М.ГАНЦЭЦЭГ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржтой ярилцлаа.

 

-Та саяхан МАН, МАХН-ын хамтын ажил­ла­гааны тухай гишүүд, дэм­жигчдэд нь хандсан ил захидал бичсэн. Заавал ин­гэх шаардлага байсан уу. Улс төрөөс ангид чи­мээ­гүй байж болохгүй байсан уу?

-Улс төрөөс ангид бай­хад болохгүй зүйл үгүй. Гэ­тэл манайд болохгүй, бүтэхгүй, буруутай, зөрүү­тэй зүйл нь их байгаа, энэ бүгд нь дийлэнхдээ улс төрөөс хамаатай байгаа болохоор түүнийг хараад юу ч болоогүй юм шиг сууж болохгүй байна л даа. Цагаан сараас өмнө МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчдэд ил­гээ­сэн миний ил захидал, мөн түүнээс өмнө хэвлэлд өг­сөн хэдэн ярилцлага хүмүүст хүрсэн байна лээ.

Энэ хоёр намын эв нэгдэл, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай, нийт олон түмний  хүсч, хүлээж байсан асуудал гэдэг нь тодорхой хараг­даж  байна.

-Хоёр намын нэгдэл хэнд ашигтай юм бэ. Таны энэ үйлдлийн цаана хэн байгааг улс төрийн хүрээ­нийхэн их сонирхох юм. Н.Энхбаяр эсвэл С.Баяр байгаа ч гэх юм. Та хэнийх нь төлөө ажиллаад байгаа юм бэ?

-Юуны түрүүнд би үүнийг хэн нэгний төлөө хийж байгаа юм биш гэд­гийг хэлмээр байна. Би  хэн нэг хүний төлөө хо­шуурч давхидаг ч  хүн биш. Харин нийтлэг эрх ашгийн төлөө бол явна аа. Мөн өөрийн тань ийм асуулт тавьж байгаа нь таатай биш боловч гай­хахгүй бай­на. Манайхан ерөөсөө ямар нэгэн асуудлыг явцуу хүрээнд ойлгодог, харддаг, өөрсдөө ч тийнхүү ажил­ладаг, сэтгэдэг болчихоод байгаа юм. Энэ чинь нөгөө  л дээр хэлсэн болохгүй, бүтэхгүй зүйл нүүрлэсний илрэл. Энэ мэтийн олон зүйлийг засч залруулах үндэс нь зөв тогтолцоо. Гэтэл манай намын дотор зөв тогтолцоо алдагдаад удаж байгаа­гаас гадна түүнээс ч аюул­тай үзэгдэл болох хоо­рондоо хагарал­даад удаж байна. Би дээр хэлсэн, үүнээс болж ард түмэн хохирч байна. Тий­мээс энэ хоёр намын хам­тын ажиллагаа нь  нийт мон­голчуудад ашигтай асуу­дал юм.

-Хоёр намын хамтын ажиллагааны тухай санаа зөвхөн таных байсан уу. Эсвэл МАХН, МАН-ын удирдлагуудтай ярилцаж тохирсон зүйл байгаа юу?

-Ямар ч нам, эвсэл, хувь хүнтэй уулзаж то­хирсон зүйл байхгүй. Олон нийт хүсэн хүлээж байгаа, нэн даруй арга хэмжээ авч хөдлөхөөс өөр гарцгүй, наанадаж эв нэгдэл, цаа­шилбал намын ялалт, ялагд­­лын тухай энэ асууд­лыг хэн ч ярихгүй, хийх­гүй байгаа болохоор нөх­цөл байдлыг мэдэрч, са­наа тавьж гаргасан цэ­вэр миний өөрийн санал са­наачлага, үйл ажил­ла­гаа юм.

-Засгийн эрх мэдэл нэг намаас нөгөөд шилжсэн үед та УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хэсэг хугацаанд үргэлж­лүүлэн хийсэн. Таныг МАХН-ын зүгээс санал болгож энэ албан тушаалд хэвээр үлдээнэ гэсэн мэдээлэл байсан. Ийм зүйл болсон уу?

-Энд МАХН-ын зү­гээс намайг санал болгоод үлдээгээд байсан зүйл ч байхгүй, АН-аас санаач­лаад намайг хөөгөөд, туу­гаад байсан зүйл ч байх­гүй. Үргэлжлүүлэн ажил­лахдаа миний бие тэрхүү албан тушаалд ажиллах төрийн албаны шалгуурыг ханган ажиллаж байсан гэж үзэж байна, харин ажлаа өөрийн­хөө хүсэл­тээр хүлээлгэн өгсөн. Үүнийг би хариуц­лагатай хэлж байна.

-Хоёр нам хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурийг тань эсэргүүцэх хүн аль, аль намд олон бий.  Хоёр нам нэгдэх, эсвэл эвсэж ажиллалаа гэ­хэд цаана нь эсэргүүцэж буй хүмүүс яах вэ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага­даа “Бид шалдаа буусан ч тэднээс “Нэгдээд өгөөч” гэж гуйхгүй” гэсэн байна лээ?

-Энэ ерөөсөө ганц нэг хүний үг биш. Хоёр нам нэгдэх тухай ярихад тас эсэргүүцдэг хүмүүс олон, ялангуяа МАН-ын удирд­лага дотор. Тэднийг хү­мүүс нэртэй устай нь мэ­дэж л байгаа. Өөрсдийнх нь гол сөрөг хүчин болон олон удаа “хулхидаж” бай­сан хүмүүстэйгээ хөл, толгой, хормой, халаас гээд бүх юмаараа нэг­дэхдээ эмзэг­лэхгүй бай­сан хэрнээ олон жил хамт ажиллаж, хам­тарч зүтгэж байсан, угшил нэгтэй на­мынхаа нэгээ­хэн хэсэгтэй болохоор ийн­хүү “үнэ­нээсээ” үзэлц­дэг нь яаж байгаа юм. Ёстой нөгөө дордохын дон гээч үү, хайр их бол үзэн ядалт их гээ­чийг харуулж байна уу. /Инээв/. Нөгөө талаар Энх­баяртай хамт энэ “на­муудынхаа” төлөө ажил­лаж, ялж ялагдах, унаж босохын аль алиныг нь хамтдаа үзэж, бүр тэр хү­ний буян хаял­гаар хоол, сэнтий, эрх мэдэлдээ хүр­сэн олон хүн өнөөдөр нө­хөр нь, дар­га нь, лидер нь өрсөл­дөгчийнхөө гарт зо­лиос болчихоод байхад хүн ча­нарыг умартаж, нүүр бу­руулж байгаад дур­гүй­цэж байгаа хүн олон бий.

Хамгийн гол нь ийн­хүү муйхарлан зүтгэж бай­­­гаа нь намын удирд­лагын цөөн хэдэн хүний ааш араншин. Уг нь манай Цэнгэл гишүүн нуруутай л хүн юмсан. “Шалдаа буусан ч тэднээс гуйхгүй” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ нам бол муйхар бо­долтой, муу үйл ажил­ла­гаа­тай хэдэн хүний өмч биш. Өчүүхэн зөрчил, амб­ийц, ашиг сонирхол, му­гуйд байдлаараа энэ том намыг үгүй хийх эрх хэнд ч байхгүй. Шалдаа буух тухай асуудал ярина гэдэг чинь түүнийг хүлээн зөв­шөөрөөд, хүлээгээд сууж байгаа хэрэг үү. Энэ бол туйлын хариуцлагагүй асуудал. Тэр хэдэн хүнээс болж бүхэл бүтэн нам, түүний гишүүд дэмжигчид хохирч, задарч, бутарч болохгүй.   

-Та Энхбаярыг өмөө­рөөд байна аа даа?

-Шаардлагатай бол хэ­­нийг ч өмөөрнө. Хам­гийн гол нь нөгөө ард­чилал, шударга ёс, хууль тэгш үйлчлэх зарчим яасан вэ. Хулгайч хүн хулгай­чийг бариарай гэж хам­гийн чанга хашгирдаг гэдэг шиг хүн яллаад, шоронд хийгээд байгаа, ядарч яваа нэгнээ шоглоод байгаа хүмүүс нарийндаа бол бүгд адилхан шүү гэдгийг л хэлмээр байна. Энэ АН, МАХН-ын (хуу­чин нэрээр) удирдлагууд нь сайнаар хэлбэл бүгд л өнөөгийн Монгол улсын төлөө, ардчиллын төлөө, ард түмнийхээ төлөө шинэ нийгмийг цогцлоох гэж чадах ядахаараа тэмцэж, ажиллаж байгаа нэг үеийн­хэн. Муугаар хэл­бэл, бүгд л хойно, урдаа ороод өнөөдөр бий болсон алдаа дутагдал, буруу зө­рүүг хамтран бүтээлцсэн “хэргийн эзэд”.  Ард түмэн нүдтэй, чихтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой шүү.  

-Удахгүй Ерөнхий­лөг­чийн сонгууль болно. За­рим нам нэр дэвшигчээ бараг тодруулчихсан, сурталчилгаагаа хийгээд эхэлчихжээ. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэлж болно. Харин бусад намд түүнтэй өрсөлдөх боломж­той боловсон хүчин байх­гүй гэх юм. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Одоогийн Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж нэр дэв­шихэд өрсөлдөх хүн АН-д байхгүй байж болно. Харин бусад намд байхгүй гэдэгт итгэхгүй байна. Бусад намд “тийм мундаг хүн” байхгүй гэдэг нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн захиалгат ажиллагаа юу, үнэн бодит байдал уу гэдгийг ялгаж салган ойлгох хэрэгтэй дээ.

-Та ирэх Ерөнхийлөг­чийн сонгуулийг ямар бо­лоосой гэж хүсч байна вэ?

-Монголын ард­чил­лыг, эдийн засгийн зөв хөгжлийг, газар нутгийг аврах, төрт ёс шударга байж, хууль тэгш үйлчлэх сонгууль болоосой гэж хүсч байна.

-Сонгууль дөхөхөөр улс төрийн хүрээнд хүчтэй дуугарч, ярьж байгаа хү­нийг нэлээд харддаг. Та­ныг ч гэсэн Ерөнхийлөг­чийн сонгуультай холбох нь бий. Та нэр дэвших гэж байгаа юм уу?

-Хардах эрхээ эдэлж байгаа нь энэ үү .

-Эргээд таны өмнөх албан тушаал руу оръё. Нэг намын нөхдийнхөө өрөөний хаалгыг эвдэж акт тогтоосон, энэ нь шинэ Засагт тал зассан үйлдэл байсан гэх юм билээ. Энэ тухайд юу хэлэх вэ?

-УИХ-ын хэвийн ажил­лагааг хангах үүрэг Тамгын газарт байдаг. Дахин сонгогдож чадаагүй гишүүд өрөөгөө чөлөөлөөд явдаг, шинээр сонгогдсон нь оронд нь ирээд суудаг, ийм л журамтай. Гэтэл зарим гишүүн дахин сон­гогдоогүй байж хуучин сууж байсан өрөөгөө өгөх­гүй, бүр лацдаад хавь­туулдаггүй. Төрийн ордны өрөө тоотой, шинээр сон­гогдоод ирсэн гишүүд ко­ридорт зогсоод байхад Тамгын газар яах юм. Хууль журмын дагуу хэ­дэн өрөөг хүчээр чөлөөлөх арга хэмжээ авсан. Энд хэн нэгэн, засаг төрд ая тал засаад байсан юм байх­гүй.

-Одоо МАН-ын бүт­цийг сонирхоё. Р.Раш, Д.Загджав нарын хүмүүс намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж байгаа гэсэн. Тэр ямар учиртай юм бол?

-Эрхэм гишүүн асан Р.Раш, Д.Загджав нар намын шинэчлэлийн ту­хай ярьж байхыг сонссон. Үүнийг ойлгож байна. МАН-д өөрчлөлт, шинэч­лэл хэрэгтэй байгаа нь ч үнэн. Энэ асуудалдаа буйр суурьтай хандаж, ёстой долоо хэмжиж нэг огтолж түүхэн, хариуцлагатай шийд­вэрээ гаргана биз ээ. Лав л хэдхэн минут сууж байгаад өөрийнхөө өнц­гөөс хуудуутай шийддэг асуудал биш нь ойл­гомж­той. Би хувийн бодлоо энд хэлэхэд, одоо намын ши­нэч­лэлийн тухай том асууд­лыг ярилцаж цаг алдаж, бас хөл алдаж бо­лохгүй. Шинэчлэх гэдэг нэрийн дор халах солих, сандал ширээ, албан ту­шаалын төлөө бужигнах, үймэх цаг бүр ч биш. Үүний оронд хоёр нам хамтарч, хүчээ нэгтгэн Ерөнхийлөгчийн сон­гуульд яаж орохоо бодож ажиллах хэрэгтэй.  Хуга­цаа тун бага байна шүү.

-МАН-ын одоогийн удирдлагад зарим гишүүд нь шүүмжлэлтэй ханддаг. Намын аппаратад хэтэр­хий сул хүмүүс орсон гэх мэтээр хэлэх юм. Та үүн­тэй санал нийлдэг биз?

-Одоогийн удирд­ла­гын сул, чангыг одоо ярих нь нэг хэрэг. Харин яагаад намын хүч өнөөдөр су­ларсан, түүнд нөлөөлсөн хүчин зүйл юу байна, түү­нийг хэрхэн арилгах вэ гэдэг нь чухал юм. Хэрэв шинээр сон­гогдсон  одоо­гийн удирдлагыг юу юуны туханд хүрэлгүй солих нь нөгөө халуурсан хүний халуурсан шалтгааныг нь олохгүй, зөвхөн халуун намдаах эм өгсөнтэй л адил. Ярих дээрээ тулбал намыг өнөөдөр ийм бай­далд хүргэсэн хүмүүстэй ярих нь зүйд нийцнэ. Тэр ч одоо хэрэггүй, аягүй бол бас одоо хоорондоо ба­рилцаж байтал удахгүй болох Ерөнхийөгчийн сон­­гуулийг алдана гэсэн үг. МАН энэ сонгуульд ганцаараа зүтгэх юм бол дарга нь алтан хүн байгаад ч нэ­мэргүй.

-Та өмнө нь сайд, УИХ-ын гишүүн, Тамгын газрын дарга гээд том албан тушаалуудыг хашсан. Манайхны урдаа барьдаг сайн хуульчдын нэг. Гэтэл өнөөдөр ямар ч албан тушаалгүй гудамжинд явж байна. Өнөөдрийн Ша­равдорж хэн юм бэ. Хоёр намыг холбогч гүүр юм уу, эсвэл аль нэгэн намыг хагалган бутаргагч юм уу?

-За ямар ч л гэсэн хага­лан бутаргагч гэж хэ­лэх­гүй байлгүй дээ. Би эв эеийн тухай, хамтран ажил­лахын чухлыг хэлээд байгаа биз дээ.

-Таны бодлого, ил за­хидал олон хүнд хүрч, нааштай хүлээж авсан гэсэн.  Хоёр намын гишүүд ч нэлээд дэмжиж байх шиг. Таны зорилго биелсэн үү.  Цаашид яах вэ?

-Миний зорилго захи­дал бичсэнээр биелэгдэх­гүй. Эцсийн зорилго бол бодит үр дүн буюу нэг цул байсан намын нэгдэл, хамтын ажиллагаа. Үүний төлөө шат дараалсан үйл ажиллагааг намуудынхаа гишүүд, дэмжигчидтэй хамтран авч хэрэгжүүлнэ. Удирдлагууд ч нэгэн адил хамтран ажиллана гэж найдаж байна.