Б.УРАН
Барилгынхны дунд чамгүй нэр хүндтэй нэгэн эрхэм өдгөө Сангийн дэд сайдын албан тушаалыг хашиж байна. Тэр бол “Гангар холдинг” группийн ерөнхийлөгч С.Пүрэв. Олон талын боловсролтой, гайгүй сайн толгойтой гэж салбарынхан нь түүнийг магтдаг юм билээ. Уг нь Барилга, хот байгуулалтын яаманд тавьчихсан бол илүү оновчтой томилгоо болох байсан гэх. Улс төрд нэр нь төдийлөн дуулдаад байдаггүй ч бизнесийн салбарт чамгүй амжилттай, бас нэртэй түүнийг Ч.Улаан сайдын хамтран зүтгэгчээр томилсон нь харин ч хүнээ олсон гэх нь ч бий. Сангийн дэд сайд С.Пүрэв Политехникийн дээд сургуулийг төгсөөд 1979-1991 онд Улсын төлөвлөгөөний комисс, төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, газрын орлогч даргаар ажилласан. Үүнээс хойш Сангийн дэд сайд болох хүртлээ “Гангар холдинг” компанийн ерөнхийлөгчийн ажлыг 10 жил авч явсан. Тэрээр 1991 онд “Гангар инвест” компанийг үүсгэн байгуулж, нийслэл хотод хэд хэдэн хорооллыг ашиглалтад оруулаад амжсан. Одоо “Гангар инвест” холдинг болж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлжээ. С.Пүрэв Ардчилсан намын МҮДН фракцийнх. Р.Амаржаргал гишүүний гарын хүн ч гэж ярьдаг юм билээ. 2004 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байснаас хойш улс төрд төдийлөн хутгалдаагүй. Түүний нэрийг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Төвбанкийг удирдах хэмжээний мэдлэгтэй гэж салбарынхан нь үнэлдэг гэсэн.
Хэдийгээр Монголбанкны ерөнхийлөгч болоогүй ч шинээр байгуулагдсан мөнгөний бодлогын зөвлөлд багтсан юм. Ингэснээр мөнгөний бодлогын шийдвэрт Засгийн газрын төлөөлөл болон нөлөөлөх учиртай. Байшин барьдаг дэд сайдад хэзээ ч уйддаггүй нэг хобби бий. Тэр нь чацаргана. Шаггүй сайн жимсчин, ногоочин, тариачин. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн уулзалтад С.Пүрэвийг заавал урьдаг. Манай томоохон тариаланчдын нэг гэж хүндэлдэг юм билээ. Өөрийн сонирхлоор чацаргана тарьж эхлээд одоо компанийнхаа брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний чацарганы том аж ахуй бий.