Б.ЗАЯА

Засгийн газрын өнгөрсөн оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчид тэмцлээ үргэжлүүлсээр байна. “Засгийн газрын тогтоолыг биелүүл”, “Ерөнхий сайд иргэдийн асуудлыг шийдвэрлэж өг” гэсэн уриа бүхий хүмүүс өчигдөр суулт зарлалаа. Орон байртай болохоор тэрүүхэндээ баярласан иргэд хөтөлбөрт хамрагдан 10-30 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг барилгын компаниудад төлж байсан үе нь яг жилийн өмнө байв. Гэвч хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн эхний хэсэг хүмүүсийн зээл шийдвэрлэгдэж орон сууцтай болсон ч дараа дараагийн хүмүүсийн зээл таг зогссон. “Өгөөмөр”, “Эко констракшн”, “Заг”, “Есөн бүрд”, “Жонаттан” зэрэг нэр бүхий компанид захиалга өгсөн 200 гаруй иргэн хохирч, холбогдох албаныханд удаа дараа хандсан ч орон сууцтай болж чадахгүй байсаар өдийг хүрч буй юм. Тиймээс тэмцлийн сүүлийн хэлбэрийг сонгож буй нь энэ аж.
ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ НЬ ТА НАРЫН АСУУДАЛ ГЭЖЭЭ
Иргэд хашаа байшин, машин, үл хөдлөх хөрөнгөө заран байж нэг насаар амьдрах орон сууцтай болохоор шийдсэн нь мэдээж. Тухайлбал, “Өгөөмөр” компанид захиалга өгсөн О.Уранцэцэгийнх урьдчилгаа төлбөр 12.5 сая төгрөг төлжээ. Тэрээр өнгөрсөн долдугаар сард хашаа байшингаа зараад, таван ханатай гэр барьж айлын хашаа түрээслэн амьдарч байгаа аж. Зээлд хамрагдаж чадаагүй учир урьдчилгаа төлбөрөө буцааж авахыг хүссэн ч 10-20 хувийн шимтгэл авахаа компанийн зүгээс мэдэгджээ. Тэгээд ч урьдчилгаа мөнгөөрөө хашаа байшин худалдаж авах боломжгүй болсон байна. Зах зээлийн үнэ өнгөрсөн долдугаар сараас хойш хөөргөдчихсөн. Түүнчлэн залуу гэр бүлийн тэргүүн н.Эрдэнэбат “Ажлаасаа 17.5 сая төгрөгийн зээл аваад урьдчилгаагаа төлсөн. Зээлээ төлж чадахгүй, ажлаасаа халагдах дээрээ тулаад байна” хэмээн учирлаж байв. Өрх толгойлсон эмэгтэй, дундаж орлоготой залуу гэр бүлүүд тус хөтөлбөрийн хохирогчид болсон байна. Тиймээс хохирсон иргэд байрныхаа түлхүүрийг гартаа атгасны дараа эсэргүүцлээ зогсоох гэнэ. Төрийн удирдлагууд дорвитой хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авч, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Барилга хот байгуулалтын яамныхан иргэдийн өлсгөлөнг “Та нарын дурын асуудал” хэмээн эс тоомсорлож буйд бухимдаж байв.
САНХҮҮЖИЛТИЙГ ОССК-Д ДААТГАХЫГ ХҮСЭВ
Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн захиалга өгсөн байрнууд аль хэдийнэ ашиглалтад оржээ. Зарим барилгын компаниуд өнгөрсөн сараас эхлээд алданги тооцохоо мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн гэрээгээ цуцлахыг удаа дараалан сануулж буй компани ч байгаа аж. Тиймээс суулт зарласан иргэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөх бичиг барьсан байна. Тэд зээлийн санхүүжилтийг албан ёсоор баталгаажуулан шийдвэрлэж өгөх, Засгийн газар, барилгын компаниудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл болон шаардлагатай хүмүүсийг хамарсан уулзалт хийж алданги тооцохгүйгээр оруулж өгөхийг шаардсан байна. Ингэхдээ арилжааны банкинд төсөв хөрөнгийг шилжүүлэх бус, ОССК-д даатгахыг хүсч байсан юм. Учир нь арилжааны банкны үйл ажиллагаа тушаа болж буйг онцолж байв. Тэд дээрх шаардлагыг биелүүлсэн тохиолдолд суултаа зогсоох аж.