Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн,  “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Бат­цэрэгтэй ярилцлаа.

-Танай бүлгийнхэн нам­рын чуулганаар ямар амжилттай ажиллав гэж дүгнэж бай­на. Эвсэл са­лах, салахгүй тухай яриа сүүлийн үед идэвхтэй өрнөлөө?

-Намрын чуулган ачаа­лал ихтэй байсан. Бас нэлээд маргаан мэтгэл­цээн, зөрчил тэмцэл дунд ажиллалаа. Хаа газрын парламентын ажил, ааш араншин иймэрхүү бай­даг, хойно. Манай бүлгийн тухайд чухал чуул­ган бай­сан. Гишүүд илүү бие бие­нийгээ таних, үйл ажил­лагааны нэг хэмнэлд орох, өөрсдийнхөө гурав­ахь хүч­ний байрлалын чухлыг ойлгох, улс төр хийх арга барилаа зөв олох, гадаад дотоод бусад үйлчлэлийн­хээ хүчин зүйлтэй дасан зохицох гээд бидний зайлш­гүй туулах ёстой цаг хугацаа байлаа. Хамгийн гол нь сонгуулиар бидний амлаж байсан иргэдээ ажлын байртай, орлоготой болгох, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг олон асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулж чадлаа. Бүлэг салах сарних тухайд бол биднийг бутлах сонир­холтой хүн энэ парламент дотор ч байна, гадна ч байна. Учир нь улс төрийн зах зээлээ анхааралтай харвал гуравдахь хүчнийг сонирхох, дэмжих ханд­лага улам их нэмэгдэж байна. Бараг зүй тогтол талаасаа тийм юм гээд хэлчихвэл хол зөрөхгүй. Эвслийнхэнд улс төр, эрх мэдлээ алдахаас айсан хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ. Харин бид бусдын өгөөш бололгүй ухаан тэвчээр зааж өөрс­дөө нэг цул хүч байж тэ­сэж үлдэж чадах уу гэдэг нь илүү анхаарал татсан асуудал юм.

-Тэгэхээр эвслийг зад­лах гэсэн олон хүн, улс төрийн хүчин байгаа гэж үзэж байна уу?

-Өнөөг хүртэл бидний туулж яваа бэрхшээл со­рилтыг газар хөдлөхтэй зүйрлэе. Үүний тулд эвс­лээ байшин гэж тооцвол манайх лав 7-8 баллын чичиргээг даана. Бай­га­лийн давагдашгүй хүчин  зүйл эс тохиолдвол газар хөдлөлтийг ажрахгүй да­вах ур чадвар, нэгдэл би­дэнд байна.  Би гишүүддээ нэг л зүйлийг хэлж байгаа. Ирэх намрын чуулган гэ­хэд манай бүлэг “хатуу боорцог” болсон байна шүү гэж.

-Хатуу боорцог гэдэг нь юуг хэлж байна?

-Манайхаас дэвшиж эсвэл бидний оролцоо дэмж­­­лэгтэйгээр сон­гогд­сон Ерөнхийлөгчтэй, олон нийтийн зүгээс “Шударга ёс” эвсэлийг илүү итгэл хүлээлгэх улс төрийн хү­чин гэсэн хүлээлттэй бол­сон байхыг хэлж бай­на. Ингэхийн тулд бид зүгээр суухгүй. Үндэс­ний эрх ашгийн шалгуур бол­сон хэд хэдэн асуудалд  ан­хаар­лаа хандуулах бол­но.

-Ямар асуудал юм бол?

-Зургаан  асуудал дэв­шүүлж байна. Нэгдүгээрт, манай зарим гишүүн ир­гэний хөдөлгөөнд байхдаа л байнга ярьж тэмцэж байсан Оюутолгойн гэ­рээ байна. Гэрээг эргэн харах, Мон­голын талд ашиг­тай­гаар өөрчлөхийн тулд бид улс төрийн хатуу тэмцэл хийх болно.  Хоёрдугаарт,  Та­вантолгойн ордыг эр­гэл­тэнд оруулж, түүнийг тээ­вэрлэх төмөр замын асууд­лыг  даруй шийдэх­гүйгээр нийгэм, эдийн засгийн том зорилт хэрэг­жих нь эргэлзээтэй байна. Мөн Тавантолгойн ордыг бүх иргэддээ хувьцаа бол­гож  эзэмшлүүлэх асууд­лыг  шийднэ гэсэн  манай эвс­лийн сонгуулийн хө­төл­бөр байгаа. Гуравду­гаарт, бон­дын эх үүсвэ­рийн зар­цуулалтын асууд­лыг парламентын болон олон нийтийн хараа хянал­таас гадна үлдэх аюул ойрхон бий.  Хэрэв хараа­наасаа алдвал тусгаар тогтнолд аюул учруулахыг үгүйс­гэхгүй. Энэ асуудалд онцгой анхаарна. Дөрөв­дүгээрт, бүтээн бай­гуу­лал­тын ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. Эрчим хүч, төмөр зам, Улаан­баатар хотын шинэ төлөв­лөлттэй холбоотой төслүү­дийг цаг алдалгүй, улс төрийн хожоо харалгүй ажил­луу­лах шаардлага  байна. Үүний тулд туршла­га­тай, зангарагтай, ажил хариу­цах чадвараараа та­нигд­­сан хүнд энэ аж­лыг даалгах нь зүйтэй юм. Тавдугаарт, тэрсэлдэн за­дарч биш эвлэлдэн бүтээж байж ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг бо­ломжийг бий болгосон Үнд­сэн хуулийн тогтол­цоо­ны өөрчлөлтийг бид хөндөж тавина.

-МАХН-тай хамтран ажиллах цаашлаад нэгтгэх гэсэн санаачлагыг МАН-ын гишүүд тавьж байна. Энэ үйл явцад ямар дүг­нэлт өгч байна вэ. Хэрэв хамтран ажиллахыг чухал­чилвал эвслийг бүрдүүлж буй намын төлөөлөгчийн хувиар ямар алхам хийх вэ?

-Энэ намууд нэгдвэл  үр дүн нь юу болох тухай ярих бараг боломжгүй. Тэгнэ, ингэнэ гэх нь зо­хис­гүй болов уу. Би шууд нэгдэж чадна гэдэгт ит­гэхгүй байна. Тэр хоёрын салсан шарх аниагүй бай­гаа шүү дээ. Харин эвсэх тухайд бол магадлалтай байж болно. Энэ нь Ерөн­хийлөгчийн сонгуульд дун­даасаа нэг хүн дэв­шүүл­нэ гэсэн  үг. Тэр хүн нь хэн байх вэ гэдэг хам­гийн зангилаа асуудал юм. Манай намын хувьд бол “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг удирдлагын хү­рээнд бодсон, тохирсон хоёр янзын маш сонир­холтой хувилбар бий. Цаг нь болохоор гаргана.

-Хүрд эргүүлэх болом­жоо ашиглаж Ерөнхий­лөгчид нэр дэвшүүлэх бодолтой байгаа юм уу?

-Ер нь үгүйсгэх арга­гүй. Манайд туршлагатай, танигдсан улс төрийн зүт­гэлтэн байгааг олон түмэн мэднэ. Гэхдээ нэр дэвшүү­лэх гэж  яарахаасаа өмнө дэвших, сонгогдох хүн ямар шалгуур хангах, уг­тан ирэх дөрвөн жилийн онцлог юу вэ гэдгээ тоо­цоолсон байх хэрэгтэй. Давын өмнө  дээр дурьд­сан үндэсний эрх ашгийн амин чухал асуудлуудыг барьж аваад шийдэл олж, парламент, Засгийн газ­рыг чирж, шахаж чаддаг хүн хэрэгтэй юм.

-Танай бүлгийнхэн  за­рим сайдуудтай хариуцлага тооцох ёстой гэж мэдэгд­сэн гэх юм?

-Өнгөрсөн намрын чуул­ганы турш  Засгийн газрын ажлыг тууштай дэмжиж ирлээ. УИХ-д  ирц бүрдүүлэх өргөн барь­сан хууль, бусад шийдвэ­рийн төслийг цаг алдалгүй хурдан батлаж өгөх жи­шээ­тэй.  Хамгийн гол нь Засгийн газарт гарааны хурд авах бололцоо олго­сон хэрэг. Одоо бол эхний үр дүн шаардах хугацаа бол­сон. Хаврын чуулганы эхэн үед  зарим сайдын хариу­цаж байгаа салба­рын ажил­тай холбоотой асуудлыг ярина гэж бодож байна.