Р.ОЮУН

1.2 ТЭРБУМЫГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?
Монгол Улс аюултай хог хаягдлаар бага орон. Гэхдээ ахуйн хүрээнээс гарч буй хаягдлаа боловсруулах үйлдвэр манайд бараг байдаггүй нь Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохир нийслэл хэмээн тодорхойлоход хүргэдэг юм. Төрийн бодлогоор хогоо баялаг болгох тухай өнгөрсөн хугацаанд янз бүрийн шийдлүүдийг тал бүрээс нь ярилцаж байсан ч үр дүн нь өнөөг хүртэл алга. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Улаанбаатар хотын захирагчийн харьяа Хот тохижилтын газартай хамтран Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэр дэх Цагаандавааны хогийн цэгийг өчигдөр зорилоо. Хог хаягдлын үйлдвэр бариулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын багцад 1.2 тэрбум төгрөг суулгасан байна. Тэд энэ мөнгөөр техник, эдийн засгийн үндэслэл, үйлдвэр байгуулах зураг төслөө хийх гэтэл өнөөх мөнгө нь нийслэлийн зориулалттай болж таарсан нь маргааны сэдэв болжээ. Ийн шийдэгдсэн хөрөнгө нь бусдынх болчихоор хогоо боловсруулж чадахгүй байгаа мухардалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Үйлдвэр барих компани ч тодорхойгүй.

ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛСАН Ч ДОГОЛДОЛТОЙ БАЙНА
Өнөөдрөөс эхэлж хогоо яаж боловсруулах вэ гэдэг нь гол асуудал болоод байна. Нийслэлд өдөрт 1500 тонн хог Цагаандаваа, Морингийн даваа, Нарангийн энгэр гэсэн төвлөрсөн цэгт хуваагдаж очдог. Өвлийн улиралд өдөрт 600-800 тонн хог хаягдал Цагаандавааны хогийн цэгт ирдэг бол гэр хорооллоос ирдэг хогны 70 хувь нь үнс, 30 хувь нь барилгын материал байдаг гэнэ. Хог ангилан ялгадаг үйлдвэрүүд ашиглалтад орвол Цагаандаваанд булагдах хогны тоо багасах ажээ. Нийслэлээс хог боловсруулах үйлдвэр бариулахаар тендер зарлажээ. Гэтэл тендерт ялсан компани нь санхүүжилтийнхээ зургаан тэрбум төгрөгийг авсан ч нэг ч ажил хийлгүй сураггүй алга болсон байна. Энэ үйлдвэр 10 тэрбум төгрөгийн өртөгтэй, хоногт 250 тонн хог шатаах хүчин чадалтай, 2012, 2013 онд баригдах ёстой аж. Гэтэл одоо энэ хугацаа дахин нэг жилээр хойшилчихож. Санхүүжилт Нийслэлийн газрын албанаас хог боловсруулах үйлдвэр бариулахаар Цагаандавааны хогийн цэгт 19 га газар олгожээ. Харин Нарангийн энгэрийн хогийн цэгт 2011 онд Койкагийн хөрөнгөөр RDF хатуу түлшний үйлдвэр байгуулсан ч доголдолтой байгаа гэнэ. Шатаах зуухаа урд хөршөөс оруулж ирсэн ч хэдхэн сар ажиллаад хүчин чадал нь мууддаг юм байна. Хог боловсруулах үйлдвэрийн төсөл ийнхүү замхарч, зургаан тэрбум төгрөг тендерийн золиос болон үлдлээ.
