Үндэсний мэдээллийн төвд

Б.Заяа

Монголын залуучуудын холбооноос зарим хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны дэргэдэх “Залуучуудын хууль, эрхзүйн хороо”-ны гишүүд Улс төрийн намын тухай, Авилгатай тэмцэх тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд хатуу гишүүнчлэлээс татгалзах эсвэл 40 хүртэлх насны залуусыг гишүүнчлэлд элсүүлэхгүй байхыг тусгасан байна. Мөн  хатуу гишүүнчлэл бус дэмжигч гишүүдтэй байх тогтолцоог онцолж байв. Намын гишүүнчлэлээс залуусыг татгалзуулах талаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Сүүлийн үед залуус хэт намчирхах үзэлд автаж байна. Намаар дамжуулж нийгэмд оролцох жишиг үүссэн. Гэтэл энэ нь цөөн хүний эрх ашгийг идэвхжүүлдэг” хэмээн тайлбарласан юм. Түүнчлэн “Залуучуудын хууль, эрхзүйн хороо”-ны тэргүүлэгч Т.Өсөхболд “Манай улсад залуусыг улстөрийн намын дэргэдэх ТББ-аар дамжуулж томилж байгаа гажууд тогтолцоо бий болсон. Нөгөө талд нь намчирхлалаас үүдэж эрх ашиг нь зөрчигдөж байгаа олон залуус байгаа. Тиймээс аливаа албан тушаал, нийгмийн хөгжилд залуус намаар бус ур чадвараар оролцох эх үндэс нь намын гишүүнчлэлгүй байх явдал” хэмээн онцлов. Харин Авлигатай тэмцэх тухай хуулийн авлига өгсөн, авсан хоёр талыг шийтгэдэг заалтыг тэд эсэргүүцсэн. Авлига авсан талыг шийтгэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Авлига авч буй тал нь төрийн үйлчилгээнийхэн байдаг бөгөөд тэднийг шийтгэснээр авлигыг зогсоох боломжтойг хэлж байв. Тус холбооноос өнгөрсөн хугацаанд “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлсэн нь үр дүнгээ өгч, 8000 гаруй залуус нэгджээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд Монголын залуучуудын холбооноос нийгэмд хандаж архи тамхи, мансууруулах бодис, хүний наймааны аюулаас сэрэмжлүүлэх зар сурталчилгааг үнэ төлбөргүй цацах боломжийг зохицуулж өгөхийг хүслээ. Эдгээр хуулийн төслийг Залуучуудын холбооны олон мянгын гишүүн, дэмжигчдийн санал хүсэлтээр гаргасан, судалгаанд үндэслэсэн гэдгийг хурал зохион байгуулагчид онцлов. Тэд уг саналаа УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.