М.ХҮСЛЭН
Мали Исламын зартай хэт даврагчдын нэг, тус улс дахь “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч байсан Мухтар Бельмухтарыг устгасан байна. Түүнийг Чад улсын цэргийнхэн буудан хороожээ. Түүний үхлийн тухай мэдээллийг Чад улсын телевизээр мэдээлсэн байна. Харин түүнээс өөр ямар ч эх сурвалж тэр талаар мэдээлээгүй аж.
Мухтар Бельмухтар нь Мали дахь “Аль-Кайда”-гийн бүлэглэлийг толгойлж байсан. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Алжир дахь газрын тосны үйлдвэрт олон зуун ажилчдыг барьцаалсан ажиллагааг удирдсан юм. Барьцааны хүмүүсийг суллах үеэр 37 хүн амь үрэгдэж байжээ. Алжирын хээрийн захирагч Мухтар Бельмухтар 1991 онд Афганистанд очиж можахедуудын эгнээнд байлдаж явжээ. Тэнд зүүн талын нүднээсээ салж байжээ. Харин 1993 онд Алжирт буцан ирж “Аль-Кайда” бүлэглэлийг байгуулжээ. Түүнийг эрх баригчид олон хэрэгт буруутгаж улс даяар эрж хайх болсноор тэрээр Алжираас зугтаж Мали улсын хойд хэсэгт бүгжээ.
Чадын армийн генерал Захари Говонгвегийн мэдээлснээр Мухтар Бельмухтарыг устгаснаас гадна зэвсэгт дайчдын 60 гаруй автомашиныг олзолжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Чадын Ерөнхийлөгч Идрисс Деби Мали улсын хойд хэсэгт “Аль-Кайда” бүлэглэлийн бас нэгэн толгойлогч Абдельхамид Абу Зейдийг устгасан гэж мэдээлжээ. Тэрээр Хойд Африк дахь “Аль-Кайда”-гийн салбарыг удирддаг байсан аж. Чадын зэвсэгт хүчнийхэн Франц, Мали улсын цэргийнхэнтэй хамт исламын хэт даврагчдыг устгах ажиллагаанд оролцож байгаа юм.