Ө.ХҮҮ
Ажлын хоёр өдөр гацсан парламент өчигдөр МАН-гүйгээр хуралдаж УИХ-ын даргаа томиллоо. Өглөө эртлэн МАН-ынхан тусгаар тогтнолын ордондоо хаалга үүдээ түгжиж байгаад Бага хурлаа хуралдуулсан ч чуулганы хуралдаанд дахин ирсэнгүй. Харин Д.Дэмбэрэл дарга АН-ын дарга Н.Алтанхуягтай уулзаад “Маргааш бол хуралдаанаа даргална. Өглөө 10 цагаас чуулган хуралдуулах захирамжаа гаргачихсан” хэмээснийг намын нөхөддөө дуулгав. Гэтэл УИХ-ын чуулганы танхимд цугласан АН болоод МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд Д.Дэмбэрэл даргыг хүлээхгүйгээр насаар түүний дараа орох Л.Цог гишүүнээр хуралдаан даргалуулахыг хүссэн юм. Л.Цог “Гишүүд бүгд зөвшөөрвөл хуралдаан даргалъя” гэснээр чуулганы хуралдаан 60.9 хувийн ирцтэй эхэлсэн. Өчигдрийн чуулганы хуралдаанаар ганц асуудал хэлэлцэх байсан нь УИХ-ын даргыг томилох байв. Н.Алтанхуяг З.Энхболд гишүүний тухай товч танилцуулга хийсний дараа асуулт, хариулттай гишүүд үгээ хэлэхээр нэрсээ өгөв. З.Энхболдоос Д.Ганхуяг, Н.Батцэрэг нар асуулт асуусан юм.

-Д.Ганхуяг: Монгол бол ардчилсан эрх зүйт төртэй улс.Сүүлийн жилүүдэд шударга ёс, хууль дээдлэх зарчим алга боллоо. Хүнд суртал, авлига их байна. УИХ-д хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бий. Гишүүд тангарагаа өргөснөөс хойшхи хэд хоногт л хууль зөрчсөн үйлдэл олон гарлаа. Хууль зөрчдөг албан хаагчидтай хэрхэн тэмцэж ажиллах вэ?
-З.Энхболд:УИХ-ыг олонхи хүмүүс хууль тогтоох байгууллага гэж ойлгодог. Гэтэл парламентад хуульд хяналт тавих үүрэг гэж бас бий. Ирэх дөрвөн жилд хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана. Намын ажил төрийн ажлын дараа байх ёстой гэдэг зарчим алдагджээ. Ганцхан зүйл байна. Энэ бол хэн ч байсан хуульд захирагдаж амьдрах.
Н.Батцэрэг: Юуны өмнө Д.Дэмбэрэл гуайг төрийн ахмад зүтгэлтэнийх нь хувьд хүндэтгэж явдаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлаас харахад улс орны биш намын эрх ашгийг өмнөө тавьдаг болжээ. Ахмад гишүүн гэдэг бусаддаа үлгэр дууриал болох ёстой. Ерөөсөө өмнөх УИХ-д хуулийн болоод Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг нь орхигдсон. Үүнийг яаж сэргээх вэ. Үндсэн хуулийг өөрчлөх тухай ямар бодол байна ?
З.Энхболд: УИХ-д хяналт муу байсан гэдэгтэй санал нийлнэ. Засч, залруулах зүйл зөндөө бий. Үндсэн хуулиа бид тодорхой хэмжээнд өөрчлөх ёстой байх. Гэхдээ 2000 оных шиг дордохын долоон өөрчлөлт хийх юм бол хэрэггүй гэж үзэж байна.
Асуулт, хариулт дууссаны дараа зарим гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм.
Ц.Даваасүрэн: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д кнопоор ирц бүрдүүлдэг сөрөг зүйл тогтсон. Би тухайн үеийн УИХ-ын даргад байнга хэлдэг байсан. 10 гаруй гишүүн суучихаад л 40 гаруй хүний ирцтэй гээд хууль баталдаг юм. Бид өөрсдөө ингэж хуулиа зөрчөөд байхаар, иргэдээсээ яаж хууль биелүүлэхийг шаардах вэ. Тиймээс ирцээ бүрдүүлж, хуулийн дагуу ажиллаасай. Мөн Оюутолгой, Тавантолгойд өнгөрсөн хугацаанд гарсан алдааг зогсоож, иргэдэд буцааж өгөх юм шүү.
Г.Уянга: З.Энхболд гишүүнийг сайн ажиллана гэдэгт итгэж байна. УИХ-ын чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн даргална гэж Үндсэн хуульд хоёрдмол утгагүй заажээ. Цаашид энэ асуудал Цэцэд очвол яах вэ. Бид хүлээх нь юу нь буруу байна. Энэ бүх зүйл эцэстээ Үндсэн хуультай холбоотой учир Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй юм.
Ж.Батзандан: Парламентын зохицуулагч, спикер гэдэгтээ орж ажиллаарай. Өмнөхийнхөө алдааг бүү давтаарай. Төрийн ордныг түмний ордон болгоё. Иргэдээ хүлээж авдаг өрөөгөө томруулж, цагийг нь сунгамаар байна. Эцэст нь энэ УИХ ард түмний сонголтоор байгуулагдсан учир төрийн бүх байгууллагуудад аудит оруулмаар байна. Өр зээлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байх. Одоо 9 тэрбум долларын өртэй гэж байна. Үүнийг нарийвчлан гаргах хэрэгтэй.
А.Бакей:Энэ удаад их өвөрмөц УИХ ажиллах гэж байна. УИХ Засгийн газрынхаа дор орчих гээд байдгийг засаарай. Өнөөдрийн чуулганы хуралдааныг хуулийн дагуу явж байгаа хэмээн үзэж байна. Дэгийн тухай хуульд хамгийн ахмад нь чуулган даргална гэснээс нийт бүрэлдэхүүний эсвэл тангараг өргөсөн гишүүдийн гэж заагаагүй. Тэгэхээр чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн хамгийн ахмад нь хурал даргалж болж буй юм.
Ийнхүү УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын даргыг томилох тухай санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 42 гишүүний 40 нь зөвшөөрснөөр 95.2 хувийн саналаар Монгол Улсын зургаа дахь спикер З.Энхболд боллоо.