М.ЦЭЦЭГ

 

Баян-Өлгийгөөс хотод суурьшиж буй ганц дэд сайд бол Х.Ержан. Тэрээр Зам тээврийн дэд сайдын албатай. Хэл, соёл, ша­шин шүтлэгээр хал­хуу­даас онцлогтой цөөнхийн төлөөлөл шинэчилсэн Засгийн газарт  ганцхан орж чадсан нь Х.Ержан юм. Түүнээс өөр казах сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга ч байхгүй. 

Тэр үнэхээр мэдлэг боловсролоороо бусдаасаа илүү учир дэд сайдын сэнтийд суусан уу гэвэл үгүй. Угаасаа энэ бол улс төрийн албан тушаал. Намын төлөө хэн гүйсэн, хэн илүү хандив өгсөн, хэн сүйхээтэй нь авдаг ажил гэдэг. Х.Ержан сүүлийн хэдэн жил  Баян-Өлгийн Ардчилсан намын төлөө орилж, хашгирч, улс төр хийсэн нэгэн. Намд тэгтлээ их зүтгэснийхээ төлөө авсан шан нь дэд сайдын алба байх.

Намтар түүхээс нь дурьдвал Х. Ержан 1983 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэж ЗХУ-ын Эрхүүгийн ПДС-ийг Автоинженер мэргэж­лээр төгссөн байна. Сур­гуулиа төгссөнөөс хойш 1988 онд Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газ­рын Автогражийн меха­никч, Үйлчлэх товчооны дарга, Хөдөө аж ахуйн биржийн Брокер мене­жер, автотээврийн “Тул­пар”ХК (Автобааз)-ийн гүйцэтгэх захирал,Баян-Өлгий айм­гийн Тээвэр зохи­цуу­лалтын албаны даргаар ажиллаж байгаад 2005 оноос улс төрийн алба хаших болжээ. 2005-2009 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар ажил­ласан. ИТХ-ын даргын албанаас бууснаас хойш Өлгийд гудамжны улс төр хийж нэлээд бужиг­нуулс­ныг нутгийнхан нь анд­даггүй юм билээ.

Баян-Өлгий аймагт бүтэн зургаан сар 21 хоног үргэлжилсэн улс төрийн суултыг удирдсан хүн бол Х.Ержан байв. 2009 оны арванхоёрдугаар сараас эхэлж дараа жилийн зун дууссан Х.Ержаны удирд­сан Ардчилсан намынхны суулт аймгийнхаа  Засаг даргыг огцруулах төлөв­лөгөөтэй байсан ч сана­сандаа хүрч чадалгүй зогсч байв. Аймагт сөрөг хүчний үүргийг ийн удирддаг байв.

Зам тээврийн дэд сайдаар хотод ирээд буй бослогын зартай удирдагч Х.Ержан тоймтой ажил­лахгүй байгаа гэх. Тэр гүйтцэтгэх засаглалд цөөн­хийн дуу хоолой болж,  дүрээ олоогүй чамлалттай ажиллаж буй. Өлгийд хэзээний танил, тэмцэгч, улстөрч Х.Ержан Засгийн газарт ч, олон нийтэд тө­дийлөн танигдаагүй явна.

Тэрээр казах хүмүүс Монголын иргэн болсны 100 жилийн ойгоор гүйцэтгэх засаглалд орсон ганц дэд сайд. Засгийн газарт 1996 оноос хойш казах сайдын алба дуусгавар болсон гэдэг. Харин өнгөрсөн дөрвөн жил хоёр казах эмэгтэй дэд сайдаар ажиллаж байсан. Тэдний үргэлжлэл нь Х.Ержан юм.