Д.БОЛОРМАА
1982 онд төрсөн энэ залуу гурван хүүхдийн аав. Юнител группыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэсэн холбооны инженер. Юнителд анх техникчээр ажилд орж байсан залуу өдгөө Техникийн газрын захирал болж дэвшин ажиллаж байна. Энэ нь түүний ажилдаа зориулсан цаг хугацаа, гаргасан амжилтыг нь тодорхойлох үзүүлэлт юм. Энгийн нэг ажилтнаас газрын захирлаар дэвшсэн түүний талаар цухас өгүүлэхэд ийм байна. Ингээд Юнител группын Техникийн газрын захирал Д.Энхбаттай ярилцснаа хүргэе.
-Сар шинийн өдрүүдэд танайтай холбоотой нэг рекламыг олон удаа үзлээ. Инженер бололтой нэг залуу өвлийн хүйтнийг үл ажран хөдөө очно. Дараа нь ажил руугаа утасдаж сүлжээ оруулж байгаа тухай. Үйлчлүүлэгч бид тэр рекламаар сүлжээ нэвтрүүлэх нь ямар их шат дамжлагатай байдгийг анзаарлаа. Үүнээс өмнө энэ тухай бодож байсангүй?
-Юнител групп нь үүсэн байгуулагдсан 2006 оноос хойш 350 гарансум, суурин газар сүлжээгээ оруулжээ.
Энэ бүхний цаана нөр их хөдөлмөр зүтгэл, сэтгэл шингэсэн байдгийг хэрэглэгчдийн маань төлөөлөл болсон таныг анзаарч ойлгосонд би их баяртай байна. Сумын нэг залуу "Манайд сүлжээ орчихож" гэж уулга алдах хүртэл бүхэл бүтэн баг хамт олны хүчин чармайлт байдгийг онцолж хэлэх ёстой. Өнөөдөр Монголын бүх сум сууринг хамарч өөрийн сүлжээр оруулсан үүрэн телефоны оператор одоогоор байхгүй байна. Бүгд болохын төлөө өрсөлдөж бас уралдаж байна. Харин Юнител групп нь үүсэн байгуулагдаад долоон жил болж байгаа ч энэ хугацаанд Монгол орны 91.4 хувьд нь сүлжээгээ нэвтрүүлсэн гэдэг нь том ажил, том бүтээн байгуулалт гэж боддог юм. Ер нь сүлжээ асаах нэг хэрэг. Асаасны дараа урт удаан хугацаанд хэвийн найдвартай ажиллаж иргэдэд чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцлийг ханган ажиллах бас нэг том ажил байдаг юм.
-Өдөр, шөнө ялгахгүй ажилладаг байх нь ээ?
- Долоон хоногийн 24 цагийн турш ажилладаг юм шүү дээ /инээв/. Биднийг сонгож, итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа нийт 1 сая гаран хэрэглэгчийнхээ төлөө бид ингэж ажиллах нь зүйн хэрэг биз ээ.
-Сүлжээ нэвтрүүлсэн аймаг, сумын тоо хэд байна вэ? Сүлжээ ороогүй сумаа тоолбол илүү цөөхөн байх?
-40 гаран сум үлдсэн байна. Гэхдээ бид зөвхөн сум гэж тооцдоггүй. Монгол нутаг маань уудам дэлгэр учраас cум суурингаас гадна зам дагуу газруудыг хүртэл сүлжээтэй байлгая гэж зорьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын бүс нутаг болон уул уурхайн төвүүдийг ч нэрлэх ёстой. Бид уул уурхайн компаниуд болон аялалын жуулчлалын баазуудтай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Өнгөрсөн жил гэхэд бид уул уурхайн компанийн хэрэгцээ шаардлагад үндэслээд шинэ төхөөрөмж оруулж ирсэн.
- Тэрхүү төхөөрөмжийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Уул уурхай болон аялал жуулчлалын бүс нутгуудад газарзүйн байрлалаас нь шалтгаалан ихэнхэд нь сүлжээ ороогүй байдаг. Иймд тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хэрэгцээг хангах, үргэлж гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэй холбоотой байх нөхцлийг нь бүрдүүлэх зорилгоор бид Mini station төхөөрөмжөө оруулж ирсэн юм. Хэрэглэхэд маш энгийн, суурилуулж ашиглахад авсаархан, үнэ хямд зэрэг онцлог давуу тал их бий. Бид хүсэлт тавьсан газар нь энэхүү төхөөрөмжөө суурилуулж өгөх бөгөөд ойр орчмоо найдвартай сүлжээгээр бүрэн хангаж чадна.Түүнчлэн энэ төхөөрөмжөө өөр газарт шилжүүлэн суурилуулж ч болно. Гар утасны сүлжээ гэдэг хамгийн хялбар аргаар бие биетэйгээ холбогдох сонгодог арга юм шүү дээ.
-Сүлжээ нэвтрүүлэх тухай ярьж байна. Тэгвэл сүлжээ нэвтэрсний дараа нэг дуудлага, нэг мессежний цаана хэр их хүч хөдөлмөр байдаг юм бол. Бид бол хялбархнаар ярьж, бас бичдэг?
-Хурдан хугацаанд хэрэглэгчийн хүсэлтийг амжилттай биелүүлэх нь бидний зорилго. Бид секундаар бус мелльсекундаар ярьдаг. Хэрэглэгч хэн нэгэн рүү залгаад дуудах хүртэл удаан хүлээвэл сэтгэл ханамжгүй болно шүү дээ. Олон улсын стандартад ч нийцэхгүй. Тиймээс маш богино хугацаанд холболт тогтоох ёстой гэсэн зарчмын шаардлагад тулгуурлан бид ажилладаг.
-Интернэтийн орчинд ямар шинэчлэл хийж байгаа вэ?
-Хуучин ном бол ертөнцийг харах цонх гэдэг байлаа. Одоо бол интернет ертөнцийг харах цонх болчихжээ.Номноос уншдаг байсан бол интернэтээс үзэж бас сонсож байна. Юнител группын тухайд олон аргаар интернетийг түгээж байна. Нэгдүгээрт, интернетийг 3G сүлжээгээр дамжуулан түгээж байна. Гар утсаараа хэрэглэгчид маань хамгийн тохиромжтой дата багцын үйлчилгээгээр дамжуулан өндөр хурдаар интернэтэд орж байна. Нөгөөх нь айл өрх, албан байгууллагуудад интернетийг Юнивишн компаниар дамжуулан түгээж байна. Энэ компани маань гурвалсан үйлчилгээг нэвтрүүлээд интернетийн хэрэглээг хязгааргүй болгосон. Мөн манай хамт олонд цаашид төлөвлөсөн нэлээд олон ажил бий.
-Би танайхаас өөр үүрэн телефоны хэрэглэгч л дээ. Нэг удаа дата үйлчилгээг гар утсаараа ашигласныхаа хариуд 150 мянган төгрөг төлж байсан тохиолдол бий. Танай компанийн интернет ашигласны дундаж үнэ нь хэд вэ?
-Олон төрлийн багц бий. Гэхдээ өдөр бүр онлайн байдаг хүмүүсийн хувьд 19,900 төгрөгөөр бүтэн сар үнэгүй ашиглаж болох багц бий. Ер нь хэрэглэгчид маань өөрсдөө харьцуулалт хийх эрмэлзлэлтэй байх ёстой. Рекламдсан дариуд нь сонгочихоод дараа нь амаа барьж таарахгүй. Олж хараад харьцуулалт хийвэл манайх хэрэглэгчдийн тэргүүн сонголт байх болно.
-Боловсон хүчний тухай асуумаар санагдлаа. Юнител групп Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэдгээ батлах гэсэн шиг дотоодын боловсон хүчнээ дэмждэг гэх юм билээ?
-Манай группийн залуусын дундаж нас 27. Их залуу хамт олон. Манай техникийн газрын залуусын дийлэнх нь МУИС, ШУТИС-ийг төгссөн залуус байдаг. Тэд ажил дээр гарч ирээд их зүйлийг сурдаг. Компанийн зүгээс багагүй хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын шаардлагатай сургалт, семинарт зарцуулж байна. Онол практикийг хослуулан мөн дээр та сурна, чадна гэсэн дэмжлэгээр боловсон хүчнээ сайн цэнэглэж байна даа. Ер нь хамгийн чадварлаг боловсон хүчин манайд байдаг гэж ойлгодог шүү.
-Үндэсний тодотголтой томоохон компанид ажиллаж байгаагийн хувьд бахархал олон биз ээ?
-Надад ийм л зүйл бодогддог юм. Юнител групп байгууллагын соёлыг чухалчилдаг хамт олон. Ажилтнуудын ажилдаа хандах хандлагыг маш өндөр хэмжээнд хүргэж чадсан газар. Намайг анх ажилд ороход дандаа өөдрөг сэтгэлтэй хүмүүс угтаж авсан. Өнөөдөр ч гэсэн өөдрөг хамт олон миний эргэн тойронд сууж байна. Бид хийнэ, бүтээнэ, чадна гэсэн сэтгэлтэй. Нөгөө талаас хамт олноо хуулийн хүрээнд ажиллах зарчмыг тархинд нь суулгаж өгсөн гэхэд болно. Ажилчдын сэтгэл ханамж, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг соёл ч бас өндөр. Манай инженерүүдийн дунд нэг удаагийн томилолтоор явахдаа 56 хоног ажилласан хүн ч байна. Нэг жилийн хугацаанд сүлжээ хяналтынхаа төв дээр 100 шөнө ажиллаж байсан хүн ч бас бий. Ингээд бодохоор сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж байгаа хамт олноороо өөрийн эрхгүй бахархмаар санагддаг юм даа.
-Монгол орны 91.4 хувьд нь сүлжээгээ нэвтрүүлсэн гэж бодохоор үүний цаана хөдөлмөр бас амжилт байгаа. Танд болон танай хамт олонд сүлжээтэй болгож өгсөнд баярлалаа гэх талархлын үг хэр их ирдэг вэ?
-"Холбоочиддоо баярлалаа" гэвэл гоё л сонсогдож байна. Гэхдээ энэ үгийг сонсдоггүй гээд гомдохгүй ээ. Гэр бүл, найз нөхөд, хамт олон минь гар утсаараа холбогдож чадаж байгаа нь л бидний хувьд маш том талархал юм даа.
- Юнителийг сонгохын учир нь юу вэ?
-Нэгдүгээрт, манай компани зөвхөн ашгийн төлөө бус нийгэм, улс эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа ойлгосон хамт олон. Бид бизнисийн ашгаас илүү чанарыг эрхэмлэж, хэрэглэгчээ дээдлэн ажилладаг. Энэ бол манай хамгийн том давуу тал. Өнөөдөр бид 100 хувь сүлжээ оруулна гэж ярьж байгаа. Үүний цаана дан ганц бизнесийн сонирхол байхгүй гэдэг нь ойлгомжтой байх. Бид Монголыг холбоожуулах, дэлхийтэй холбох үүргээсээ ухрахгүй, ашиггүй гээд орхихгүй. Хоёрдугаарт, Юнител бол Монгол компани. Юнителийн гэдэг өнөр айлын гишүүн болсноор улсдаа төлж байгаа татвар нь Монголд, хөрөнгө оруулалт нь Монголд, үйлчилгээ ашигласны төлбөр нь Монголын төлөө зориулагдана. Энэ миний бахархал.
-Хувийн чанартай асуулт асууя. Та өөрөө утасгүйгээр өнжиж үзсэн үү?
-Үзсэн. Орчноос тасарсан юм шиг санагдсан. 24 цаг богинохон ч нэг л зүйл дутаад байдаг юм билээ. Гэр орон яасан бол, хэн нэг нь холбогдох гээд чадахгүй байгаа юм биш биз дээ гээд л. Хүн гар утастайгаа байхдаа үүнийг анзаардаггүй юм билээ
- Ярилцлагынхаа төгсгөлд хэрэглэгчиддээ хандаад юу гэж хэлэх вэ?
-Хүн бүрийн амьдралд олон нандин уялдаа холбоо байдаг. Энэ олон уялдаа холбооны цөм нь хүн та бид өөрсдөө юм. Тиймээс хүн бүрийн энэхүү нандин холбоосуудыгурт удаан хугацаанд найдвартай, бат бөх хадгалах нь Юнител группийн оршин байгаагийн илэрхийлэл билээ. Хэрэглэгчид та бүхэн бидэнтэй үргэлж хамт байж амьдралын нандин бүхэнтэйгээ холбоотой амьдраарай.
-Ярилцсанд тань баярлалаа.