М.ГАН

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар эрхэм гишүүнээс өөрөөс нь тодрууллаа.
-Та ойрд хөдөө ажиллав уу?
-Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирлээ.
-Таныг эзгүйд нэлээд мэдээлэл гарсан. Мэдэж байгаа биз дээ?
-Юу юм бол.
-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тантай холбоотой мэдээлэл ирсэн гэж сонслоо. “Өгөөмөр” асрамжийн төвтэй холбоотой гэсэн?
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ажлын хэсэг гарч “Өгөөмөр” хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд очиж ажилласан юм. Тэнд хийсэн шалгалт зөвхөн хуулийн хүрээнд болсон.
-Асрамжийн төвийн зөвшөөрлийг хурааж ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн юм биш үү?
-Ёс зүйн ямар ч зөрчил гаргаагүй. Харин тэр шалгалт хэнд ашигтай болоод асуудлыг ингэж дэвэргэж байгааг мэдэхгүй юм. Намайг оролдох хэн нэгний ээлжит явуулга, гүтгэлэг л байх даа.
-Ёс зүйн дэд хороонд хандсан нь үнэн юм уу?
-Дээрх асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байсныг өнөөдөр /өчигдөр/ мэдлээ. Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн. Хуулийн дагуу ажлаа хийгээд явж байгаа намайг оролдож буй өдөөн хатгалга гэж би үзэж байгаа.
-Ер нь “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвийн тусгай зөвшөөрлийг хурааж авсан нь үнэн юм уу?
-Тийм зүйл байхгүй.
-Таныг гэнэт баяжсан гэсэн байна. Орон сууцанд амьдарч, том машин унадаг болсон гэнэ. УИХ-ын Тамгын газарт орон сууцны дэмжлэг үзүүлэх өргөдөл өгөөд 230 сая төгрөгийн байранд орох гэж байгаа гэнэ. Та гэр хорооллоосоо нүүчихсэн юм уу?
-Үгүй. Би УИХ-ын Тамгын газарт орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл ерөөсөө гаргаж өгөөгүй. 230 саяын байранд ч ороогүй. УИХ-аас нэг ч төгрөг аваагүй. Энэ худал мэдээлэл байна.
-Гэр хороололд амьдардаг болохоор жижиг машин унахгүй том машин унана гээд авто баазаас гаргаж өгсөн “Nissan Teana”-г буцааж “Range rover” авсан юм биш үү?
-Байнгын хорооны даргын хувьд улсаас тавьж өгсөн “Sanota 7” маркийн машин унаж байгаа. Тэр л бий. “Nissan Teana”, “Range rover” надад өгөөгүй. Бас л ташаа мэдээлэл байна даа.