Н.МӨНХЖИН
Катарын шейх Аль-Тани жил хагас хөөцөлдсөний эцэст Грек улсаас зургаан арлыг нь худалдаж авлаа. Тэрээр Эгийн тэнгист 8.5 сая еврогоор худалдаж авсан арлууд дээрээ тансаг зэрэглэлийн амралт, сувиллын төв байгуулахаар шийдээд байна. Гэхдээ энэ амралт нь зөвхөн Катарын шейхийн гэр бүл болон хүндэт зочдод нь зориулагдах аж. Мөнгө, нэр нөлөө ихтэй арабын хаан хүртэл тэдгээр арлыг грекүүдээс “мөнгөөр зодож” аван, нэр дээрээ бүртгүүлэх гэж жил хагас болсон нь Грекийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ярвигтай систем болон эдийн засгийн хямралаас нь болсон бололтой. “Манай арал, газар нутгийг худалдаж авах гэж байгаа бол Катарын шейх ч бай, энгийн иргэн ч бай бичиг баримт, бүртгэлийг нь цэгцлэх гэж ийм хугацаа зарцуулна” хэмээн Эхинада олтригийг засаг захиргааны бүстээ хамруулдаг Итаки мужийн захирагч өгүүлэв.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, Катарын хааны худалдаж авсан арлууд нь дээд зэрэглэлийн амралт, эдлэн газар байгуулахад нэн тохиромжтой газар аж. Тэдгээр зургаан арлын хамгийн том нь болох Охия ердөө л дөрвөн кв км талбайтай. Хараад дуу алдмаар булан тохой, хүний мөр гараагүй далайн элсэн эрэг, чидун жимсний төгөл шугуй нь хэний ч сэтгэлийг булаана. Гэвч Катарын хаан шинэ эзэмшилдээ хөндлөнгийн хүмүүсийг гишгүүлэх сонирхолгүй байна. Арлуудыг зөвхөн гэр бүлийн амралт цэнгээний газар болгох аж. Арабын шейх 18 сар хөөцөлдсөний эцэст бичиг баримт, бүртгэлийн асуудлыг нь цэгцэлсэн ч бас нэг хүндрэл гарч иржээ.
Грекийн хуулиар, газар эзэмшигч нь газар дээрээ 250 метр кв-аас илүү талбайтай барилга байшин босгохыг хориглодог байна. Катарын шейхийн хэлж буйгаар, зөвхөн ариун цэврийн өрөө нь л ийм зай эзлэх гээд байгаа аж. Зөвхөн гал тогоо нь гэхэд л 1000 кв метр талбай эзлэх ёстой ба эс бөгөөс зочдоо хооллож, ундлах боломжгүй болох гэнэ. Британийн “Guardian” сонин мэдээлж буйгаар, араб тэрбумтан Грекийн эрх баригчдад хандан энэхүү “балай” хуулиа өөрчлөхийг шаардаж байгаа аж.
Афины Засгийн газар эдийн засгийн хямралын эсрэг тэмцэлдээ бага ч болтугай нэмэр болохын тулд хүн амьдардаггүй зарим арлаа аялал жуулчлалын компаниудад урт хугацаагаар түрээслэх, мөн хувь хүмүүст худалдах, эзэмшүүлэх талаар ярих болсон билээ. Гэвч одоогоор үл хөдлөх хөрөнгийн өсөн нэмэгдсээр байгаа татвараа төлж дийлэхээ больсон хувийн арал эзэмшигч грекүүд л газраа худалдаж байгаа аж.
132 мянган км кв нутагтай Грек улсын газар нутгийн 20 хувийг Эг, Иони, Газар дундын тэнгис дахь том, жижиг арлууд эзэлдэг. Грекийн эх газраас далайд янз бүрийн зайд цацагдсан хоёр мянгаас илүүтэй тэдгээр арлын 12 хувьд нь л хүмүүс амьдардаг байна.
Грекийн Засгийн газар хүн оршин суудаггүй арлаа сонирхсон хүмүүст нь худалдаж, төсөвтөө нэмэр болох санал дэвшүүлж байгаа ч энэ нь олон шүүмжлэлтэй тулгарч байна. Яаж ч ядарсан газар нутгаа харь хүмүүст худалдах ёсгүй гэсэн шүүмжлэл их байгаа бол, эзэнгүй, ашигладаггүй арлуудыг зарахад буруу зүйл байхгүй гэсэн хүмүүс ч байгаа юм.