Д.МЯГМАР

“Оюу Толгой” компанийн ажилтан С.Гантуяа удирдлагууддаа хандаж “Монгол Улсын болон Олон улсын нэгдэн орсон конвенцийг биелүүлэлгүй Монгол, гадаад ажилчдын цалинг эрс ялгаатай тогтоосон. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд Монгол ажилчидтай ёс зүйгүй, хүндлэлгүй харьцаж, айлган сүрдүүлдэг” зэрэг мэдээллийг хүргэсэн цахим шуудан илгээснээр ажлаасаа хууль бусаар халагдсан талаар манай сонин мэдээлж байсан. Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр “Оюу Толгой” компанийн асуудлыг хэлэлцээд иргэн С.Гантуяагийн талд шүүхийн шийдвэр гарчээ. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Оюу Толгой” компани шүүх хурлыг таван удаа хойшлуулсан. Шүүх хурлын талаар та ямархуу бодолтой байв?
-Монголын шүүх мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг цаг өнгөрчээ. Би дөрвөн сар энэ хурлыг хүлээж нааш, цааш зөндөө л явсан. Үнэндээ шантарч байсан үе бий. Тэд намайг залхаах гэж ингэж хурлыг хойшлуулж байсан биз. Үндэстэн дамнасан том компанитай би ганцаараа тулж байгаа учраас дотроо эмээж байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд намайг олон ажилтан дэмжиж байсан. Гэхдээ том хүмүүсийн эрх мэдлийн төлөө ганц эмэгтэй хашгираад хаа хүрэх билээ гэж дотроо айж байснаа нуугаад яах вэ.
-Таныг ямар учраас “Оюу Толгой” компани ажлаас халсан юм бэ. Тэндээс халагдсан бусад хүн тань шиг зарга хийдэггүй болохоор юу л болов гэж тоогоогүй юу?
-Намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Шүүх намайг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Ажилгүй байсан хугацааных нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрийг бөглүүлэхээр болсон.
-Хүмүүс энэ шүүх хурлын байдлаас монгол, гадаад ажилтнуудын цалингийн эрс ялгаа арилна гэж харж байгаа болов уу?
-2012 оны аравдугаар сарын 23-нд би удирдлагадаа захидал явуулсан. Гадаад, монгол ажилчдын цалин эрс ялгаатай байна. Дээр нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ үүнийг тусгасан байгаа. Ижил хөдөлмөрийн нөхцөл дээр ижил, тэнцүү цалин авна гэж заасан бий. Эр, эм, арьс, өнгө, шашнаар ялгаварлахгүйгээр цалинг нь тогтоож өгөх ёстой олон улсын гэрээнд манай улс нэгдчихсэн. Энэ бүх шаардлагыг тавьснаар би аравдугаар сарын 29-нд ажлаасаа халагдах мэдэгдэл авсан. Хөдөлмөрийн хуулийн олон заалт зөрчиж, ажлаа давуулан сайн хийж байсан ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээрээ зөрчөөд энэ том компани хэдэн сайд, дарга таньдаг гэж эрдсэн байх, хөөрхий. Энд ганцхан С.Гантуяа ялаагүй. Би ганц өөрийн эрх ашгаа бодоогүй. Бүх ажилчдын эрхийг хөндсөн. Компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандаад амаа алгадуулснаас ялгаагүйгээ болсон. Уурхайгаас, нутгийн иргэд, ажлаасаа халагдсан иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан, найзууд маань намайг зоригжуулаагүй бол би шантрах байлаа.
-Ажилтнууд таныг халагдсанаас хойш яаж хандаж байв?
-Ажилчид маш ноцтой асуудал, мэдээллийг надад хандаж хэлж байсан. Тэдний хувьд би асуудал шийдчихмээр харагдсан биз. Би иргэнийхээ хувиар Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүртэл хандсан. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ажлын хэсэг байгуулж миний тавьсан асуудлыг шалгуулсан. Энэ компанид гадаад монгол ажилчдын цалингийн эрс ялгаа байгааг тогтоосон. Энэ ажлын хэсгийн багийг шүүхийн шийдвэр гартал “Оюу Толгой”-д нэвтрүүлэхгүй гэсэн. Ингээд бодохоор “Оюу Толгой” Монгол ажилтан, иргэнийг дорд үзээд зогсохгүй төрийг төлөөлсөн яамных нь шийдвэрийг хүртэл үл тоож төрийн ажлыг саатуулж байна. Хуулийг нь уландаа гишгэж ирлээ. Тэд юм л бол асуудлыг мөнгөөр зохицуулах гэж оролддог гэж монголчууд ярьдаг, үнэний ортой шүү. Тийм явдал болох вий гэж би эмээж байлаа. Шүүх засаглал яаж цэвэршиж, сайхан ажиллаж байгааг би харлаа. Энэ шүүх хуралд бид яллаа.