Б.ЗАЯА
Замын цагдаагийн газраас азын дугаарыг давхардуулан замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудыг журамлажээ. Тэд замын хяналтын камерын тусламжтайгаар азын 16 дугаарыг 48 тээврийн хэрэгсэл давхардуулан хэрэглэж байсныг тогтоосон байна. Тодруулбал, 00-01 УБС, 00-22 УБЧ, 07-77 УБН, 07-77 УБӨ, 07-77 УНВ, 07-84 УНЧ, 10-10 УБВ, 10-10 УБВ, 10-10 УБЛ, 30-30 УНГ, 5888 УНҮ, 99-90 УБК дугаарыг давхардуулан хэрэглэж байжээ. Эдгээр автомашины бичиг баримтыг хурааж, Зам тээврийн яаманд хүргүүлээд буй юм. Түүнчлэн хуулийн дагуу жолооны эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байгаа гэнэ. Давхар дугаар хэрэглэх явдал нь санаатайгаар үйлдэгддэг бөгөөд онц ноцтой гэмт хэрэг үйлдэх магадлалтай байдаг байна. Нөгөө талаар нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбоотойг Замын цагдаагийн газрынхан онцолсон юм. Улсын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэх бизнест хяналт сул байгааг мөн хэллээ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ууганбаяр “Улсын дугаарыг үйлдвэрлэгч байгууллагууд азын дугаарыг давхардуулж өгсөн байж болзошгүй тул ЦЕГ-ынхантай хамтран шалгаж байна. Хэрэв хуурамч дугаар үйлдвэрлэсэн нь тогтоогдвол тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хураана” гэв. Манай улсад тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэгч 16 байгууллагын 11 үйлдвэр байдаг аж.