С.Цэрэндэжид

Стандартчилал, хэмжил зүйн газраас Монголын чанарын холбоог буруутгасан мэдээлэлд Монголын чанарын холбооны тэргүүн Т.Сосорбарам, өмгөөлөгч  Ц.Монгол нар няцаалт өгч, сэтгүүлчдэд хандлаа. Стандартчилал, хэмжил зүйн газраас энэ оны нэгдүгээр сарын 25-нд хууль, эрх зүйн чадамжгүй байж хуурамч үйл ажиллагаа явуулж байна хэмээн тус холбоог буруутгасан аж. Уг холбоо нэр төрөө сэргээлгэхээр Стандартчилал, хэмжил зүйн газрыг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөнөө мэдэгдлээ. Тус газраас ашгийн 31 байгууллагад өгсөн хууль бус хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд мөн нэхэмжлэл гаргажээ. СХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван, хэлтсийн дарга С.Соронзонболд, М.Мөнгөнбаяр, Ж.Буяндалай нарыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны Зөвлөлөөр шалгуулахаар болсныг тэд мэгэдлээ. Монголын чанарын холбооны тэргүүн Т.Сосорбарам “Манай холбоо Монгол Улсын таван хууль болон Хууль зүй, дотоод хэргийн яамны 2011 оны 3259 дугаарт бүртгэгдсэн Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоо-Үндсэн дүрмийн заалтуудыг үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлж 9071023006 дугаарын гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ямар ч хууль бус, хуурамч  үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн Стандартчилал, хэмжил зүйн газрын хууль бус долоон үйл ажиллагааг нэрлэж, тус газар  дампуурч удирдлагууд нь юу хийхээ мэдэхгүй будилж байна. “Монголын стандартын салбарт цогц шинэчлэл хийх цаг нь болсон тул төрийн өндөрлөгүүд үүнийг анхааралдаа авах хэрэгтэй” хэмээн тэрээр  мэдэгдсэн юм.