Б.БАРС
Грекээс орчуулбал католикус нь бүх нийтийн гэсэн утгатай үг. Хүн төрөлхтний 20 шахам хувийг бүрдүүлдэг 1.2 тэрбум католик шашинтны тэргүүнийг Ромын пап гэх. Түүний албан ёсны ордон Италийн нийслэл Ромын төв хэсэгт орших бэсрэг улс Ватиканд бий. Найман жилийн өмнө Ромын папын сэнтийд заларсан XVI Бенедикт өчигдөр албан ёсоор католик шашны тэргүүний албыг орхилоо. Үүнтэй холбогдуулан тэрээр гэгээн Петрийн талбайд хуран чуулсан 100 мянга гаруй сүсэгтэн олны өмнө үг хэлсэн юм. XVI Бенедикт хурсан түмэнд хандан, “Сүүлийн хэдэн сарын турш эрч хүч маань улам бүр доройтохыг мэдэрч, бурханд хандан өөрийнхөө төлөө бус, сүсэгтэн олны төлөө цорын ганц зөв шийдвэр гаргахыг гуйсан билээ. Би Ромын папын албыг орхих шийдвэрийг маш сайн бодож тунгаасны эцэст гаргасан. Энэ албанаас буусан ч би бурханд, шашин шүтлэг, сүсэгтэн олныхоо төлөө зүтгэсээр байх болно” гэжээ.
Йозеф Ратцингер буюу XVI Бенедикт гэнэт албан тушаалаасаа огцорсон нь Ватиканд цоо шинэ олон асуудал үүсгэжээ. Учир нь сүүлийн 600 жилийн турш бүх Ромын папууд тэнгэрт хальтлаа энэ албаа хашдаг байв. Иймд 85 настай XVI Бенедикт цаашид хаана, юу хийж, хэрхэн амьдрах талаар Ватиканы түшмэд нилээд олон удаа чуулсаны эцэст хэд хэдэн тодорхой шийдэлд хүрчээ.
Юуны өмнө түүнийг өнөөдрөөс эхлэн Ромын хүндэт пап гэж дуудахаар тогтсон байна. Ватиканаас өгсөн XVI Бенедикт нэрээ ч авч үлдэх гэнэ. Түүнд хандахдаа урьдын адил “Эрхэм гэгээнтэн” гэх ёстойг ч нарийвчлан заасан аж. Тэрээр гурван сар Ромын папын зуны харшид амьдарч байгаад эргээд Ватиканы нэгэн жижиг хуучин сүмд байнгын оршин суухаар болжээ.
Ромын хүндэт пап энгийн лам нар шиг хар өмсгөл бус цагаан өмсгөлөө хэвээр өмсөх гэнэ. Гэхдээ элдэв чимэглэл, сүртэй малгайнаасаа салах аж. Зөвхөн Ромын пап нарын “гангардаг” улаан гутлын оронд тэрээр Мексикт гар аргаар хийсэн хүрэн өнгийн гутал өшиглөх гэнэ. Үүнээс гадна XVI Бенедикт Ромын папын алтан бөгжнөөс салах юм. Ватиканы уламжлалт ёсны дагуу түүний бөгжийг тусгай мөнгөн алхаар хага цохин бүрэн устгадаг байна. Түүний хувийн тамгыг ч ийм аргаар устгах аж.
Тэрээр Ватиканы ямар нэг үүрэгт ажил хийхгүй бөгөөд гагцхүү залбирал үйлдэн шашиндаа зүтгэх гэнэ. Гавьяаныхаа амралтад гарч буй түүнд чөлөөт цаг их гарах нь ойлгомжтой. 200 мянга гаруй боть бүхий номын сантай экс-Ромын пап ном уншихаас гадна төгөлдөр хуур тоглох, Ч.Чаплины хар цагаан инээдмийн кино үзэх зэргээр цагаа нөгцөөх бололтой.
Түүнийг даган хувийн эмч нар нь үйлчилгээний хэдэн гэлэнмаагийн хамт нүүх ажээ. Үүнээс гадна Ватикан XVI Бенедиктэд сарын 2.5 мянган еврогийн тэтгэвэр олгохоор болжээ. Их мөнгө биш боловч тэрээр хоол унд, эмчилгээ сувилгаа, харуул хамгаалалт гээд бүхий л зүйлд мөнгө төлөхгүй юм.