Д.МЯГМАР

Нийслэлийн гудамж, зам, талбайд элдэв өнгө хийцтэй, нэгдсэн загваргүй, гадаад хэлээр бичсэн зар, сурталчилгааны самбар олон байна. Энэ нь хотын өнгө үзэмжийг доройтуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих болсон. Энэ тухай шүүмжлэлийг иргэд хэлдэг ч хотын захиргаанаас дорвитой арга хэмжээ авахгүй өдий хүрчээ. Дээрх шүүмжлэлийг удахгүй арилгаж, иргэдийн гомдлыг барагдуулахаар боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер гудамжинд зар сурталчилгааг байрлуулах чигийг тодорхойлж, шаардлага, тоо хэмжээ, загварыг тогтоох “Гадна зар сурталчилгааны Зөвлөл”-тэй ажиллахаар болж байна.
Дүүргүүдийн Засаг дарга нар зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, сунгах, цуцлах эрхтэй “Гадна зар сурталчилгааны ажлын хэсэг”-тэй байхаар болжээ.
Гудамжны сурталчилгааны нэгдсэн бодлогыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсруулж нэг мөр болголоо. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт болж Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах журмыг баталсан юм. Журмаар зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглосон гудамж, зам талбайн жагсаалтыг баталжээ. Үүнд, Соёлын өвд бүртгэлтэй Хөшөө дурсгал, түүх соёлын дурсгалт газрууд, музей, дархан цаазат газар, архитектурын өвөрмөц хийцтэй барилга байгууламж, сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа хайс, төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газар багтжээ. Мөн жолооч нарын анхаарлыг сулруулж осол гаргахад замын хажуугийн сурталчилгааны самбарууд нөлөөлдөг гэсэн яриа бий. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж гадна зар сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг дор дурдсан гудамж замд байрлуулахыг хориглов. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөө /Баруунаас Зүүн 4 зам/, Чингисийн өргөн чөлөө /Яармагийн гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл/-нд тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахгүй байхаар тогтлоо. Мөн дараах нэр бүхий гудамжинд зар сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг байрлуулахгүй юм байна. Цаашдаа Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпийн, Их Монгол Улсын, Токиогийн, Залуучуудын /Их сургуулиас-Сүхбаатарын гудамж/, Бага тойруугаас дотогш замуудад, Наадамчдын зам /Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас Яармагийн гүүр хүртэл/-д том тулгуурт болон гүүрэн байгууламж бүхий сурталчилгаа байршуулахгүй хэмээн журамлажээ.