Улс төр судлаач Л.Эрдэнэтуул МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарт хандан захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг захидалд дурьдахдаа, ‘’Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү захидлыг минь анхааралтай, тогтуун уншиж тунгаахыг Танаас хичээнгүйлэн хүсье. Миний бие эзэмшсэн мэргэжил, сурсан эрдмийн чиглэлээр даруй 23 жил хөдөлмөрлөж, улмаар “улс төр судлаач” хэмээх ахадсан өргөмжлөлийг олон нийтээс хүртсэндээ баярлаж явдгаа нуух юун. Сүүлийн үед улс оронд маань үүсээд буй нөхцөл байдал миний биеийг монгол хүний хувьд ч, судлаачын хувьд ч асар их түгшээж байна. Монгол улс, монголчууд бид сүйрлийн ангал руу хамгаалалтын бүсгүй нисэж байгаа сэтгэгдэл төрж, улам лавширсаар байна. Таны хувьд ч төстэй мэдрэмж байгаад үл эргэлзэн, олныг нуршилгүй, цаг үеийн зарим түгшүүртэй шинж тэмдгүүдээс хуваалцвал:
· АН-ын зоргоороо авирлах нь хирээс хэтэрлээ. Та бидний зөрчилтэй байдлыг далимдуулан АН-ын эрх баригч олигархи бүлэглэл чимээгүй төрийн эргэлт хийсэн гэж би дүгнэж байна. Төрийн эргэлтийн 3 үндсэн шинж тэмдэг нэгэнт тодорчихлоо. 1-рт, засгийн эрх буюу төрийн гурван өндөрлөгт АН-ын төлөөлөл байна, 2-рт, хүчний байгууллага төдийгүй шүүх засаглал тэдний гарт орсон, 3-рт харилцаа холбоо, олон нийтийн санаа бодлыг худалдагдсан хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр дамжуулан АН тодорхойлж байна. Ийм байдалд хүрсэнд та бидний аймтгай, арчаагүй, шийдэмгий бус байдал багагүй нөлөө үзүүлж байгаа нь гашуун боловч хүлээн зөвшөөрөх ёстой үнэн билээ.
· АН-ыхан улс орны төлөө хатуу бодлого явуулж байна гэж үзэх ямар ч үндэс алга. Гол зорилго нь өөрсдийг нь үг дуугуй тогтмол сонгодог тархиа угаалгасан тогтвортой электоратыг бий болгож, монгол төрийг хувийн эрхшээлдээ оруулах явдал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Үүний ард дунд гарын үндэстэн дамнасан корпорацуудын сонирхол, урд хөршийн стратегийн бодлого явж байгаа гэсэн нилээд үндэслэлтэй хардлага байгааг нуух юун. АН жил хүрэхгүй хугацаанд ардчиллын онолоо ор тас мартаж, үндсэндээ 21-р зууны фашист дэглэм тогтоож эхлээд байгааг бид зүгээр хараад суух уу? АН гээч нам хуучин большевикуудын улс төрийн технологийг орчин цагийн барууны тархи угаах технологитой гарамгай хослуулж чадаж байгааг анхааруулъя.
· АН-ын фашист бодлогын цөм нь Ц.Элбэгдорж, түүний формал болон формал бус эрх мэдэл гэдэгтэй Та бүхэн маргахгүй буйзаа. Тэрээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол ардчилсан халхавчтай фашизм Монголд төгс биеллээ олно гэдгийг нууж хаалгүй хэлэхийг хүсэж байна. Уг хүн нь өөрөө эх оронч диктатор Уго Чавес, В.Путин, Каддафи г.м биш учраас энэ хүний засаглал монголчуудад гагцхүү гай чирнэ гэдгийг элдэв хачиргүйгээр шулуухан хэлчихье. Ёс суртахууны хувьд төлөвшөөгүй, өөдгүй хүн засгийн оргилд гарахад бүх буг чөтгөрүүд нүх сүвнээсээ гарч ирдэгийг түүх гэрчилнэ. Ц.Элбэгдорж үнэндээ хар мөртэй, хар энергитэй хүн гэдгийг хамтран ажиллаж байсны хувьд, эгэл эмэгтэй хүний өнцгөөс хэлчихье. Хүний амиаар золиос хийхээс цэрвэдэггүй хугас-хүн монгол төрийн Тэргүүн сэнтийд залрахыг та бид хүлцэнгүй хараад суух уу?
· Нийгмийн соёл боловсрол, ёс суртахуун улам доройтсоор байна. Залуу үеийн дийлэнхи хэсэг оюун ухааны, ёс суртахууны хомсдолд орж, дебилжэж байна. Мухар сүсэг цэцэглэж, хүмүүсийн мэдээлэл боловсруулах, шүүж үнэн худлыг ялгах чадвар устаад байна. Интернет, ТВ, сонин, бөө удган, элдэв номлогч, Орифлэйм мэтийн сүлжээнийхний хэлсэн болгонд сохроор итгэдэг сонгогчдын корпустай улс оронд ямар гээч ардчилал хөгжих юм бэ? Мунхагжсан ард түмэн юу бүтээн босгох вэ? Ядахдаа олигтой хүмүүсээ сонгож чадахгүй, совестоо бүрэн алдсан адгийн шааруудыг толгой дээрээ дахин дахин залах болно. Тэд нар нь ч ядахдаа томоохон хүчирхэг улс гүрнийг бараадахын оронд монголын баялгийг нэг муу дунд гарын корпорацуудад өгчихнө. Монголыг маань нэг иймэрхүү бараан ирээдүй хүлээж байгааг социализмын үеийн совестийн хугархай үлдсэн монгол хүний хувьд Та бүхэнд анхааруулах нь зөв гэж өчүүхэн би үзсэн юм.
Гэхдээ цөхрөөд, гараа хумхиж суудаг хүн би биш. Зарим хүмүүсийн хүсэж байгаагаар гутарсандаа лонхны ёроол шагайдаг нь ч биш. Та ч биш гэдэгт итгэж байна. Ойрын болон хэтийн төлөв, хоорондын аар саар зөрчлөө умартан бид хамтдаа юу хийж чадах вэ гэдэг асуудлаар намын Лидер хүний хувьд биечлэн уулзаж, санал солилцох хүсэлтэй буйг минь хүлээн авна уу. Таны тааламжтай өдөр, цагт миний бие уулзахад бэлэн байна. Энэхүү ноцтой үед Таны Лидер гэдгээ нотлох чадвар, зоримог, шийдэмгий чанар , воля уучлаарай, энэ ойлголтыг монголоор оновчтой орчуулж чадсангүй онцгой үүрэгтэй шүү гэдгийг как раз судлаачын хувьд цохон тэмдэглэе. Надад ойрын үед хэрэгжүүлэх боломжтой, манай намуудын тус тусын эрх ашгийг хөндөхгүй ажил хэрэгч, тодорхой санал байгаа бөгөөд түүнийг биечлэн санал солилцож, хэлэлцэхийг хүсэмжилж байна. Таныг гүнээ хүндэтгэсэн улс төр судлаач Л.Эрдэнэтуул гэжээ.