Х.Хатан
Монголын утга зохиолын ертөнцөд хүч түрэн орж ирсэн 2000-аад оны нэгэн үеийн залуус нэгдэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулжээ. Тэд утга зохиолын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүний нэгээхэн хэсэг нь нэгдлийнхээ уран бүтээлчдийн бүтээлийг эмхэтгэж антологи, мөн яруу найргийн болон дууны цомог бэлтгэн хэвлэлд шилжүүлжээ. энэ сарын 21-ний өдөр буюу Дэлхийн яруу найргийн өдрөөр антологи болон цомгийн баяртайгаа хамт “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл албан ёсны нээлтээ хийхээр болсон байна.
Тиймээс ч Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 9-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “Төгөлдөр гоо” нэртэй яруу эгшгийн сонгодог цэнгүүнийг зургаан эрэгтэй яруу найрагч зохион байгуулахаар болжээ. Харин Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 17-нд долоон яруу найрагч эмэгтэй “Хаврын урилга” тоглолтоо хийх юм.
Найраг эгшгийн үдэш болох “Төгөлдөр гоо” тоглолтод эдгээр зургаан найрагчаас гадна тэдний эрхэм багш нар, уран бүтээлчид оролцох юм байна. Өөр өөрийн өнгө, амт, үнэртэй энэхүү тоглолтоороо утга зохиолын үнэлэмж, яруу найрагчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой аж.