгаа аж. Иймд намуудын өмч хөрөнгийг хураах, санхүүжилтийг нэг мөр болгож нэг төвшинд очиж байж бодлого, ажлаараа уралдахыг уриалж байгаа аж.
Төрийн дээр гарсан намуудыг байх газарт нь буулгаж тавья гэсэн саналыг УИХ-ын дэд дарга Л.Цог хэллээ. Түүний саналыг олон хүн дэмжлээ. МНН-ын дарга О.Бум-Ялагч муугаар ярьвал мафийн бүлэглэлүүдийн тоглоомын дүрмийг нэг болгож хатуу гишүүнчлэлгүй байя гэсэн саналыг хэллээ.
Угийн хэг ёг үгтэй “Буян”-гийн Б.Жаргалсайхан том намуудыг зад шүүмжилж, идэж уудгаар нь дуудлаа. “Хууль гаргана гэж 23 жил зөндөө л ярилаа. Амархан шүү дээ. Гадаадаас хуулаад нь муруй сарий юм хийчихнэ. МАН төр бариад хагартлаа баяжсан. Хамгийн сүүлийн жишээ МИАТ.Тендерээс нэг иднэ, “Эрдэнэт”-ээс бас иднэ. Тэгээд тэндээсээ сонгуулийнхаа мөнгийг босгоно. Улс төрийн тогтолцоо ингэж л явж ирсэн шүү дээ. Харин одоо сонгуулийн хуулийг өөрчлөхдөө нээлттэй л болгох хэрэгтэй. Намуудыг гишүүнчлэлгүй болгоё. МАН-ын өмч хөрөнгийг бүгдийг нь яаралтай хурааж авъя. Ард түмний л өмч юм чинь. Тэглээ гээд цаадуул чинь ходийхгүй, цаанаа зөндөө юмтай үлдэнэ. Ардын намыг хотын төвөөс гаргаж Мах комбинатын хашаанд байдаг байшинд хэвтүүлвэл таарна. Үхвэл л гэж. Манай нам үйлдвэрт хэдэн жил хэвтээд үхээгүй л байна даг. Өнгөрсөн сонгуулиар АН-ынхан МАН-ыг дарж авсан нь сайн, маш зөв. Луйварчдыг луйврын аргаар дарсан нь зөв. Одоо болно. МАН шиг ялзрав. Наад компъютерийнхээ луйврыг АН больчих. Тэнэг би ч мэдээд байна” гэлээ.
Ардын намын гишүүн Ц.Мөнх-Оргил юуны өмнө Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг судлах ажлын хэсэг хуралдах учиртайг хэлэв. Тэгвэл сонгуулийн хууль болон улс төрийн намуудын санхүүжилт, тоглоомын дүрэм тодорхой болох учиртайг хэллээ. Тэрээр намын гишүүнчлэлийг хөндөх шаардлагагүй, Үндсэн хуульд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тунхагласан гэдгийг онцлов.
“Эх орон” намын И.Эрдэнэбаатар ч тоглоомын дүрмээ тодорхойлж бүх нам нэг гараанаас уралдаж нэг барианд ордог байя гэсэн саналыг хэлэв. Мөн МУНН-ыг төлөөлж ирсэн н.Өнөрбаяр АН-ыг тэнсэнд нь гаргаж хааяа нэг баяр ёслолоор урьж залж цай уулгах маягаар байлгая гэсэн санааг хэллээ.