Б.САНСАР
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шинэ Засгийн газарт Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй Жон Керри гадаадын анхны тойрон аяллаа хийж байна. Тэрээр Англид анхлан хөл тавьсныхаа дараа ХБНГУ-д айлчилж байгаа бөгөөд улмаар Францаар дайраад Египет, Саудын Арабд очих төлөвлөгөөтэй аж. Берлинд Ж. Керри герман оюутнуудтай уулзахдаа “Америк хүн тэнэг байх эрхтэй” гэж мэдэгдсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээр татжээ.
Тэрээр, “Манай орон, манай нийгэм улс төрийн бөгөөд шашны эрх чөлөөг эрхэмлэдэг. Ийм ч учир манайд ямар ч шашин, ямар ч улс төрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болдог юм.
Зарим хүмүүс гайхан асуудаг л даа. Америкийн дээд шүүх чухам яагаад өөрөөс нь өөр шүтлэгтэй, өөр үзэл бодолтой хүмүүсийг илт доромжилсон лоозон барьсан хүмүүсийг гудамжинд чөлөөтэй жагсаал хийх боломж олгодог вэ гэж.
Би ийм асуултад нэг л хариулт өгдөг. Яагаад гэвэл Америкт жинхэнэ эрх чөлөө, тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хуулиар баталгаажин бүрэн хэрэгждэг юм гэж.
Ер нь Америкийн иргэн өөрөө л хүсч байвал тэнэг ч байх эрхтэй. Бусдаасаа өөр ч байх эрхтэй. Энэ бүхэнд бид хүлээцтэй ханддаг. Ингэж амьдраад бид сурчихсан гэх үү дээ. Үүнийг би Америкийн давуу тал гэж боддог. Иймээс ч үүнийгээ бид хамгаалах ёстой гэж үздэг юм” гэжээ.