Өмнөд Африкийн экс Ерөнхийлөгч Нельсон Манделагийн хамгийн дотны найзуудын нэг, өмгөөлөгч Жорж Бизос “Мандела ой санамжаа алдаж, хамтран зүтгэж явсан хүмүүсээ санахаа больчихоод байна. Хааяа ийнхүү мартамхай болж байгаа нь сэтгэл зовоох боллоо” хэмээн ярьжээ. Ж.Бизос эдүгээ домог болон ард үлдсэн алдарт Ривонийн шүүх хурал дээр апартейд дэглэмийн төлөө тэмцэгч залуу Нельсон Манделаг өмгөөлж цаазын ялыг нь өөрчлүүлж, 27 жилийн хорих ял болгож чадсан юм. Тэрээр арваадхан хоногийн өмнө найзыгаа Иоханнесбург дахь гэрт нь эргэж очжээ. Н.Мандела саяхан эмчийн үзлэгээр орж хоёр хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон аж.
Экс Ерөнхийлөгч Алцгеймер өвчнөөр шаналж байж магадгүй байна. Хэвлэлүүд энэ талаар аль хоёр жилийн өмнөөс бичиж байгаа билээ. Эрх баригчид түүнийг сайн, эрүүл байна хэмээн мэдэгдсээр байгаа ч Мандела ой дурсамжаа алдах болсныг анх удаа ойр дотны хүн нь баталлаа.