Б.БАРС
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Каракас хотын төвд жагсаал хийж, Ерөнхийлөгч У.Чавесийн биеийн байдлын талаар үнэн бодит мэдээллийг дэлгэж, тэр ч бүү хэл түүнийг амьд бол олны өмнө харуулахыг Засгийн газраасаа шаарджээ. Олон мянган хүн “Үнэнийг хэл”, “Худал хэлэхээ боль” гэсэн лоозон барин жагссан байна.
Венесуэлийн Засгийн газрын албан ёсны мэдээллийн дагуу бол У.Чавес хорт хавдар авах мэс заслын дараагаар Каракасын цэргийн эмнэлэгт сүүлийн хоёр долоо хоногийн турш нөхөн сэргээлтийн эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Хэдийгээр У.Чавесийн эмчилгээ зарим хүндрэлтэй тулгарсан ч биеийн байдал нь зугуухан сайжирч байгаа гэнэ. Албан ёсны мэдээлэлд У.Чавесийг эмнэлэгт төрийн албаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгааг дурджээ.
Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард хагалгаанд орсноос хойш тэрээр олны өмнө нэг ч удаа гараагүй юм. Түүнийг телевизээр ч харуулахгүй байгаа аж. Хагалгааны дараа хоёр охиныхоо хамт авахуулсан түүний зургийг нэг л удаа өнгөрсөн сарын дундуур хэвлэлд нийтэлжээ.
У.Чавесийн эрүүл мэндийн байдлын талаар албан ёсны мэдээлэл хангалтгүй цацагдах болсны улмаас Венесуэлд түүнийг нас барсан тухай яриа хурдан тархах болжээ. Панамын нэгэн нэртэй дипломатч У.Чавесийг нас барсан тухай баримт олсноо хоёрдугаар сарын 27-нд мэдэгдсэн нь дайран дээр давс нэмжээ. Түүний энэ мэдэгдлийг Венесуэлийн Гадаад хэргийн яам эрс няцаасан ч Каракаст олон түмэнд гудамжинд гарч жагсахыг зогсоож чадаагүй юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонглуульд ялалт байгуулсан У.Чавес өвчний улмаас нэгдүгээр сард тангараг өргөх ёслолоо гүйцэтгэж чадаагүй юм. Үүнээс үүдэн Венесуэлийн сөрөг хүчин тус улсын Үндсэн хуулийн заалтын дагуу сонгуулийг дахин явуулахыг шаардах болжээ. Гэвч Венесуэлийн Дээд шүүх У.Чавесийг шаардлагатай эмчилгээг бүрэн дуусгасны дараа тангараг өргөх бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Ямартаа ч У.Чавес ойрын үед ард олныхоо өмнө гарч, амьд мэнд гэдгээ харуулахгүй бол газрын тосоор баян тус улсад улс төрийн зөрчил хурцдах төлөвтэй.