Ө.СОНОР

МАН гурав дахь өдрөө хуралдаж байна. Тэднийг Тусгаар тогтнолын ордондоо тусгаар хуралдаж байх хойгуур УИХ-ын дарга сонгогдож, зарим байнгын хороо, бүлгүүд байгуулагдчихав. Харин Ардын намынхан хуулийн хугацаанд бүлэг байгуулах саналаа хүргүүлээгүйгээс болж Төрийн ордноор дүүрэн сул гишүүнтэй боллоо. Ардчилсан намынхан хамтрах гишүүдтэйгээ цуг чуулганаа хуралдуулж даргатай болоод авсныг МАН-ынхан өөрийн байрнаасаа ажиглаж “Цэцэд өгнө өө” л хэмээгээд тайван ч юм шиг, тэвдүү ч юм шиг байдалд шилжсэн байна. Өчигдөр үдээс хойш үргэлжилсэн VI Бага хуралдаанаараа тэд Удирдах зөвлөлөө өөрчлөх тухай хэлэлцэж эхэлсэн байлаа. Эхэнд мэдэгдсэнээр бол У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нар Удирдах зөвлөлд орох бодолгүй байгаагаа дуулгасан гэнэ. Харин Төрийн ордон өчигдөр нам, жим үйл явдал цөөн өнгөрөв. АН-ынхны бүх талаас нь тайлбарлаж байгаагаар бол МАН-д одоо Бүлэгтэй болох ямар ч боломж байхгүй. Харин Ардын намынхан Цэцэд өгсөн маргаандаа ялалт байгуулж З.Энхболдыг даргаараа сонгосон УИХ-ын чуулганыг хүчингүй болгуулаад бүх зүйлийг эхнээс нь хийх юм шиг л яриад байна. Ийнхүү энэ долоо хоногийн улс төр эхнээсээ сонирхолтой өрнөж, МАН-ын гэдийлтээр үргэлжлэв. Гэхдээ МАН-ыхныг тусгаар тогтнолоын ордондоо Тусгаар байх хойгуур ард түмний амьдрал үргэлжилж, УИХ ч тэдэнгүйгээр хоёронтоо хуралдав. Албан тушаалаасаа огцрохтой одоог хүртэл санал эвлэрэхгүй байгаа МАН-ынхан түүхийг 72 цаг ухраахгүй л бол бүх зүйл нэгэнт болоод өнгөрлөө. Цэцийн шийдвэрээс шалтгаалж МАН-ынхан цаашид хэрхэх бол...