Л.БЭХ

 

Сүүлийн үед Урт­цагаан үйлчилгээний төвийн байранд шунаж шүлэнгэтсэн зарим хүмүүс уг төвийн талаар хэвлэл мэдээлэл, сайтуу­даар ор үндэсгүй гүтгэлэг зохиож шуугиан дэгдээ­сээр байна. Үүний гол зохиогч нь Нийс­лэлийн өмчийн газрын зарим ажилтнууд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөө­лөгч гэх Д.Ганболд нар юм.

Эдгээр хүмүүс бодит баримтаас тэс өөр зүйлийг санаанаасаа зохиож хүний нэр төрд эрээ цээр­гүй халджээ. Уртцагаанд хөрөнгөө оруулж түрээ­сэл­сэн 20 орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 30 аж-ахуйн нэгж, хувь хүмүү­сийн нэр төрд хуульгүй юм шиг халдаж гүтгэлгийн компанит ажил өрнүүлж байна. Уртцагаан үйлчил­гээний төв нь 1960 онд үйлдвэр хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, ул­маар 1990-ээд онд Нийс­лэлийн өмчид шилжжээ. 1990 онд УБ хотын бүх ахуй үйлчлилгээний төвүүд хувьчлагдан бүгд баар, худалдааны лангуу болж 2000 гаруй хүн гудамжинд гарсан байхад ганц Урт­цагаан үйлчилгээний төв зориулалтаа өөрчлөөгүй­гээр үйл ажиллагаа явуулж, одоогийн түрээ­сээр эзэмшиж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь хуучин ахуй үйлчил­гээний ажилчид юм. Энэ төвд одоо 600 орчим хүн ахуй үйлчилгээний ажлаа эрхлэн амьдралаа залгуул­саар байна.

1990-ээд оны сүүлчээр их засварт орох шаард­лагатай болж Нийслэлийн засаг даргын захирамжаар тэнд ажил үйлчилгээ явуулж буй түрээслэгч­дийн хөрөнгөөр засвар­лахыг зөвшөөрч хөрөнгө оруу­лалтын гэрээ бай­гуулж удаан хугацааны түрээ­сийн гэрээ байгуул­жээ. Энэ гэрээний дагуу бүх түрээслэгчид 20-530 сая хүртэл төгрөгийн хөрөнгө оруулж НӨХГ-аар хянуу­лан хүлээлгэн өгч хөрөнгө оруулалтаа баталгаажуулж гэрчилгээ­жүүлсэн байна. Хөрөнгө оруулагч 30 аж ахуйн нэгж 600 гаруй хүмүүсийн ажлын байрыг хамгаалж 20 орчим жил тогтвортой ажиллуулж байгаа билээ. Сүүлийн үед ажилчид өөрс­дөө бие дааж аж ахуй­гаа эрхлэх болж орлого, зарлагаа өөрсдөө тооцож эзэмшиж буй байр­ныхаа үнэ хөлс зардлыг оногдох хэмжээгээрээ төлж бай­гааг давхар түрээс хэмээн хөөрөгдөж мушгиж гуйвуулах болов.

Сэтгүүлч Б.Долзодмаа бичихдээ маш бага түрээс төлж, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны зардлыг НӨХГ-аар төлүүлж түрээ­сийн гэрээг нэг ч удаа дүгнээгүй гэж гүтгэ­жээ. Түрээ­сийн талбайн төлбөрийг НИТХ-аас ялгавартай баталж дулаан, цахилгаан, цэвэр бохир усны төл­бөрийг мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу гэрээнд нэмж тус­гаж, харуул манаа, цэвэр­лэгээ, урсгал засвар, ца­хил­гааны зард­лыг түрээс­лэгч нар хариу­цан төлдөг болно. Хотод төлөх 1м2-ын үнэ 9-10 мянган төгрөг, ашиглал­тын зардлыг нэм­бэл 12 мянга орчим төг­рөгийг оногдох талбайгаар төлдөг. Энд ямар ч зөрчил гардаг­гүй. Үсчин, гутал­чин, оё­дол­чин, дархан, засварчин нар үүнээс илүү төлбөр төлөх ямар ч бо­ломжгүй юм. Гэтэл Б.Долзодмаа “Уртцагааны луйвар” гэх хий хоосон зохиомж сенсац үүсгэж Си-А-Ти группын Анома компа­нийг янхны газар байгуулж, том дарга нарын өвөрт охидуу­дыг оруулдаг, “Хорго” ресто­раны дээр Т.Бадам­жунайн нууц баар байгаа гэжээ. Хүний ой тойнд яаж ийм зүйл багтдаг байна аа. Т.Бадамжунай, Ч.Бат нар Уртцагаанд юу байдгийг ч мэдэхгүй, уг байрны дотор орж ирж үзээгүй гэхэд хэлсдэхгүй. Бодвол эдгээр хүмүүс нэр төрөө сэр­гээлгэхээр шүүхэд хандаж байгаа байх.

Давхар түрээсээр маш их олдог гэж луйварчнаар цоллуулсан нэг ком­па­нийн 2012 оны 12-р сарын ашиг орлогын гэрээ ба­рим­таар нь тулган шалгаж үзэхэд түрээслэгч хүмүү­сээс 4820.0 мянган төгрөг авч үүний 3470.0 мянган төгрөг (дулаан, цэвэр, бохир ус, хог, газрын төл­бөр багтсан)-ийг НӨХГ-т, 280.0 мянган төгрөгийг цахилгаанд, 3 ээлжийн харуул хамгаалалтын хүнд 750.0 мянган төгрөг, цэвэр­лэгч үйлчлэгчид 200.0 мянган төгрөг, ариун цэврийн материал 30.0 мянган төгрөг тус тус зар­цуулж 90.0 мянган төгрөг үлдсэн байна. Энэ нь ашиг олж байгаа хэрэг үү.

Мөлжигдөж байгаа гэх зарим хүмүүстэй уул­заж сэтгэгдлийг нь сонслоо. V корпуст цайны газар ажлуулдаг тогооч Г.Бадамсүрэн:

10 гаруй жилийн өмнөөс энэ цайны газрыг баар байхад нь ажиллуулж байгаад компанидаа хүсэлт тавьж цайны газар болгон бие дааж ажил­луулахаар тохиролцон ор­логынхоо тодорхой хэсгээс эзэмшиж байгаа байр­ныхаа төлбөрийг төлж аж-ахуйн тооцоогоор 6 хүнтэй ажиллаж эхэлсэн. Одоо сард байрны хөлсөнд 350 мянга, тоног төхөөрөм­жийн эзэнд 150 мянган төгрөгийг төлж бусад ор­логоо өөрөө авдаг. Ком­панийн хөрөнгөөр тохи­жуулж тоноглосон бэлэн байранд үйл ажиллагаа явуулснаар манай амьдрал дээшилж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж 2 давхар орон сууц барь­сан. Манай компани давхар түрээсээр ашиг олж байгаа юм огт байхгүй. Тус компани хэдэн зуун сая төгрөгийн барилгын ажил хийдэг бөгөөд бидний түрээсийг нэмж ашиг олох ямар ч шаард­лагагүй. Бид компанийн хөрөнгө оруулалтаар барь­цаалж улирал бүр зээл авч хоолны материалаа бэлддэг гэлээ.

4-р корпусын 2-р давхарт оёдол эрхэлдэг Д.Долгормаа би энэ ком­панийн хөрөнгө оруулж засч тохижуулсан 30м2 талбайтай байранд оёдлын үйл ажиллагаа эрхлээд 10 гаруй жил болж байна. Хоёр ээлжээр 6 хүнтэй ажилладаг. Сардаа бид зургаа 390 мянган төг­рөгийг хувааж төлдөг. Гэ­тэл НӨХГ-ын шалгалтын гэх нэгэн эмэгтэй хүн тус бүрээс дээрх мөнгийг авдаг мэтээр судалгаа гаргаж удирдлагууддаа буруу танилцуулсан байна лээ. Уг нь компанийн ажилтан байгаад хувиараа эрхлэх аж ахуй байгуулж бие дааж ажилладаг бол­сон. Манай компанийн авч байгаа байрны төлбөрт НӨХГ-ын төлдөг байрны түрээс, дулаан, цэвэр бохир ус, хог, газрын төл­бөр зэргээс гадна цахил­гаан, харуул манаа, өд­рийн жижүүр, цэвэрлэгч, урсгал засварын зардлыг оруулаад төлдөг энэ бол давхар түрээс биш. Давхар түрээс гэдэг бусдыг мөлжиж их хэмжээний орлого олдгийг хэлэх байх.

“Нийслэл таймс” сонин энд огт хамааралгүй нийслэлийн үе үеийн удир­дах хүмүүс болон МАН-ын зарим хүмүү­сийг хамруулж улс төр­жүүлж тэдний зураг хөргийг хэвлэлд тавьж нэр төрийг гутаажээ. Хотын дарга агсан Ж.Наран­цацралт болон М.Энх­болд, Т.Бадамжунай, Ч.Бат, Г.Мөнхбаяр нарын хэн нь ч гэсэн Урт цагаа­наас улаан мөнгө аваагүй, харин ч ахуй үйлчилгээ­ний ажилчдыг ажлын байраар хангахыг дэм­жиж байсан хүмүүс гэдгийг Уртцагаанд ажиллагсад цөмөөрөө нэг дуугаар хэлнэ. Засаг дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн сайд Н.Бат­баяр, талийгч Ж.Наран­цацралт нарын эгч дүү болох хүмүүс энд үйл ажил­лагаа явуулдаг нь үнэн. Тэд тал­байгаа өөрийн хөрөнгөөр засч тохи­жуулан бусдын жиши­гээр түрээс, ашиг­лалтын зардлаа төлж амьдарч яваа жирийн хү­мүүс. Тэндээсээ овойсон ашиг олж ах дүү нараа мөнгөөр угжиж буй зүйл огт байхгүй. Үүнийг шал­гаж үзэх хэрэгтэй.

Дөнгөж амьдралаа зал­гуулж яваа ахуй үйл­чилгээ эрхэлдэг гутал­чин, засварчин, үсчин, дархан, тогооч нар МАН-ын дарга нар, Эрдэнэ­тийн ерөнхий захирал Ч.Ганзориг нарыг санхүүжүүлдэг гэхэд хөх инээд хүрмээр зүйл.

Иргэний хуулиар 10-аас дээш жил түрээсэлж тогтвортой ажиллуулсан хүмүүс хувьчилж авах эрхтэй гэж заасны дагуу одоогийн хөрөнгө оруу­лагч түрээслэгч нарт хувьчилж өгөх нь шудрага ёсонд нийцнэ.

Урт цагаан үйлчил­гээ­ний төвийн газарт шунасан жинхэнэ улаан луйварчдын гар хөл болж хэвлэлээр зохиомол хэрэг үүсгэж хий хоосон улс төр хийж байгаагаа зогсоох хэрэгтэй гэдгийг Б.Долзодмаа, Д.Ганболд нарт анхааруулж байна. Бид шүүхээр нэр төрөө сэргээж дараагийн арга хэмжээнд шилжих болно.