Шинэчлэлийн Зас­гийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Дорноговь аймагт ажиллаж байна. “Орон нутгийн хөгжилд Шинэч­лэлийн Засгийн газар онцгой анхаарал тавьж, аймгийн төвүүдийг хот болгох, сумын төвүүдийг орчин үеийн суурин газрын түвшинд хүргэхээр зорьж байна. Иймд энд буугаад мордох биш олон асуудлыг тогтон ярилцаж, тодорхой асуудлуудаар шийдэл, ойлголцолд хүрэ­хийг хүсч байна” гэж Ерөн­хий сайд Н.Алтан­хуяг аймгийн удирдла­гууд­тай хийсэн уулзал­тынхаа эхэнд тодотголоо. Хамгийн түрүүнд Сайн­шанд хотын ерөнхий тө­лөвлөгөө боловсруулж бай­гаа ажлын явцтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. “Дорноговь­чууд аж үйлдвэржсэн аймаг болох, аж үйлдвэрт түшиглэсэн дагалдах үйлд­вэ­рүүдийг олноор байгуу­лахыг зорьж байна. Энэ зорилтын ард ажлын байрууд бий болгох, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах олон эерэг гарах болно” гэж аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлээд хилтэй ойрхон байршилтай, дэд бүтцийн хөгжлийн давуу талтай, ашигт малтмалын нөөц баялагтайн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэн хөгжлөө түргэтгэх бүрэн боломжтойг тодотголоо. Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан төсөвтэй. Орон нутгийн төсөвт 2012 оны гүйцэт­гэлээр 18 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын тө­лөвлөгөөгөө долоон хувиар давуулан биелүүлжээ. 60 гаруй мянган хүн амтай энэ аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 2.6 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 30 тэрбум, 2013 онд 76 тэрбум төгрөг болж өссөн байна.

Нийслэлийн хүн амын төвлөрлийг хөдөө рүү чиг­лүүлэх төрийн бодлогын хүрээнд эхний ээлжинд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой аймгийн нэг Дорноговь. Хөгжлийн гурван тулгуур салбар нь ашигт малтмал, хөдөө аж ахуй, боловсруулах үйлд­вэр гэж аймгийн удирд­лагууд хэлж байв. Ашигт малтмалын нөөцийн хувьд, уран, газрын тос, зэс молибден, нүүрс, шохойн чулуу, цеолоит, жонш гээд то­моохон ор­дууд­тай, түү­нийг түшиг­лэсэн хайгуул, үйлдвэрлэл явагдаж байна.