С.ЦЭРЭНДЭЖИД
Замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас үүдэн ойрын өдрүүдэд азын дугаарын давхцалтай хэд хэдэн машиныг Замын цагдаагийн газар илрүүлсэн байна. Түүнчлэн азын дугаарын хууль бус худалдааг зогсоохоор ажиллаж байгаа аж. Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч,дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.
-Дугаарын давхцалтай машины ихэнх нь азын дугаартай байсан гэсэн. Тодруулбал ямар ямар дугаарын давхцалыг илрүүлээд байна?
-УБМ8888, УНЛ8888, УБО9999, УБС0001, УБЧ0022, УБН0777, УБӨ0777, УНВ0777 зэрэг азын дугаарын давхцалтай машиныг замын цагдаагийн газраас илрүүлж арга хэмжээ авсан.
-Дугаарын давхцалтай машинуудад ямар арга хэмжээ авсан вэ?
-Эхний ээлжинд давхцсан хоёр дугаарын бүртгэлтэйг нь тогтоож, бүртгэлгүй дугаартай машиныг журамлаж, жолоочийг нь 25000-50000 мянган төгрөгөөр торгосон.
- Цаашид энэ асуудал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
- Хүн ихээр төвлөрсөн худалдааны захуудад азын дугаарыг 7000-15000 мянган төгрөгөөр зарж байна гэх мэдээлэлийн дагуу бид шалгаж байна. Бүртгэлгүй дугааруудын дийлэнхийг нь хувь хүнээс худалдан авсан гэж мэдүүлээд байгаа.Энэ мэтчлэн хууль бусаар азын дугаарыг худалдаалж бизнес хийх тохиолдол газар аваад байна. Мөн азын дугаарын дээрэм, хулгайн гэмт хэрэг ихэссэн тул иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.