Б.ЭНХТУУЛ
Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдээд байна. Сургууль, цэцэрлэгийн багачууд амралтаа түр “завсарлаж”, зарим нь зуны даалгавраа хийж эхэлжээ. Харин зарим нь хичээлийнхээ бэлтгэлийг битүүхэн базааж байна.
БСШУЯ-хан сурах бичгээ шинэчлээд, сургуулиудад хуваарилж байгаа гэж холбогдох албаны хүмүүс нь дуулгаж байсан. Харин сургуулийн өмнөх боловсролынхон буюу цэцэрлэгийн насны багачуудыг ямархуу тоглоом хүлээж байгаа бол. Энэ тухай бид Стандарт хэмжил зүйн газрын Стандарчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлтэй ярилцлаа.

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ЗААВАЛ БАТАЛГААТАЙ БАЙХ ЁСТОЙ
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цуглахад цөөн хугацаа үлдээд байна. Тийм болохоор бид энэ удаа багачуудад хэрэг болох мэдээлэл “цуглуулж” явна.
Манай улсын хүн амын багагүй хувийг 2-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг гэдэг. Харин тэд өдрийн ихэнхийг тоглож өнгөрөөдөг. Гэтэл тэдний тоглоом шаардлага хангадаггүй гэж эцэг, эхчүүд гомдоллодог. Тиймээс хүүхдийн тоглоомын стандарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцлагаа эхэлье. Нөгөөтэйгүүр, хүүхдийн тоглоомын стандарт батлагдчихаад байхад энэ стандарт хэрэгжихгүй байгаа нь Эрүүл мэндийн яам төсөв мөнгийг нь баталж өгөхгүй байгаатай холбоотой гэх мэт мэдээллүүд гарч байсан. Энэ ямар учиртай юм бэ?
- Дотоодод үйлдвэрлэж байгаа болон импортоор оруулж ирж байгаа хүүхдийн тоглоом баталгаатай байх ёстой. Гэтэл бид энэ бүтээгдэхүүнд стандарт шаардлага тавилгүй олон жил болсон. Харин өнгөрсөн онд хүүхдийн тоглоомын холбогдолтой дөрвөн цуврал ISO гэж Олон улсын хүүхдийн байгууллагаас баталж гаргасан стандартын дагуу түүнийг орчуулж үндэсний стандартаар батлаад мөрдөж эхэлсэн. Хүүхдийн тоглоом бол заавал баталгаатай байх шаардлагтай бүтээгдэхүүний нэг юм.
Таны асууж байгаа асуудал бол олон улсад батлагдаад гарсан стандартыг орчуулах, өөрөөр хэлбэл орчуулгын гэрээтэй холбоотой асуудлыг ярьж байх шиг байна. Тэгэхээр энэ стандарт өөрөө англи хэл дээр байгаа болохоор бид монгол хэл дээр орчуулаад Монгол үндэсний стандарттай боллоо гэж баталж гаргаж байгаа юм. Захиалагч нь Эрүүл мэндийн яам, яамны төслөөс санхүүжсэн стандартын төсөл. Түүнийг хэрэгжүүлэгч нь тодорхой ажлын хэсгүүд. Тэр орчуулж байгаа стандартыг Монгол улсын стандарт болгохоор төсөл боловсруулж байгаа ажлын хэсэг нь өөрөө хэрэгжүүлэгч, бид гэрээг гүйцэтгэгч нь юм. Эрүүл мэндийн яам захиалагч нь учраас бид албан ёсоор гэрээнд оролцохгүй.
Төслийн дагуу байгуулагдсан гэрээгээр явагдаж байгаа ажил. Бид нар ажлын хэсгээс боловсруулаад гарчихсан төслийн хүлээж аваад түүн дээр зохих хуулийн дагуу дүн шинжилгээ хийдэг. Шинжилгээгээр энэ стандарт нь Монгол Улсын стандарт болж болох юм гэж дэмжээд, дараагийн шат болох Стандарчлалын техникийн хороо гэж бий. Тэр нь тоглоомын аюулгүй байдал хариуцсан хороо юм. Тэр хороогоор хэлэлцээд хэлэлцсэн стандарт дээрээ Монгол Улсын стандартаар батлах энэхүү эрх нь манайд байгаа. Тэр гараад байгаа үйлдэл өнгөрсөн жил гарч байсан маргаан. Стандартыг орчуулах ажилд гарсан асуудал юм.
-Олон улсын төвшинд хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том экспортлогч нь Хятад улс. Дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг нийлүүлдэг гэдэг юм билээ. Манай улсад оруулж ирж байгаа тоглоом ч мөн л ялгаагүй урд хөршөөс орж ирдэг. Хэдийгээр зарим цэцэрлэгт “Модон тоглоом” зэрэг төсөл хэрэгжээд эхэлчихсэн ч өнөө хэр нь урд хөршөөс оруулж ирсэн, эрүүл мэндэд хортой тоглоомоор хүүхдүүд тоглож л байна шүү дээ. Ер нь цэцэрлэгүүдэд станрдартын дагуу хийсэн шалгалт байдаг уу?
-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн ялангуяа хүүхдийн тоглоомын асуудлын талаар хэлсэн. Заавал баталгаанд хамрагдах ёстой гэж. Өөрөөр хэлбэл орж ирэхэд нь лабораторийн шинжилгээнд хамрагдана. Түүний дараа ямар материалаар хйисэн байна. Хийсэн материал нь тухайн хүүхэд тоглоход аюултай эсэх зэрэг шинжилгээг үндэслээд тэр тоглоомыг хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан байх ёстой. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдал буюу тоглоомонд агуулагдах янз бүрийн зүйлийг шинжлэх аргууд байдаг. Гэхдээ энэ бүхний хэрэгжилт нь манайд хангалттай биш байна.
ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИНГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Манайд оруулж ирж байгаа тоглоомын чанар, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь тэр бүр чанарын шаардлага хангадаггүй. Үүний нэг шалтгаан нь зарим импортлогчид хүүхдийн тоглоомонд тавигдах эрүүл ахуйн шаардлагын талаар ойлголт багатай байдгаас болдог. Тийм болохоор хил гааль, ялангуяа урд хөршөөс орж ирж байгаа тоглоомуудад хяналт тавьдаг уу?
-Хил гааль дээр байгаа лабораторийн шинжилгээ удаашралтай байна. Гадаад орны жишгээр хүүхдийн тоглоом нь маш эмзэг, аюултай бүтээгдэхүүний нэгд тооцогддог. Тиймээс үндэсний бүтээгдэхүүнтэй адил үздэг. Тиймээс манай улс олон улсын жишгээр худалдаанд ихээхэн анхаарах ёстой юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоглоом, хувцсыг оруулж ирж байгаа компаниудад нэлээд хяналт тавих хэрэгтэй байна.
Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Хүүхдийн тоглоом баталгаатай байна гээд заагаад өгчихсөн байдаг. Өмнөд хөрштэй манайх харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлэлцээр бий. Түүндээ ч гэсэн харилцан сертификатаа оруулж ирнэ. Харамсалтай нь Монголын нөхцөлд ганзагын наймаа их байгаа болохоор баталгаагүй зүйл орж ирэх тохиолдол их байна. Хятадууд дотроо ч найдваргүй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь элбэг.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй газраас хямдхан бараа бүтээгдэхүүн оруулж ирээд эрсдэлд орох магадлал өндөр. Тийм учраас энэ нь шинээр гарсан хяналтын хуулиар Мэргэжлийн хяналтын тогтолцоо руу шилжиж байна. Эрсдлийн үнэлгээ гэж. Тэгэхээр хил гааль дээрх хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авсан байх. Ер нь бол холбогдох байгууллагууд нь энэ талын хяналтыг нэлээд сайжруулах ёстой юм. Жил бүрийн хүүхдийн баяр болохоор л энэ асуудлыг ярьдаг шүү дээ. Энэ асуудлыг гал унтраах хэлбэрээр биш хууль эрхзүйн орчинд нь нэлээд чангатгах, тэгж байж үр дүнд хүрэх ёстой юм.
-Стандартын шаардлага хангахгүй тийм бараа бүтээгдэхүүн байна гээд нэрлэх боломж байдаг уу?
-Энэ асуултад хариулах боломжгүй. Учир нь бид Засгийн газрын хуулиараа хүлээсэн үүрэг нь тусдаа шүү дээ. Мэргэжлийн хяналтын газар, хил гаалийн байгууллагууд дотоодын бүхий л хяналтыг гүйцэтгэж байгаа.
-Тэгвэл стандартад нийцсэн, нийцээгүй гэж ангилах боломж бий юу?
-Манай байгууллага саяхан Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад ирсэн. Ази номхон далайн орны энэ байгууллагад гишүүнээр элсч орсон 37 орон байдаг. Дэлхийн эдийн засгийн 60 орчим хувь, хүн амын 50 орчим хувийг эзэлдэг Америк, Япон, Орос, Канад, Австрали зэрэг орнууд элсэж орсон хүчирхэг байгууллага байдаг.
Энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаар бид эдгээр гишүүн оронд хийсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээж буй юм. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим бий. Худалдаанд гараад байгаа саад зөрчлийг итгэмжлэлийн зарчмаар арилгая гэсэн. Тэгэхээр БНХАУ нь Монгол Улсаас гадна дэлхий даяар хүүхдийн тоглоом худалдаалж байгаа. Хятадын лабораториор шинжилсэн тухайн газрын хяналтын байгууллагаар баталгаажуулсан бүтээгдэхүүнийг бид авах ёстой. Хэрэв үүнд асуудал гарвал Хятадын Засгийн газар өөрөө хариуцлага хүлээнэ. Дэлхийн худалдааны байгууллага ч үүнийг зохицуулах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага, гааль нь хяналтаа тавиад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь чухал. Энэ асуудал бол яваандаа цэгцэрнэ.