
Ө.ХҮҮ
УИХ-ын чуулган ирц хүрэхгүйн улмаас хуралдаж чадалгүй ажлын хоёр өдрийг дэмий өнгөрөөв. АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ИЗНН-ын гишүүд өчигдөр парламентын танхимд хоёронтоо орж суусан ч МАН-ынхан Бүлгийн хурал, Удирдах зөвлөлийн хурал гэсээр чуулганы танхимд орж ирэлгүй бүтэн өдрийг барлаа. Хуулийн дагуу УИХ-ын даргыг шинээр томилтол насаар хамгийн ахмад гишүүн нь хурал даргалдаг. Харин МАН-д насаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл байсан нь нэг талаар тэдний аз таарсан бололтой. Өчигдөр чуулганы танхимд хийх ажилгүй өнжсөн гишүүд Д.Дэмбэрэл дарга дан ганц намаа бодолгүй улс орны эрх ашиг, хувь гишүүний хариуцлагаа ухамсарлаж хурлаа даргалах ёстой хэмээх шүүмжлэлт ярилцлагыг хэвлэлийнхэнд өгч байв. Мөн олонхи болсон намаас хамгийн ахмад нь хурал даргалдаг байхаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулъя хэмээсэн санал ч гараад амжсан юм. Харамсалтай нь үдээс өмнө хуралдаж, дахин үдээс хойш хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас зөвшилцсөн тухай нааштай хариу огт гарсангүй. Бүлгийн хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй байв. МАН-ынхан чухам юуны учир тахимаа өгөхгүй байгаа тухайд өөрсдөө албан мэдэгдэл хийгээгүй ч Өвөрхангай аймагт тус намаас нэр дэвшиж ялалт байгуулсан гэх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гишүүд нь Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдсэнээр барьцаалж байгаа хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Ийнхүү МАН-ын барьцаагаар Монголын төрийн ажил хоёр өдөр сул зогсож, Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Алтанхуяг, УИХ-ын даргад нэр дэвшсэн З.Энхболд нарыг томилох ажил гацсан хэвээр ажлын цагийг дуусгалаа. Дугаар шилжих мөчид МАН-ынхан маргааш болох Бага хурлаа дуустал чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн байсан ч гишүүд танхимдаа суусаар байв.