Б.ЗАЯА, Ц.БАТБОЛД

МАХН-ын VIII бага чуулган өчигдөр эхэллээ. Нийслэл болон орон нутгийн 200 гаруй гишүүн МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, бусад намтай хамтран ажиллах, намын бүтэц зохион байгуулалт зэрэг олон асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн явдлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан юм. МАХН-ын бага чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буй төдийгүй гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байснаараа онцлог байсан юм. Энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар хүн намын цаашдын бодлого, үйл ажиллагаа зэрэг асуудлаар илтгэл тавьсан юм. Чуулганы үеэр төлөөлөгчид ийнхүү ярьж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба:
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэж оролцох талаар бага чуулганы гишүүд байр суурь илэрхийлнэ. Хоёр нам эвсвэл ямар нэр дээр тогтох нь тодорхойгүй байна. МАХН-ын нэр доор нэгдэнэ гэж манай намынхан үзэх байх. Харин МАН-ынхан ямар бодолтой байгааг мэдэхгүй. Ер нь нэг нам битгий хэл хоёроос дээш нам нийлээд АН-ыг байгуулсан жишээ бий. Тиймээс болохгүй зүйл гэж байхгүй. Хоёр нам маань угшил нэгтэй гэж ярьдаг. Олон мянган гишүүн энэ хоёр нам нэгдээсэй гэсэн саналаа хэлж байна. Харин удирдлагуудын хооронд ойлголцож шийдвэрлэх ёстой олон асуудал бий.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян:
-МАХН шинэчлэгдээд төдийлөн удаагүй байгаа учир үзэл баримтлалын асуудал байна. Мөн намын дарга Н.Энхбаярын хэлмэгдүүлэлтийн асуудал бий. Монголын ард түмэн Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэлтэд өртснийг харж байгаа. Хэлмэгдэж байгаа хүнийг өмөөрөхгүй юм бол ардчилал, шударга ёс яриад хэрэггүй.
Бага гишүүний төлөөлөгч П.Ангараг:
-МАХН-ын өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлын тайланг ярилцаж байна. Намын дарга Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хорьсон явдлыг шийдэх тухай хөндсөн. Энэ нөхцөл байдалд нам яаж ажиллав, Засагт байгаа хүмүүс хэрхэн ажиллав зэрэг асуудлыг ярилцаж байна. Гишүүдийн хамгийн их санаа зовоож байгаа асуудал намын дарга. Дорвитой арга хэмжээ яаж авах вэ, бүтэц зохион байгуулалт, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох асуудал чухал болоод байна. Хамгийн түрүүнд намын даргын асуудлыг нэн түрүүнд шийдээсэй гэж хүсч байна. Яах вэ, дарга эмнэлгийн бараа харсан нь сайн мэдээ. Гэхдээ болоогүй, хэлмэгдсэн гэдгийг нотлох талаар зохих шийдвэр гаргахаар ярилцана. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам идэвхтэй оролцож, амжилт гаргах нь чухал.
Б.ОЮУНБИЛЭГ: ГИШҮҮДЭД ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Бага чуулганы үеэр Н.Энхбаяр даргын өмгөөлөгч Б.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Бага чуулганы гишүүдэд ямар мэдээлэл өгсөн юм бэ?
-С.Нарангэрэл өмгөөлөгч бид хоёрын хувьд Н.Энхбаяр даргад холбогдох хэргийн асуудлаар Бага чуулганы гишүүдэд мэдээлэл хүргэлээ. Хууль зүйн талаас тодорхой ойлголт өгсөн гэсэн үг. Тухайлбал, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонинтой холбоотой хувьчлал яаж явагдсан. Ямар түүхтэй компаниуд байсан юм. Энэ хоёр хувьчилсан объект нь хэр өр төлбөртэй газрууд байв гээд тодорхой мэдээлэл өгсөн. Хохирогчгүй хэрэгт Н.Энхбаярыг яаж ялласан бэ гэдгийг нь ч бас ойлгуулж чадсан болов уу.
-Н.Энхбаяр даргыг эмнэлэгт шилжүүлсэн гэсэн. Одоо биеийн байдал нь ямар байна?
-Эмнэлгийн хяналтад удаан хугацааны туршид байх шаардлагатай, байнгын эмчилгээ үйчилгээ авч, агаар салхитай орчинд байх ёстой гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Гэвч тодорхой хугацаанд эмчилгээ хийгдэж чадсангүй. Эрхтэн системийн дутагдалд орсон, стрессийн дээд төвшинд хүрсэн, элэгний үйл ажиллгаатай холбоотой хүндрэлтэй байгаа. Одоогоор эмчилгээндээ орсон байгаа.
-Ямар эмчилгээ зонхилж байна. Дархлааг нь сайжруулах эмчилгээ хийж байна уу?
-Ходоод, элэгний маш их хямралтай. Дээрээс нь саажилттай. Саажилттай холбоотойгоор унаж татахаас эхлээд хоол идэж чадахгүй байна. Эмч нарын зүгээс “Эргээд хэвийн байдалд шилжтэл удаан хугацааны эмчилгээ хэрэгтэй. Гэхдээ хэвийн байдалдаа шилжих эсэх нь тодорхой биш байна” гэж дүгнэж байна.