С.Цэрэндэжид
Хувиараа бизнес эрхлэгчдийн байгуулсан “500 метр биш 100 метр” нэртэй бүлгийнхэн Тамхины хяналтын тухай хуулийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалтыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр “Монгол news” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэв. Учир нь тэд бараа бүтээгдэхүүнийхээ ашгийн 20 хувийг нь тамхинаас авдаг байна. Түүнчлэн хотын төвийн олонх дэлгүүр сургуулиудаас 500 метрийн дотор байрладаг бөгөөд зарим дүүрэгт тамхи худалдах зөвшөөрөлтэй нэг ч дэлгүүр байдаггүй тухай онцоллоо. Тус бүлгийнхэн 3000 гаруй гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд хуулийн дээрх заалтыг эсэргүүцсэн өргөдөл бичихээр болжээ. Бүлгийн гишүүн Д.Равдан “Дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хориглоод байдаг. Гэтэл гадуур таксины жолооч, байрны жижүүр гээд зарим нь гудамжинд тамхи ширхгээр худалдаж байна. Бидэнд хуулийн дагуу тамхи худалдахыг зөвшөөрөх хэрэгтэй. Хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүй бол бид байж болох бүхий л аргаар тэмцэнэ” хэмээн ярилаа.