Д.ГЭРЭЛ

Данийн Вант улсын парламентын тэргүүн Могенс Ликкетофт зарим төлөөлөгчдийн хамт манай улсад айлчилж байна. Тэрээр 16 жилийн өмнө ирж байсан бол энэ удаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэхүү албан ёсны айлчлалыг хийж яваа аж. Түүнийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзсан юм. Тэд уулзалтын дараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв. З.Энхболд “Данийн парламентын даргыг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын тэргүүлэгчид манай оронд хүрэлцэн ирсэн явдал нь Данийн тал уг айлчлалд анхаарал хандуулж, өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Монгол, Дани улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөөд зогсохгүй, олон улсын зарим асуудалд анхаарал хандууллаа. Уулзалтын явцад хоёр тал эрчим хүч, соёл, боловсрол, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг чухалчилсан. Энэхүү айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцаанд мөн чухал нөлөөтэй” хэмээн онцлон тэмдэглэж байв. Харин Данийн Вант улсын парламентын дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт УИХ-ын дарга З.Энхболдод хандаж, эх орондоо халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэхийн ялдамд бидний харилцан, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн суурь бат бөх тавигдсаныг хэлэхэд таатай байна гэсэн юм. Ноён Могенс Ликкетофт, Дани болон Монгол Улсын хооронд олон жилийн найрсаг уламжлалт харилцаа бий гэдгийг тэмдэглэхийн сацуу нийгэм, эдийн засгийн салбарын хүрээнд түүний дотор хоёр тал хөдөө аж ахуйн салбарт хамтрах асуудалд санал нэг байгааг онцолж байлаа. Түүнчлэн парламент хоорондын, Засгийн газар, цаашилбал хүмүүс хоорондын гэхчлэн найрамдалт харилцаа холбоо олон жилийн туршид үргэлжлэн хөгжиж байдагт сэтгэл хангалуун буйгаа ноён Могенс Ликкетофт илэрхийлсэн. Олон улсын хамтын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, түүний дотор энхийг сахиулах үйл явцад гүйцэтгэж байгаа үүрэг, хариуцлагад Данийн Вант улсын зүгээс талархалтай хандаж, энэхүү хүчин чармайлтыг үнэлж байдаг гэдгийг ноён Могенс Ликкетофт тэмдэглэсэн юм. Ноён Могенс Ликкетофтын айлчлал маргааш дуусах бөгөөд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллах мэдээ байна.