Б.ЭНХЗАЯА
Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэх байрт хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн ажилтан үйлдсэн талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдэж, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлав.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ний шөнө Дархан-Уул аймгийн иргэн Г.Гантулга хэсэг хүмүүсийн хамт согтуурсан байхдаа эрүүлжүүлэхэд саатуулагджээ. Гэвч маргааш өглөө үүрээр учир битүүлгээр амь насаа алдсан байна. Шүүх эмнэлгийнхэн хохирогчийг архины хурц хордлогын улмаас нас барсан хэмээн дүгнэсэн ч ар гэрийнхэн нь уг шийдвэртэй санал нийлэхгүй байна.
Талийгаач нас барах үедээ их хэмжээний цус алдсан нь эд мөрийн баримтад үлджээ. Мөн задлан шинжилгээний явцад баруун талын хоёр хавирга хугарсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, архины хурц хордлогын улмаас бус гаднын нөлөөгөөр нас барсныг ар гэрийнхэн нь мэдэгдэж байна. Тиймээс уг хэрэгт эрүүлжүүлэх байрны эмч Ц.Оюунболдыг сэжиглэсэн аж. Хэрэг гарах үед Ц.Оюунболд гэр рүүгээ сандарсан байдалтай “Ээж ээ, би хүн алчихлаа. Харьж чадахгүй нь. Мөрдөнд орно” хэмээн уйлж байсныг эх сурвалжууд баталдаг байна. Гэвч уг мэдээлэл хавтаст хэрэгт ороогүй бөгөөд мөрдөн байцаагчид хохирогчийн ар гэрийнхэнд гуйвуулан мэдээлэх болжээ. Энэ талаар УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч н.Ганчанга “Эмч уйлж байсан нь үнээн. Гэхдээ тухайн хэргийг анзаараагүйдээ харамсч уйлсан юм билээ” гэжээ. Тэрээр хэргийг мөрдөж дуусаад аймгийн прокурор н.Идэрт шилжүүлсэн байна.
ОЛОН ПРОКУРОРЫН ГАР ДАМЖСАН Ч НЭГ Л ХАРИУГ ӨГСӨӨР...
Хэргийн талаар мэдээлэл авахаар н.Идэрт хохирогчийн ар гэрийнхэн удаа дараа хандсан ч гурван сар орчмын дараа эхнэр Н.Энхцэцэгт “Хэрэг бүрдэл болоогүй учир хэрэгсэхгүй болголоо” хэмээн амаар мэдэгдсэн байх юм. Хэрэг бүрдэлд шаардлагатай мэдээлэл хангалттай байсныг ар гэрийнхэн нотолж байна. Сэжигтэн Ц.Оюунболд гэр рүүгээ уйлан ярьж байсан төдийгүй, түүний ах талийгаачийн ар гэрийнхэнд “Хэргийн талаар шүүх, цагдаад хандаад хэрэггүй. Танайд машин, мөнгө өгье. Тохиролцъё” гэж хүртэл хэлжээ. Гэвч хүүгийнхээ үхлийн үнэн зөв мэдээллийг олохоор хөгшин эцэг нь аймаг хотын хооронд хөлийн тавхайгаа эргэтэл явж байна. Тэрээр аймгийн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, УЕПГ-ын орлогч н.Бямбацогтод хандахаар нийслэлийг зорьжээ. Гэвч төрийн албан тушаалтнууд энгийн иргэдийн өмнө хаалттай юм болохоор уулзах оролдлогыг олон удаа хийжээ. Арга ядахдаа нутгийн нэрийг барьсаар тухайн үед Хуульзүйн сайд байсан Ц.Нямдоржийг сахиж байгаад барьж аван үнэн учраа хэлсэн байна. Ц.Нямдорж Прокурорын орлогчтой холбогдсоноор талийгаач хүүгийнх нь хэргийн мэдээллийг албан ёсоор өгөхийг шаардсан байна. Аймгийн прокурор н.Идэр талийгаачийн эхнэрт “Ц.Оюунболдтой зохиц. Хоёр хүүхдийг чинь бодоод мөнгө гаргуулж өгье. Машиныг нь авахгүй яасан юм” хэмээн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг бичгээр өгчээ. Хамгийн хачирхалтай нь уг шийдвэрт талийгаачийн биеийн гэмтэлтэй байдлын талаар бус “590 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач эмнэлгийн тусламж авах боломжгүй, архины хурц хордлогоор нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгов” гэжээ.
Ингээд талийгаачийн аав Ц.Гүнтэв Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж. Бас л нааштай шийдвэр хариуг авч чадаагүй байна. Жилийн турш төөрөлдсөн хэрэгт Дархан-Уул аймгийн прокрорын газрынхан хамгийн сүүлд нөгөө л хариугаараа цэг тавьжээ. Арга ядсан эцэг нь олон нийтэд ийн хандаж буй аж. Тэрээр олны нүдэнд ил байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож буйд нилээд гомдолтой байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авав.
“УИХ-ЫН ГИШҮҮН Г.БАЯРСАЙХАН, Ж.БАТЗАНДАН НАРТ ХАНДАНА”
-Хүүгээ бусдын гарт амь насаа алдсан гэж байна. Хэрэг гарах үед юу болсон юм бэ?
-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ний шөнө миний хүү Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэх байрт хүргэгдсэн юм билээ. Гэтэл маргааш өглөө нь 8.00 цагт хүүг минь амь насаа алдсан болохыг бидэнд мэдэгдсэн. Талийгаач өглөө 4.00 цагт нас барж, моорогт хүргэгдсэн байсан. Ингэхдээ их хэмжээний цус алдаж, нүүрэндээ шархтай, хавиргууд нь хугарсан байсан. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч н.Ганчанга талийгаачид задлан шинжилгээ хийсэн байгаа юм. Гэхдээ биднээс задлан хийх зөвшөөрөл аваагүй, мэдэгдээ ч үгүй.
-Та цагдаагийн ажилтныг амь насанд нь хүрсэн гэж үзээд байна уу. Эрүүлжүүлэх байранд ирэхээсээ өмнө хэн нэгэнд зодуулсан байх боломжтой шүү дээ?
-Хэрэг гарах үед эрүүлжүүлэх байрны эмч Ц.Оюунболд гэр рүүгээ “Ээж ээ, Би хүн алчихлаа. Харьж чадахгүй нь. Мөрдөнд орно” гэж уйлаад ярьсан юм билээ. Мөн эрүүлжүүлэх байранд их хэмжээгээр цус алдсан эд мөрийн баримт байгаа. Гэхдээ эрүүлжүүлэх байрны камерт зодсон бичлэг байгаагүй. Хоёр цагдаа чирч оруулж ирээд, хөл гар дээр нь гишгээд гарч байгаа дүрс байгааг манай бэр /хохирогчийн эхнэр Н.Энхцэцэг/ харсан байна лээ.
-Хүү чинь юу хийдэг байсан бэ. Гэр бүлийнх нь талаар танилцуулаач. Архи уудаг байсан уу?
-Ажилгүй, хоёр хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг байсан. Хэрэг гардаг өдөр эрүүлжүүлэх байранд тийм ч их согтолттой ороогүй юм билээ.
-Аймгийн прокуророос энэ асуудалд хамгийн сүүлд хариулт өгсөн байна. Цаашид яах вэ?
-Энэ хэргийн эзэн холбогдогчийг албан ёсоор тогтоомоор байна. Эрүүлжүүлэх байрны эмч уйлж байсан, ар гэрийнхэн нь бидэнд хандаж байсан нь хэргээ хүлээж байна гэсэн үг шүү дээ. Баримт, нотолгоо байхад хэргийг хэрэгсэхгүй болгоод байх юм. Ял өгөх нь чухал биш, хэн үйлдсэнийг олмоор байна. Прокурорынхон шийдвэрлэж чаддаггүй юм байж. Тэгвэл одоо УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан нарт хандана.