Д.МЯГМАР

 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ажлаа аваад хагас жилийн хугацаа өнгөрчээ. Түүнтэй сонгууль тойрсон асуудлаар ярилцлаа.

 

-МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн. Орон нутгийн сонгуулийн үр дүн ямар байв?

-Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлыг  аваад би зургаан сарыг ардаа үджээ. Хэд хэдэн сон­гуулийн кампанит аж­лыг зохион байгууллаа. Үйл явдал ихтэй хэдэн сар өнгөрлөө. Шинэчлэлийн талаар намын даргын бод­логыг дэмжиж са­нал, бод­лоо ч тусгуулсан.

Өнгөрсөн оны арван­нэгдүгээр сард дүүргийн ИТХ-ын сонгууль болсон. Сонгуулийн бэлтгэл хан­гах, амжилттай оролцох хөтөлбөр гаргах зэргээр ажил ихтэй жил байлаа.

-Орон нутгийн сонгуу­лиар та бүхний тооцоолж байсан үр дүн гарсан уу?

-Сонгуулиар 50 ху­вийн амжилт гаргасан. Өмнө нь УИХ-ын сон­гуулиар нийслэлд ч суудал авч чадаагүй манай нам цөөнх болсон. Үүнтэй харь­­­цуулахад орон нут­гийн сонгуулиар дөрвөн дүү­рэгт ялалт байгуулж, нэг дүүрэгт хоёр намын аль нь ч олонх болсонгүй. 

-Орон нутгийн  сон­гуульд танайхан дөрвөн дүүрэгт ялалт байгуул­чихаад зарим тойрогт За­саг даргын суудалд  “эзэн”  болж чадсангүй. Ямар ч барилдаанд ноёны бөх ялдаг шиг үйл явдал болоод байх шиг. Та үүнийг зүгээр л хараад суусан уу?

-Чингэлтэй, Багахан­гай дүүрэгт бид ИТХ-ын дарга болон Засаг даргын суудлаа авлаа. Сонгино­хайрхан дүүрэгт олонх болсон. 41 суудлаас 22-ыг нь манай нам авсан. Гэтэл иргэдийн сонголтыг АН хүлээн зөвшөөрөхгүй хүч түрэмгийлсэн байд­лаар хандсан. АН-ынхан За­саг даргын  суудлыг өөрсдөө авах ёстой гэж тулгасан. Нийслэлийн МАН-ын хо­рооны даргын ху­вьд үүнийг хүлээн зөв­шөөрч болохгүй. Бид энэ мар­гааны эцсийг үзтэл явах ёстой.

Гэхдээ манай нам, дүүр­­гийн хорооны дарга нар АН-ын удирд­ла­гууд­тай уулзаж аль бо­лох төрийн ажлыг гацаал­гүй, иргэдийг ч чирэг­дүүлэхгүй үүднээс зөв­шөөрсөн юм билээ. Манайхаас Засаг даргад нэр дэвшсэн хүмүүсийг Нийслэ­лийн Засаг дарга Э.Бат-Үүл батламж­лаа­гүй. Гацаанд орохгүй гэх­дээс энэ асууд­лыг тэдний хүссэнээр шийд­лээ. Багануур дүү­рэгт бас энэ асуудал дав­тагдсан.

-Багануурт Засаг дар­гын өрөөний хаалгыг эв­дэж, шөнө тамга булаасан хэрэг гарсан.  Бас Засаг дарга руу гутлаа шидэж, сандал, ширээ эвдэж зо­долдсон юм биш үү. Олон­хийн санал аваагүй хэрнээ засаг барьж байгаа нам учраас манайх дүүргийн Засаг даргын суудлыг авна гэхээр шог зан биш үү?

-Хаана ч гэсэн улс төрийн халуун тогоонд янз бүрийн л сонин үйл явдал, хэрүүл, тэмцэл болдог. Янз бүрийн л ааш, аран­шин­тай хүмүүс улстөрд орж ирж байгаа. Тэр болгон бусдын бодол санааг дагаад байхааргүй хурц хүмүүс улстөрд орж ирдэг.  Үүнийг огцом хүлээж авах хэрэггүй. Гадаадын зарим орны парламентынхан ч гэсэн зодолдох тохиолдол гардаг. Гэхдээ монголчууд  улстөрийн соёл­доо анхаа­рах цаг иржээ.

Ардчилсан засаг­лал­тай оронд бүх нийтийн сонгууль явуулаад ялалт байгуулчихаад байхад хү­лээн зөвшөөрөхгүй гэхээр ардчиллаас ухарч байгаа хэрэг биш үү.

Таны хэл­сэнтэй санал нэг байна. За яах вэ, тухайн үедээ АН ялсан мэт дүр гаргаж байгаа ч ард олонд энэ увайгүй байдал нь эцсийн мөчид таа­лагдахгүй л байх. Мон­голын ард түмэн ухаантай улс. АН хэдийгээр хүч түрэн бүхнийг хийж чадаж байгаа мэт боловч хэзээ нэг цагт ямар нэг байдлаар олон нийтээс авах үнэл­гээгээ бууруулж байгаагаа мэдэхгүй л байна. МАН олонх болсон то­хиолдолд АН-ынхан шиг үйлдэл гаргахгүй гэх баталгаагүй. Гэлээ гэхдээ бид ийм увай­гүй, утаггүй зан гар­гахүй. Харин төрийн аль нэг салбарт ийм хувилбар давтагдахыг үгүйсгэхгүй.  Манай на­мын хоёр ги­шүүний тан­гаргийг өргүү­лэхгүй шүү­хээр далайл­ган, буцааж татна гэх мэ­тээр сонин юм болж байна. Шүүх, цагдаа, хуулийн­хан нэг хүчний мэдэлд орохоороо ямар болдгийг харлаа. АН хүч түрэх үзэг­дэл бүх шатанд бий бол­сон.

-Хороодын Засаг дар­гын сонгууль буюу Иргэ­дийн нийтийн хурлын сонгууль бас дан ганц АН-ын хүрээнд болсон гэж танай намаас шүүхэд гомдол гаргасан юм уу?

-2013 он гараад удал­гүй хороодын Иргэдийн нийтийн хурлын сонгууль болсон. Баянгол, Баянзүрх дүүргийн хувьд ийм асуудал гарсан. Нэг л өдөр дээрх дүүргүүдэд хороо­дын Засаг дарга нарыг бөөнөөр нь ажлаас нь чө­лөөлсөн. Оронд нь АН-аас үүрэг гүйцэтгэгч хэмээн хорооны Засаг дарга на­рыг томилсон байна лээ. Энэ бол Үндсэн хууль зөрч­сөн үйлдэл мөн. Ерөн­хий сайд өмнө нь хоёр аймгийн Засаг даргыг хууль бусаар үүрэг гүйцэт­гэгч томилоод удал­гүй гаргасан шийд­вэрээ хү­чин­гүй болгосон. Хорооны Засаг даргын сонгуульд дээрх байдал давтагдсан. Хуулиар бол асуудал нь хөндөгдсөн хүн өөрөө шүүхэд хандах эрх­тэй юм билээ. Хо­роо­ны Засаг даргаар ажиллаж байгаад хууль бусаар үүрэг гүцэтгэгчид ажлаа өгсөн нөхдүүд шүүхэд гомдол гаргаад эхэлсэн. Иргэ­дийн ний­тийн хурлын даргыг сон­гохдоо АН олон хуулийн заалт зөрчсөн. Одоо бай­гаа  тэргүүлэгчид сонгууль болохоос хэдэн өдрийн өмнө хуралдсан хэрнээ хорооны Засаг даргыг сонгох хурлын талаарх мэдээллийг олонд хүргээ­гүй байсан. Зарим дүүрэгт бүтэн сайн өдрийн 6.00 цагт хурлаа хийсэн байдаг. Бид энэ мэт олон асууд­лаар шүүхэд хан­дахаар авч хэлэлцдэггүй. АН-ынх­ныг гомдол гаргахаар шүүх нь тэр дор нь авч хэлэлцээд шийдвэр гаргадаг байд­лаар ажил­лаад л байх юм. Нийгэм ийм замбараагүй болохоор МАН-ын нөхөд маань үнэний төлөө явахаас няцах болсон. 

-Улстөрд сүүлийн үед гарч байгаа дайрах үзэгдэл АН засгийн эрх барьж,  олонх болсондоо аархаж байгаа үйлдэл үү. Эсвэл МАН-ын дарга нарын хувийн араншин ширүүн, хурц бус, намуу­хандаа ингэж дээр­лэхүүлэх болов уу?

-Манай дарга нар хууль зөрчиж, дураараа аашилж байгаа нөхөдтэй чадах хэрээрээ үзэлцэж байгаа. Хэвлэл, мэдээл­лийн хэрэгслээр биднийг дэм­жих хандлага тааруу, үгээ хэлэх боломж нь ч хаалт­тай шахуу болсон байна. Бид үнэндээ тэ­рүүхэндээ  бухимдаад л өнгөрч бай­гаа.  Монгол­чууд энэ байд­лыг хараад дотроо нэгийг бодож бай­гаа биз. Сон­гууль нэгээр дуусахгүй шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн чимээ хэдийнэ гарчээ. Одоогийн Ерөн­хийлөгч маань телевизээр бууз хүртэл чимхээд, твитрт хоёр ч хаягаар жиргээд сүрхий “амь орж” байна. Танай намын хувьд бас сонгуульд сойх хү­мүүсийнхээ нэрийг тод­руулсан биз дээ?

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил үнэхээр амаргүй. Манай на­мын­хан ярилцаад 6-7 хүнийг Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшүүлэх бо­ломжтой гэж үзсэн. Тэд­ний дотор УИХ-ын ги­шүүн болон гишүүн бус ч хүн бий. Өмнө нь бид Ерөн­­хийлөгчид нэр дэв­шүүлэх хүмүүсээ бага ху­рал дээр ярьж намын Удир­­­­дах зөвлөлөөр хэ­лэлцээд нэр дэвшүүлдэг байсан. Энэ арга явцгүй болсныг өнгөрсөн сон­гуулиар бид харлаа.

-Өнгөрсөн сонгуулиу­дын алдааг танай намынхан юу гэж дүгнэх вэ?

-Нэр дэвшигчдээ буруу сонгосон. УИХ-д гарцаагүй сонгогдох хүнийг хэсэг,  бүлэг  хүний хуйвалдаанаар тойргийн гадна үлдээхээр бид яаж ялалт байгуулах юм бэ.

-Та “СодМонгол групп” компанийн ерөн­хийлөгч Ц.Анандбазарыг хэлж байна уу?

-УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу гэх мэ­тээр олон хүн бий. Гар­цаагүй ялалт байгуулах хүнээ тойргийн гадна үлдээж болохгүй л дээ. Манай намын гишүүн байсан Х.Болорчулуун,  Ц.Даваасүрэн нар яасныг та бүхэн харсан. Намын даргатай хэл амаа олол­цоогүй гэдэг шалтгаанаар хүний улстөрийн эрхийг хааж болохгүй л дээ. Гэтэл тэр голсон хүмүүс нь бие даагч болоод УИХ-д сонгогдчих жишээтэй. Энэ мэтээр бидэнд алдаа, дутагдал байна. Тиймээс манай нам сүүлийн сон­гуулийн үеэр бүх гишүүн, дэм­жигчдээсээ санал ав­даг болсон. Орон нутгийн сонгуулийн дүн ч бидний ажил зөв байсныг батал­лаа. Одоо Ерөн­хий­лөгчийн сон­гуульд манай намаас сойж байгаа 6-7 хүнээ гар­цаагүй на­мын­хаа хэ­лэл­цүүлгээр оруул­на.

Нэгдүгээр сар гараад манай намын УЗ ху­рал­даж журам гаргасан. Дү­рэг, аймаг, сум, хо­роодод журмаа хүргэсэн. Манай намд Ерөнхийлөгч бол­чихоор чадалтай бо­ловсон хүчин зургаа, до­лоо­гоор тогтохгүй хангалттай бий. Хэлэлцүүлэг хоёр үе, шат­тай болно. Энэ сарын 3-наас ирэх сарын 3 хүртэл эхний хэ­лэлцүүлгийг явуулж бай­на. Тухайн үүр, намын байгууллага иргэ­дээсээ Монгол Улсын Ерөн­хий­лөгч ямар хүн байх вэ гэсэн шалгуурыг гаргаж ирэх юм. Аль нэг улс­төрийн хүчинд үйлч­лэх­гүй, хуулийг дээдэлдэг гэх мэтээр олон шал­гуу­рыг гаргаж ирж байна. Ингэж бид намын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа. Иргэд ямар удирдагчийг хүсч байгааг бид эхлээд олж харна. Тэрнээс шууд л Дорж, Бат, Дулмаагийн нэрийг гаргаж дэмжихдээ биш шүү.

Хоёрдугаар шат нь дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 1-ний явагдана. Шалгуурт тэнцэж байгаа хүмүүсийг нэрлэнэ дээ. Нэг ёсондоо нэр дэвшигчийн сунгаа хийх юм. Дараа нь ги­шүүдийнхээ дунд нууцаар санал хураалт явуулна. Хамгийн олон хүний са­нал авсныг нь бид Ерөн­хийлөгчийн сон­гуульд нэр дэвшүүлнэ.

-Өмнө нь намдаа их хэмжээний мөнгө хаясан, бийлэгжүү, эрх мэдэлд хүрсэн нөхдийг сонгуульд сойдог байсан. Энэ удаа хэлэлцүүлгийн дүнгээр гарч ирсэн хүнийг ямар ч асуудалгүй Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үү?

-Ард түмний Ерөн­хий­лөгчийг ард түмэн дот­роосоо сойж, сонгож гар­гаж ирэх нь зөв сонголт юм.  Дүүргүүдийн намын үүрүүдэд хэлэлцүүлгийн санал авах байруудыг бэлдсэн байгаа.  Манай гишүүд, иргэд маань ирж саналаа өгөөрэй. Таны өгсөн саналд тулгуурлан бид зөв хүнийг Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. 

-Сонгуульд ялагдсан танай намын лидерүүд яагаад цацсан шагай шиг бутарчихав?

-МАН ялагдсан үедээ эвлэлдэн нэгдэж хүчээ нэгтгэх ёстой. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ялагдах ёсгүй. МАН-ыг сонгуульд ялалт байгуулсан үед нь албан тушаал авчихаад бусад үед нь хаяж явж болохгүй л дээ. Одоо энэ сонгуулийн ажилд бүгд оролцох ёстой.

-Ялагдал хүлээсэн та­най намын лидерүүд хаа­гуур явна. Хувийн биз­несээ хөөгөөд намын аж­лаа хаяад алга болчихсон уу?

-Энэ бол хоёр талтай асуудал. Дийлэнх нь “Нам хүнд байгаа үед бид тус, нэмэр болж ажилламаар байна” гэцгээж байна. Ма­най намын Удирдах зөвлөл хянал­тын танхим байгуулж ажил­луулах жу­рам ба­талсан. Сүүдрийн Засгийн газар гэж  нэр­лэдэг дээ. Тэр сүүдрийн танхимд өмнө нь тухайн салбартаа бодлого барьж, өндөр алба хашиж байсан турш­лага­тай хүмүү­сийг тавьсан. Намын бүх гишүүдээ хөгшин залуу, хуучин, шинэ гэлтгүй ажилдаа оролцуулах бод­лого барьж байгаа.

-Дүүргийн намын хо­рооны дарга нар ажлаа өгсөн гэсэн. Тэд хаагуур явна. Намынхаа ажилд оролцож байна уу?

-Орон нутгийн сон­гуульд ялагдал хүлээсэн дарга нарт улстөрийн ха­риуцлага тооцсон. Баянгол дүүрэгт  Л.Амга­лан даргын оронд Ж.Батсай­хан гэж залууг то­милсон. Орон нутгийн сон­гуулиар ИТХ-д нэр дэвшсэн залуу бий. Л.Амгалан дарга га­даа­дад хэлний чиглэлээр сурал­цаж, номын дуу сонсч өөрий­гөө боловс­руулж байгаа.  Мөн Баян­зүрх дүүрэгт Б.Батзориг дарга намынхаа ажлыг хүлээл­гэж өгсөн. Түүний ажлыг Н.Баярмөнх гэж залуу хүлээж авсан. Залуусын хүчээр бид дүүргийн на­мын хорооны хүчийг сэл­бэж байгаа. Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга П.Баярмагнай өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд гадаадад сургуульд явсан. Түүний ажлыг намын хорооных­ноос хамгийн олон санал авсан Г.Төмөрбаа­тар хү­лээж авсан. Энэ хүмүүсийг хотын намын хорооны бодлого, эсвэл энэ хүнийг сонго гэж зааж, чиглүүлээгүй. Ги­шүүд маань өөрсдөө хэ­лэлцээд даргаа сонгосон. Хан-Уул дүүргийн намын хороог одоо Ж.Алдаржавх­лан дарга хариуцаж, Л.Энх-Ам­галангийн  оронд очсон. Багануурт Ц.Сандаг-Очир, Сон­ги­но­­хайрхан дүүргийн на­мын хороог Д.Сумъяа­базар дарга удирдаж бай­гаа. Чингэлтэй дүүрэгт Д.Ганболд дарга намын ажлаа үргэлжүүлэн хийж байгаа  шүү. 

-Зарим хүн таныг энэ хүнд үед “УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт намын ажлаа өгчихөөд сэтгэл амар сургууль, соёлын мөр хөөхгүй яав” гэх юм. Танай намын байдал хүн­дэрсэн үед даргын ажил хийгээд шантрах үе гардаг уу?

-Шантрана гэж байх­гүй. Залуу хүний хувьд надад нам итгэл хүлээл­гэж ажиллах боломж  олго­лоо. Төрийн албанд би цаг наргүй ажиллаж 17 жи­лийн ард гарчээ. Сайхан хамт олон, багийг би бүр­дүүлж чадсан. Сур­гуулийн мөр хөөж өөрий­гөө улам боловсруулъя гэж бодож байлаа. Намын дар­гын ажлыг аваад өөрийгөө “бо­лоогүй байна Сандуй” гэж голох үе гардаг шүү. Олон хүн “Та биднийг удирдаад явж чадна” гэж найдаж байхад би яаж шантрах билээ. Миний хувьд зөв алхам хийсэн шүү. Намын ажил төрийн албанаас өөр. Хүнтэй ажил­лана. Шөнө, өдрийг ялгалгүй хүмүүстэй уул­зана. Гэрт нь, уулзалт дээр, албан газарт нь гэх мэтээр хаана ч очсон асуудлаа ярьж, шийдүүлдэг байх хэрэгтэй. Өмнө нь ачаа­лалтай ажилладаг байсан ч намын дарга болоод түүнээс илүү ачаалалтай ажиллах болсон. Улстөрч, санхүүч гэх мэтээр олон ажлыг зэрэг хийдэг юм байна.

Гишүүд, дэмжигч­дэ­дээ намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалаа сайн таниулах ёстой болж бай­на. Хэн нэгнийг дагаад намд орж ирсэн хүний итгэл, үнэмшил төлөв­шөөгүй байдаг бололтой. Намд олноороо элссэн хүмүүсээ сургаж үүрүү­дийн ажилд идэвхтэй оролцуулах зэргээр хийх ажил их бий.