Д.Сүрэн

 

“Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” -ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцсон бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 273 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд  “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх энэ үйл ажиллагаа нь нэг ёсондоо төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Эндээс л та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь чухал гэдгийг алхам тутамдаа мөрдлөг болгох ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцоллоо. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлсэн юм.