
Э.ОРХОН
Монголын мянга мянган ээжүүд зүрх сэтгэл, үзэл бодлоо нэгтгэн эх орныхоо сайн сайхны төлөө нэгдэж монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг “Хөх монголын үр сад ээжүүдийн сүүн цацал доор нэгдтүгэй” уриан дор өчигдөр зохион байгууллаа. Монгол ээжүүдийн их хуралдайд 1500 гаруй халамжит хань, элбэрэлт ээжүүд цуглан зовлон жаргалаа хуваалцаж нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Ээжүүд өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлаар үзэл бодлоо нэгтгэж санал шүүмжлэлээ илэрхийлсэн юм. Монгол ээжүүдийн сэтгэл санааг зовоосон хамгийн том асуудал нь архидалт гэдгийг энэ хуралдайд оролцогчид санал нэгтэйгээр хэлж байлаа. Энэ үйл ажиллагааг дэмжин Засгийн газрын гишүүн Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Цог нар оролцсонд ээжүүд баяртай байсан юм. Энэхүү үйл ажиллагааг санаачлагчтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачлагч А.Одончимэг:
МОНГОЛ ЭЭЖҮҮД ОЛУУЛАА ГЭДГЭЭ ХАРУУЛСАН
-Удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Мянган ээжийн баяр буюу Монгол ээжүүдийн их хуралдай болж байна. Энэ хуралдайг яагаад зохион байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?
-Өнөөдөр Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдай болж байна. Хуралдайд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1500 гаруй ээж оролцож байна. Мөн Австрали болон Швед улсад амьдардаг монгол ээж оролцож байна. Хуралдайн гол зорилго нь манай улсын нийгэмд тулгарч байгаа шударга бус байдал, улс төрийн хэлмэгдүүлэлт, алдарт эхийн одонт болон өрх толгойлсон, хоригдол, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд зэрэг олон мянган эмэгтэйчүүдийн дуу хоолойг төр засагт хүргэх зорилгоор зохион байгуулсан юм. Шадар сайд Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ аварга зэрэг хүмүүс дэмжин оролцож мэндчилгээ дэвшүүлж байгаад монгол ээжүүд баяртай байна.
-Энэ арга хэмжээ цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Хурлын үр дүнг хэрхэн харж байна?
-Монгол ээжүүдийн хуралдайг анх удаа зохион байгуулж байна. Хуралдайгаар хэлэлцэж байгаа асуудлаа нэгтгэн өнөөдөр төр засгийн өндөрлөгүүдэд эхчүүдийн өргөл хэмээх тунхаг бичиг барина. Өргөх бичгийн хариуг сарын хугацаанд авах юм. Хуралдайг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах болно. Энэ жилийн хуралдайг улс төрийн хатуу тэмцлийг сонгон авсан найман ээж санаачилж зохион байгуулсан. Бид төр засгаас өөрийн хүссэн хэмжээнд хариугаа авч чадаагүй ч төрийн өндөрлөгүүдэд дуу хоолойгоо хүргэж ээжүүд олуулаа гэдгээ харуулж чадсан. Тиймээс төр засгийн зүгээс энэ олон ээжүүдийнхээ санал санаачлагыг хүлээж аваасай гэж хүсэх байна.
-Удахгүй Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болох гэж байна. Тиймээс монголын мянга мянган ээжүүддээ зориулж юу хэлэх вэ?
-Олон Улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр буюу эрхийг хамгаалах өдөр болно. Тиймээс монгол ээжүүдийн төлөөлөл болон өнөөдөр цугласан 1500 ээжийн өмнөөс нийт ээжүүддээ эх хүний сүүн сайхан цацлыг өргөе. Монгол ээжүүд бүгд айдасгүй, шударга нийгэмд амар тайван амьдарч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх болтугай гэж хүсье. Мөн өнөөдөр шударга ёс, эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар тайван амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүй хойчийн төлөө эхчүүд бид нэгдэж дуугарах, хуралдах цаг ирсэн байна. Монгол эрчүүд төрийн өндөрлөгт гараад 23 жил ардчилалыг хөгжүүллээ. Энэ хугацаанд эрчүүд маань газар нутгийнхаа ихэнхийг харь оронд лиценз нэрээр олгож, Монгол оронд авлигыг өгч авах зэргийг цэцэглүүсэн. Өнөөгийн нийгэмд ямар ч монгол ээж авлигыг өгч авдаггүй. Газар шороо лицензийн наймаанд оролцдоггүй. Тиймээс эрх нь зөрчигдөж байгаа олон мянган ээж, хүний наймааны золиос болж байгаа охид эмэгтэйчүүд, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал зэрэгт эхчүүд дуу хоолойгоо нэгтгэж бидэнтэй хамт байгаарай гэж хүсье.
Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг Монголын үндэсний цирк дэмжин оролцож байгаа ажээ. Тиймээс энэ үеэр тус циркийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадамын сэтгэгдлийг сонслоо.
Х.Пүрэвбадам:
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ
-Анх удаа зохион байгуулж байгаа монгол ээжүүдийн их хуралдайг АСА цирк дэмжин оролцож байна. Энэ арга хэмжээнд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Аливаа зүйл эх гэдгээс эхлэлтэй байдаг. Бид эхээс үүдэлтэй эцгээс гаралтай. Тийм учраас өнөөдрийн зохион байгуулж байгаа монгол ээжүүдийн их хуралдай арга хэмжээг манай байгууллага дэмжин оролцож байна. Арга хэмжээнд 21 аймаг хот болон нийслэлд амьдран суугаа энэрэнгүй сайхан ээжүүд хуран цуглажээ. Энэ үйл ажиллагаанд УИХ болон Засгийн газрын гишүүн оролцож байгаа нь өнөөдрийн арга хэмжээ хэр өргөн цар хүрээтэй болж байгааг илтгэж байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтөний сайн сайханы төлөө ээжүүд дуу хоолойгоо нэгтгэж байгаад талархаж байна. Энэ ч утгаараа эгэл жирийн ээжүүдийн нэг төлөөлөл болж оролцож байгаадаа баяртай байна.
-Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтаж ээжүүддээ хандаж юу хэлэх вэ. Мэндчилгээ дэвшүүлээч?
-Монгол ээжүүдийн үр хүүхдээ, орон гэр, эр нөхөр, өвөг дээдсээ хайрлан хүндэлж байдаг агуу сэтгэл хойч үедээ уламжлагдах болтугай. Эрийн түшиг, гэрийн алтан багана, төрийн төлөө зүтгэж явсан агуу хатад шигээ сайн сайхан зүйлийн төлөө бие сэтгэлээ чилээж яваа ээжүүддээ сайн сайхныг хүсье. Монгол хүн битгий муухай байгаасай, хүний нүдэнд битгий муу үзэгдээсэй. Хүн болж төрсөн шигээ ариун тунгалаг байх болтугай. Тиймээс эрүүл энх, саруул сайхан, уужим ухаантай эвтэй найртай байх ерөөлийг дэвшүүлье.
Хэнтий аймгийн Дадал сумын иргэн, урлаг судлаач Ч.Нарангэрэл:
МОНГОЛ ЭХИЙН СЭТГЭЛИЙГ ТАЛЦУУЛЖ, ТОГЛООМ БОЛГОХ УЧИРГҮЙ
-Та хаанаас ирсэн бэ. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа сэтгэгдэл ямар байна?
-Монголын ээжүүдийн анхдугаар их хуралдайд оролцож байгаадаа баяртай байна. Би Хэнтий аймгийн Дадал сумаас 570 км замыг туулаад ирлээ. Өнөөдрийн хуралдайд оролцож байгаа ээжүүд бүгд өөрийн гэсэн зөв сайхан бодолтой оролцож байгаа нь харагдлаа. Бид хэдий хөдөө орон нутагт амьдардаг ч мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь хүлээн авч сонсдог. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа ээжүүдийгээ хараад бахархах сэтгэл төрж байна.
-Хуралд оролцсоноор юу олж харав. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд, ээжүүд ямар оролцоотой байх ёстой гэж та бодож байна вэ?
-Монголд өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, үүрэг хариуцлага өндөр байх ёстой гэдгийг харж байна. Мөн олон ээж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг хөндөн ярьж байгаад нь баяртай байна. Эмэгтэйчүүдийн тэгш эрх, газар нутаг, авлига хээл хахууль зэрэг олон асуудалд бид бүгдийн оролцоо хэрэгтэй байгааг эндээс олж мэдлээ. Монгол эмэгтэйчүүд ачаалал ихтэй амьдардаг. Ажил хөдөлмөр эрхлэхээс гадна гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөх зэрэг монгол эхийн өгөөмөр сайхан сэтгэлийг ямар нэгэн байдлаар талцуулж, тоглоом болгох учиргүй.