Д.МЯГМАР

Дуутай, хууртай Дунд­говь нутгаас төрөн гарсан улстөрч эмэгтэйчүүдийн нэг нь Боловсрол, шинж­лэх ухааны дэд сайд Бан­дихүүгийн Ургамалцэцэг юм. Ардчлсан намын нарийн бичгийн дарга энэ бүсгүйтэй 2011 оны хавар баруун таван аймгаар хамт явж “Монгол хүн -2020” хөтөлбөрийг танилцуулах үест тэр  их л дуу, хууртай, эвсэг, инээд наргиатай, хоржоонтой яриатай чам­бай бүсгүй шиг санагдаж билээ.  Тэрээр хөдөө өсч, ном соёлын мөрөө Дундговь аймгаас эхэлсэн болоод ч тэгж санагдсан уу, энгийн, хээ шаагүй яриатай, эвгүй үйлдэлтэй нэгнийг дуудаад нүүрэн дээр нь хэлчихдэг. Үг даа­хын зэрэгцээ  эршүүд маягийн эмэгтэй гэсэн төсөөлөл, зураглал сэтгэлд минь бат үлдсэн юм. Ийм л эмэгтэйг Ардчилсан на­маас санал болгож Шинэч­лэлийн Засгийн газар тан­химдаа багтааж Монго­лын боловс­рол, шинж­лэх ухааны салба­рын жолоог атгуулсан байна. 

Б.Ургамалцэцэг 1988 онд Дундговийн найман жилийн дунд сургууль, 1990 онд аймгийн  10 жилийн  нэгдүгээр сур­гууль дүүргэж,  Улсын Багшийн их сургуульд элсэж дөрвөн жилийн да­раа Сурган, сэтгэл суд­лалын багш мэргэжлээр төгсчээ.  Яг нарийндаа бол, Б.Ургамал­цэцэг  хү­мүү­сийн сэтгэлийг судал­даг ажилтай болсон хэрэг л дээ. Хүн хоорон­дын харилцаан дээр голдуу явуулдаг энэ ажил, мэргэжил түүнийг албан тушаал өгсөх замд ихээхэн дэм болсон нь гарцаагүй. 

Тэрээр 1997-2000 онд УИХ-ын гишүүний тус­лахаар ажиллахын зэрэг­цээ Удирдлагын акаде­мийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэж ажил­­­­лах, суралцахыг хос­луулжээ.  2000-2001 онд УИХ-ын Тамгын га­зарт мэргэжилтнээр ажил­ласан байна. Тэр Мон­голын шилдэг залуусын нэг болох гэж олон шат алгасч, амьдрал руу эр­чээрээ тэмүүлсэн нэгэн ургамал юм. Үүнийг нь батлах шиг Монголын залуучуудын холбооноос  “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрийг нь мялаасан нь саяхан мэт.

Хөдөөний хүүхэд хотод  их сургууль төгсвөл эрд­мийн оргилд хүрлээ гэсэн монголчуудын мөчид бод­лыг тэрээр таягдаж 2004 онд АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын их сургуульд Боловсролын шинжлэх ухааны магист­рийн зэрэг хамгаалж сур­сан мэд­сэнээ улам ба­татгажээ.

Дээд боловсролтой зарим хүний сул тал нь  гадаад хэлний асуудал байдаг. Б.Ургамалцэцэг энэ асуудлаа цэглэж англи, орос хэлтэй,  хос морьтой болж нэр шигээ ургаж, цэцэглэж явна. Тухайлбал, 2006-2007 онд АНУ-ын Пентагоны “Хүүхэд хөгжил “-ийн төвд ахлах багш, Дэлхийн банкны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг­жүү­лэх”  төслийн зохицуулагч зэрэг салбар бүрт л ажил­лаж өөрийн сурсан, мэд­сэнээ туршиж, сорих бол­жээ.  Өөрийнхөө төлөө хийсэн тэмцэл, хөгжлийн шат бүхэн нь АН-ын лух­гаруудад таалагдсан биз. Ямартай ч Б.Ургамал­цэцэг 2008 оны арванхоёр­дугаар сарын 10-наас эх­лэн Ардчилсан намын на­рийн бичгийн даргаар ажил­лахаар сонгогдож улс төр хэмээх их айлын хаал­гаар бүр мөсөн орчихлоо.  Тэр одоо төрийн жолоо атгалцах хэмжээнд хүрч улс төр дэх эмэгтэй­чүүдийн эгнээнд багтаж, Ардчилсан намын элдэв урга­мал, цэцгийг арчилж, тордсоор л.  Үүний зэрэг­цээ Ардчил­сан намын Гүй­цэтгэх зөв­лөлийн ги­шүүн, Үндэсний Зөвлөл­дөх хорооны ги­шүүн,  АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэргээр түүний хаших алба их аж. 

Дэд сайд бүсгүй өдгөө говь нутгийн зүг гүйдэлтэй адуу шиг л “давхина”.  Бие нь яаманд сэтгэл нь ну­тагтаа гэдэг шиг л. Ам­ралтын өдөр тэрээр Мандалговийн цэцэрлэг, сургуулиар орж, хүүхдийн сурах орчин нөхцөл, сур­галтын стандарт, багшлах боловсон хүчин хэр бай­гааг нүдээр үзэн, элдвийг шалгааж асуудал ший­дүү­лэхээр бичиг, цаас  эрээ­чинэ. Өндөр боловсрол эзэмшсэн хүн хөгжлийг зөвхөн өөртөө хадгал­даг­гүй бололтой. Боловсрол, соёлын үрийг монгол ну­тагт тарих ёстой хэмээн Б.Ургамалцэцэг шийджээ.