Д.МЯГМАР
Барилга, хот байгуулалтын салбарын талаар ярихаар яагаад ч юм бэ эрчүүдийн ажил мэт санагддаг. Ийм нийтлэг ойлголтыг эвдсэн хүний нэг нь Г.Байгалмаа. Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж буй Г.Байгалмааг хатуу, чангаараа олонд танигдсан гэж хэлж болно. Тэрээр эрхэм гишүүн Д.Оюунхоролын эзэмшлийн “Отгонтэнгэр” их сургуулийг дүүргэж, Нийгмийн ухааны “Либерти” дээд сургуулийг төгсчээ. 2002 онд ШШГЕГ-т ахлах байцаагчаар ажиллахдаа дээр өгүүлсэнчлэн хатуу, чанга шаардлагатайгаа харуулсан юм билээ. Мөн 2006 оноос эхлэн улс төр лүү зүглэж, “МоАХ-ны нарийн бичгийн даргын албанд олон хүнтэй өрсөлдөж цойлж гарсан” гэлцдэг. Зургаан жил МоАХ-ны нарийн бичгийн даргаар ажилласан туршлага нь УИХ-ын сонгуульд хүч үзэхэд гавьтай хэрэг болоогүй. Гэхдээ л дэд сайд хэмээх зөөлөн суудалд хялбар хүрсэн азтай улстөрч эмэгтэй хэмээн түүнийг нэрлэх нь бий.
Олон улсын эрхзүйч мэргэжилтэй, холбооныхоо нарийн бичиг бүсгүйд Х.Баттулга сайд найдвар тавьж энэ албанд зүтгүүлсэн нь хувь, хувьсгалыг хослуулж чаддаг удирдагч хүний ухаан зарсан шийдвэр хэмээн олонд харагдлаа. Монгол Улсын хүчит заануудын нэг Ч.Гочоосүрэнгийн охин, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаад шинэчлэлийн Засгийн газар итгэл хүлээлгэлээ. “Хуульч бүсгүй барилгын салбарыг гадарладаггүй юм аа гэхэд ядаж хууль, тогтоомжийг нь сайжруулж, цоорхойг нь цойлдох байлгүй дээ. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажилла гэж түүнийг “даам” гаргасан гэж найдахаас” хэмээн яамны хууччуул шивэр, авир гэх юм билээ.