Д.МЯГМАР
Сүүлийн хэдэн жил улс төрийн ээл, ивээл баруун аймгийнханд илүүтэй тусах болжээ. Монгол орны баруун хязгаар нутаг Ховд аймгийн гаралтай эрхмүүд улс төрд одтой байх болсон билээ. Тэдний нэг нь Батлан хамгаалахын дэд сайд Авирмэдийн Баттөр юм. Түүний аав Ховд аймгийн Цэцэг сумын харъяат. Авирмэд гуайн нутаг, нугаар бол дэд сайд “баруунтан” гэгдэж, Ерөнхийлөгчийн нутгийн дүү болж таарна.
Аливаа улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Батлан хамгаалах салбар удирдагчаасаа чамгүй мэдлэг, боловсрол, туршлага шаардах учиртай. Түүний хувьд салбартаа шинэдэхгүй. Бас хүнд ажил, алба ч биш гэнэ. Дипломатч хүнд ахдахааргүй харин ч эргэн, тойрнынхондоо түшиг болох энэ эрхмийн нэр дээр МоАХ-ноос дэд сайдын суудал “захиалсан” гэдэг. Тиймээс түүнийг Ерөнхийлөгчийн нутгийн дүү гэхээс илүүтэй Х.Баттулга сайдын хүн гэж тодотгож болох юм. А.Баттөр өмнө нь нэг байтугай салбарт дээгүүр алба хашиж, хилийн дээс алхаж дипломат шугамаар олон ажлыг нугалж явсан баялаг намтартай гэдгийг олон түмэн мэдэх байх.
Боловсрол эзэмшсэн байдлыг нь тодруулбал, Москвагийн Олон улсын харилцааны дээд, Шинэ Зеландад Викторийн их сургуулийг дүүргэсэн. Үргэлжүүлэн Бельгийн Вант улсад Европын стратеги, Олон улсын харилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны магистр цолтой гэх мэтээр түүний эрдэм, номын мөр хөөсөн жагсаалт байв.
Гадаад хэргийн яаманд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал зэргээр түүний хаших алба алхам бүртээ урагшилж, чангарсаар төрийн албаны хийгүй хүмүүсийн нэг болоход нөлөөлсөн болов уу.
Дэд сайд өмнө нь 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж олны танил улс төрч болсон тухай мэдээлэл түгээмэл бий. Үүнийг нь салбарын сайд, ажнай Д.Бат-Эрдэнэ батлах шиг ажлаа авангуут нь “Гадаад харилцаа, төрийн ажлын дадлага, туршлагатай дэд сайдтайгаа Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллана” хэмээн онцлон хэлсэн байдаг.
Спортлог хэв маягтай түүний хувьд “Терравокс” хэмээх хувийн компаниа мэдээлэл, технологийн чиглэлээр ажиллуулж аль эрт хөл дээр нь босгосон гэдэг. Элчин сайдаар явж хувийн ажил нь эзгүйрэх вий гэхдээ улмаар нутгийн ах, дүүсдээ найдаж, тэднийг өөд нь татаж, амьдрал ахуйг нь зүгшрүүлсэн сүрхий эр гэж дуулдах юм.
Тэр одоо Монголд дээгүүр үнэлэгддэг, харьцангуй нэр цэвэр улстөрч болж, дэд сайд нарын тэргүүн эгнээнд зүй ёсоор багтжээ. Мэдлэг, боловсролтой, төрийн ажил, албаны арвин туршлагатай түүн шиг эрхмийг нам харгалзалгүй төрийн ажилд сойж баймаар санагдана.