Ч.ОЛДОХ

Улстөрийн хүрээний­хэн МАХН руу чих тавьж байна. Уг нь тус нам хаал­га үүдээ барилгүй нээлттэй хуралдаж,  Бага чуулга­наар хэлэлцэх асуудлаа хэдэн сарын өмнөөс зарлаж, хуралдах  үеэрээ  ч ил тод мэдэгдэж байсан. Гэсэн ч хөшигний цаана юу хэлэлцсэн бол, МАН-ынхантай нэгдэх үү, Ерөн­хийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ  гэсэн асуулт, хардлага, таамгууд хөвөрсөөр байна. МАХН-ын удирдлагууд, нарийн бичгийн дарга нар хэвлэлээр байр сууриа илэрхийлж байсан ч сэтгүүлчид л болсон хойно ямар нэгэн мэдээллийг нууж байна гэж үзэж, тэгж ч бичиж байгаа юм. Энэ байдлыг  тус намынхан ойлгосон уу, эсвэл тус намын хэвлэл, мэдээлэл­тэй харилцах алба мэд­рэмж­тэй хандсан уу, ерөөс мэдээлэл хийх асуудал нь тэгж таарсан уу өчигдөр хэвлэлийн хурал хийж  хэд хэдэн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Олон нийтийн сонирх­лыг ихээхэн татаж буй  хоёр нам нэгдэх үү. Танай намын дарга Н.Энхбаяр МАН-тай бус АН-тай хамтрах чиглэл өгсөн нь үнэн үү  гэсэн  асуултад тус намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбиш­дагва “Манай нам аль ч улс төрийн хүчинтэй  хамтарч ажиллах асуудал нээлттэй. Энэ бол ганц  МАН ч биш  бусад  намтай хамтарч ажиллах боломж­той гэсэн үг” гэв.

Ирэх  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  МАХН-ыг тойрсон олон асуулт гараад байгаа. Эхнийх нь шинэчлэлийн Засгийн газарт орсон гэрээнийхээ дагуу АН, ИЗНН, “Шу­дарга ёс” эвсэл хамтарч сонгуульд оролцох уу, эс­вэл тус тусдаа нэр дэвшүү­лэх үү гэдэг асуулт. Үүнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай нам ярьсан, хэлсэндээ байхыг эрхэмлэдэг. “Шударга ёс” эвслийн  байр суурь чухал. Анх  эвсэл байгуулахдаа ярьж хэлсэн зүйлүүдээ дагаж мөрдөнө” гэв. Мөн орон нутгийн сонгуульд орол­цох­доо Засгийн газар байгуулсан гэрээгээ дагах уу гэхэд олонхийг бүр­дүүлж буй АН хуулиа ба­римтална гэсэнд нь хүн­дэтгэлтэй хандсан гэдгээ онцлов. Үүнээс үзэхэд, МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар  дотооддоо яриад зогсохгүй эвсэлд нэгдсэн МҮАН-тай, мөн Засгийн газарт хамтарсан ИЗНН, АН-тай хэлэлцэх  бололтой.

Аливаа улс төрийн хүчин, нам, эвслийн хувьд Их хурал, Бага чуулга­наараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүсийн тухай зайлшгүй хэлэлцдэг. Энэ удаагийн Бага чуулга­наар ч боловсон хүчний асуудал ярьж, түүний зэ­рэгцээ  нэр дэвших боломж бүхий  хүмүүс хэн байгаа талаар байр сууриа тодруулжээ. Гэхдээ энэ нь боломжтой гэж үзсэн хувилбар болохоос юу юугүй  нэр дэвшүүлж бай­гаа юм биш  гэдгийг тэд хэлж байна. МАХН-ын нийт гишүүдийн саналаар дөрвөн хүнийг Ерөнхий­лөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэсэн байна. Тухайлбал, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан нарыг нэрлэжээ.

Сүүлийн үед   дуулдаж байсан намын бүтцэд өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг   Бага чуулганаа­раа  хэлэлцэж шийдсэн байна. Бүтцийн  энэхүү өөрчлөлтөөр МАХН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар Г.Бямбасүрэнг, орон нутаг хариуцсан нарийн бич­гийн даргаар Н.Ангараг, намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Нан­жидыг, намын сан, хө­рөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар П.Хангал, гадаад харил­цаа, сургалт судалгаа ха­риуцсан нарийн бичгийн даргаар У.Барсболд, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бич­гийн даргаар О.Лхагва­цэдэнг, хэвлэл, мэдээлэл хариуцсан нарийн бич­гийн даргаар Ч.Чимид­сүрэн нарыг тус тус сонгосон байна.