Н.МӨНХЖИН

Кубын Төрийн зөв­лөлийн дарга (Ерөнхий­лөгч) Рауль Кастро дахин таван жилийн хуга­цаатайгаар сонгогдлоо. Кубын хувьсгалын лидер Фидель Кастрогийн дүү, 81 настай Рауль Кастро ахынх нь бие чилээрхэхэд Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаад 2008 онд албан ёсоор Төрийн зөвлөлийн даргаар то­милогдсон билээ. Гагцхүү түүний санаачилгаар тө­рийн албан хаагчид, тэр тусмаа төрийн тэргүүн нэг албан тушаалд хоёр дахин сонгогдохыг хориглосон хууль гарах гэж байна. Р.Кастро 2018 онд улс төрөөс зодог тайлна гэдгээ парламентын индэр дээ­рээс мэдэгдлээ. Боловс­ролын сайд асан, 53 нас­тай Мигель Диас-Канель нэгдүгээр дэд Ерөн­хийлөгчөөр томилогджээ. Диас-Канель Р.Кастрог залгамжилна хэмээн за­рим ажиглагч үзэж байна. Тэрээр 1959 оны Кубын хувьсгалд оролцоогүй төрийн хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа аж.

Ерөнхийлөгчийг шууд санал хураалтаар бус, парламент нь сонгодог. Парламентыг 20 жил удирд­сан Рикардо Алар­кон халаагаа өгч, оронд нь Эстебан Ласог сонгосон байна. Парламентын чуул­ганы нээлтэд сүүлийн үед ховорхон үзэгдэх болсон Фидель Кастро хүрэлцэн ирсэн юм.

Рауль Кастро улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч, хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Жижиг, дунд газар эзэмшдэг тариаланчдад газрыг нь үнэгүй өгч, тарьж ургуулсан бүтээг­дэхүүнээ зах зээл дээр чөлөөтэй борлуулах эрхтэй болсон юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс Цагаачлалын шинэ хууль үйлчилж эхэлсэн нь Раулийн хийсэн хамгийн том шинэчлэлд тооцогдож байна. Шинэ хуулиар, куба иргэд гадаадад зорчихдоо орон нутгийн эрх баригчдаас эх ор­ноосоо гарч явах тусгай зөвшөөрөл авах шаард­лагагүй болсон юм. Мөн заавал цаад талын урилгыг шаарддаг байсныг бо­лиулжээ. Эдүгээ куба иргэд гадаад паспортоо авч, нөгөө улсынхаа визийг даруулж чадвал эх орноо орхин гарахыг зөв­шөөрч байгаа юм. Үүний хамгийн тод жишээг дурд­вал, зартай тэрс үзэлтэн, Европын холбооны нэр хүндтэй шагналын эзэн болсон Y Generacion блогийг хөтлөгч Иоани Санчес хэд хоногийн өмнө анх удаа Кубыг орхин га­даад аялалд гарсан явдал юм. Тэрээр өмнө нь гадаа­дад зорчих гэж хэд хэдэн удаа оролдсон ч Гаванын эрх баригчдаас няцаасан хариу авч байжээ.