Н.МӨНХЖИН
Өнгөрсөн долоо хоногт Камеруны хойд нутагт франц гэр бүлийг барьцаалан авч явсан этгээдүүд өчигдөр нэгэн бичлэгийг интернэтийн Youtube сайтад оруулжээ. Лалын радикал Боко Харам бүлгийн нэрийн өмнөөс мэдэгдэл хийж буй этгээдүүд Камерун, Нигери дахь хэд хэдэн хоригдлыг суллахыг шаардсан байна. Интернэтээр цацсан бичлэг дээр франц гэр бүлийн долоон гишүүнийг харуулсан байв. Гурван эрэгтэй, лал хувцас өмсгөсөн нэг эмэгтэй, тэгээд гурван хүүхдийг шалан дээр суулгасан байлаа. Тэдний ар талаар нүүрээ таглаж, гартаа зэвсэг атгасан хэд хэдэн этгээд зогсож, нэг нь франц хэл дээр текст уншиж, франц жуулчдыг Боко Харм бүлэг барьцаалсныг зарлаж байсан юм.
Барьцаалагчид Камерун, Нигерийн шоронд хоригдож буй арав гаруй гишүүдээ даруй суллахыг шаардаж, хэрвээ шаардлагыг үл тоомсорловол барьцааны хүмүүсийг хорооно хэмээн мэдэгджээ.
Эрчим хүчний GDF Suez компанийн ажилтан Танжи Мулен-Форниер эхнэр, дүү болон 5-12 насны дөрвөн хүүхдийн хамтаар Камерун, Нигерийн хил орчмын Ваза дархан цаазат газрыг үзчихээд буцаж явахдаа лалын босогчдод барьцаалагдсан юм. Дээрх видео бичлэг дээрх хүмүүс Боко Харамын нэрийг барьж байгаа ч энэ нь баталгаатай биш, өөр бүлгийнхэн байж болзошгүй байна. Тус бүлгээс салж тусдаа гарсан Ансару бүлгийнхэн байж магадгүй байгаа аж. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын мэдэгдэж буйгаар, босогчид барьцааны хүмүүсийг хоёр хувааж салгасан байж болзошгүй. Гэмт этгээдүүд цагдаа цэргүүд дайрч барьцааны хүмүүсийг суллавал заримыг нь авч үлдэх зорилгоор барьцааны хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан байж болзошгүй байгаа юм. Парисын эрх баригчид долоон иргэнээ хаана байгааг илрүүлэхээр шаргуу ажилласаар байна. Францын тал Нигери, Камерунтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд Чадын нийслэл Нджамена хотод байрлах франц цэргүүдийг байнгын бэлэн байдалд оруулаад байгаа юм. Барьцаалагчид болон барьцаалагдагчид Нигерийн Диква, Нгала хотын хооронд байна хэмээн Нигерийн цэргийнхэн мэдэгдсэн ч энэ нь батлагдсангүй.
Камерунд барьцаалагдаж, эдүгээ Нигерийн газар нутагт хүргэгдээд буй франц жуулчдыг аврах нь ихээхэн хүндрэлтэй тулгарах бололтой. Өнгөрсөн онд Ансару бүлгийнхэн Нигерийн хойд хэсэгт гадаадын гурван иргэнийг барьцаалсан. Тэднийг суллах ажиллагааг хоёр удаа явуулсан ч бүтэлгүйтэж барьцаалагдсан гадаад иргэд амиа алдсан билээ. Энэ удаад ч иймэрхүү золгүйтэл тохиолдож магадгүй байгааг тоймч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Ансару бүлгийнхэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Францын нэг иргэнийг барьцаалсан нь одоо ч сураггүй байгаа юм. Өнгөрсөн оны бүтэлгүй аврах ажиллагааны дараа Нигери болон Франц улс яриа хэлэлцээнд илүү их найдвар тавих болжээ. Гэвч дээрх долоон жуулчны дөрөв нь хүүхэд байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.