- Ц.Цээлээсүрэн: Тэр цагдаа өөрийгөө егүүтгэх хүн биш юмсан –
Д.ГЭРЭЛ

Гэмт хэрэгтэй тэмцэх тангарагтай 29 настай Ч гэдэг залуу учир битүүлгээр амиа хорложээ. Түүний үхлийн шалтгааныг тогтоохоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ч-гийн үхэлд гадны нөлөө орсон гэхээс илүү амиа хорлосон гэх дүгнэлт өгч байгаа гэнэ. Учир нь гадны нөлөө гэх ямар ч баримт олдоогүй юм байх. Хамгийн хачирхалтай нь, албандаа нэр хүндтэй байсан тэр залуу амьдралаас яагаад уйдах болов гэдэг нь асуудал дагуулж байна. Ар гэрийн маргаан ч байгаагүй гэх.
Учир нь тэрээр ганц бие залуу бөгөөд найзалж нөхөрлөсөн бүсгүй ч байхгүй байжээ. Тэрээр 1983 онд Архангай аймагт төрсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн ажилтай байлаа. Энэ албандаа багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас хорооныхоо иргэдийг ч сайн таньдаг байж. Тус хорооны хэсгийн ахлагч бололтой нас тогтсон эмэгтэй “Бид бүр үнэмшихгүй байгаа. Яагаад Ч гэж. Түүнийг амиа хорлосон гэдгийг сонсоод цочирдоод байна, эгч нь. Их нийтэч хүүхэд. “Аниа” гээд надад сүйд болно гээч. Архангайн хүүхэд байсан. Нутгийнхаа тухай их ярина аа. Үнэхээр итгэхэд хэцүү байна. Миний хүү шиг л сайхан залуу байсан юмсан” хэмээн ярьж байв. Харин цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөтэй залгаа орших хорооны Ахмадын бие бялдрын төв хариуцсан Ц.Цээлээсүрэн гэх эгчмэд бүсгүй ийн ярилаа.
-Танай хорооны хэсгийн байцаагч амиа хорлосон гэх юм. Та сонссон уу?
-Сонсолгүй яах вэ. Өнгөрсөн баасан гаригт ажилдаа ирсэн чинь цагдаа нар хамгаалалт аваад сүйд болчихсон байсан. Дараа нь сураг сонсоход миний хамгийн сайн таньдаг Ч гэдэг байцаагч өрөөндөө амиа егүүтгэсэн гэсэн.
-Та түүнийг хэр сайн таньдаг байв. Амиа хорлох шалтгаан байсан юм болов уу. Тантай харьцах байдал нь ямархуу байв?
-Өө, их энгийн. Хөдөө төрж өссөн болохоо элдэв муу санаа байхгүй хүүхдээрээ юм шүү дээ. Манай бялдаржуулах өрөөнд орж ирээд теннис байнга тоголдог байсан. Хэрэг явдал гарсан тэр орой ч гэсэн тоглоод л гарсан. Тэр үед өмнөх шигээ хэвийн байсан шүү дээ. Ямар ч сэтгэл гутрал олж харагдаагүй. Харин ч инээж, хөөрөөд баяртай байсан байх шүү. Үнэхээр гайхаж байна. Яагаад амиа хорлосон юм бол доо, хөөрхий минь.
-Гэр бүлийн үл ойлголцол байсан юм болов уу. Энэ талаар танд ярьж байсан уу?
-Гэр бүлийн маргаан байхгүй байх. Хангалуун, боломжийн талдаа айлын хүүхэд гэнэ лээ. Миний сонссоноор хувьдаа орон сууцтай гэсэн. Тэгээд ч ганц бие, үерхэж нөхөрлөдөг эмэгтэй ч гэсэн байхгүй. Харин намайг сайн эмэгтэйтэй танилцуулж өгөөрэй гэдэг байсан. “Би таны танилцуулсан эмэгтэйг гомдоохгүй” гэхийг нь яана. Хайр сэтгэлээс үүдсэн гэж бодохгүй байна.
-Эсвэл цагдаагийн албан дотроо түнжин хагарах зүйл байсан уу. Тийм зүйл ажиглагдсан уу?
-Хэсгийн байцаагчийнхаа өрөөнд гурвуулаа суудаг. Тэд эв түнжин сайтай, найзалж нөхөрлөдөг байсан шүү дээ. Ямар ч байсан хэрүүл маргаан дуулдаж байгаагүй. Харин ойрын үед нөгөө хоёр нь ажилдаа ирэхгүй байсан. Нэг нь өвчтэй байгаа гэл үү дээ. Талийгаач л ажилдаа ирж байсан юм гэв.
Хорооныхны хэлж буйгаар талийгаач даруу төлөв зантай, нийтэч нөхөрсөг залуу байж. Харин юуны учир амиа егүүтгэв гэдэг нь асуудал дагуулж байна. Магадгүй дарга нарынх нь захирах ёс, дээрэнгүй зан чанар нь түүний зүрх сэтгэлийг мохоосон байж мэдэх юм. Уг нь тэр гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй төрийн цагдаа байлаа. Өнөөдөр цагдаа нарыг төрийн хамгаалалтад байдаг, нэг л их эрх ямбатай хүмүүс гэж ойлгодог. Харамсалтай нь, олон хүний боддог, итгэдэг энэ зүйл нь бодит байдлаас хол, бүр дэндүү хол зүйл гэдгийг мэддэг хүмүүс бол цагдаагийн ажилтнууд өөрсдөө л байх. Учир нь монголчууд биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгвэл манай цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа энэ олон ажилтнуудад биеэ, гэрээ зассан нь хэр олон байгаа бол. Дээрээс нь цагдаагийн жижиг, дунд шатны дарга нар маш их дарамт шахалтыг ажилтан албан хаагчиддаа үзүүлдэг нь нууц биш. Үүнийг албаны бие бүрэлдэхүүн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх ч энэ талаар ярихаас эмээдэг гэх. Тангараг өргөсөн, төрийн хувцас өмссөн цагдаад бусдын адил амьдрал байдаг. Тэдэнд үр хүүхэд, хань ижил ч байдаг. Мөн сэтгэл гутрал, өвчин зовлон, үхэл хагацал ч ирдэг. Харамсалтай нь, энэ бүхнийг дээд албан тушаалтан , дарга даамал нь мэдрэхийг хүсдэггүй. Ярилцахыг ч хүсэхгүй байгаа нь дэндүү том гачлан юм. Цагдаа амиа хорлож байсан тохиолдлыг хүргэе.
Баримт 1
2008 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын орлогч байсан Б амиа хорлож байв. Тэрээр гэр бүлийн маргаанаас болж амиа хорлосон дүгнэлт тухайн үед гарч байлаа. Түүний дараа даргынхаа үхэлд сэтгэл гутарсан Н нь бас л өөрийгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг гарч байв.
Баримт 2
Өмнөговь аймгийн Ноён суманд хэсгийн төлөөлөгч байсан 25 настай М гэдэг залуу мөн л өөрийгөө егүүтгэж байв. Шалтгаан нь бяцхан зодоон хийсэндээ гэмшиж. Тодруулбал, аймгийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд болсон явдлын талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэнээ хэлж, ажлаас хөөнө гэх мэтээр айлгаснаас үүдсэн гэдэг.
Баримт 3
2012 онд Хөдөлгөөнт эргүүлийн газрын албан хаагч амиа хорлов. Тэрээр Хөдөлгөөнт эргүүлийн газарт цөөнгүй жил ажилласан, ажилдаа туршлагатай нэгэн байжээ. Түүний амиа хорлосон шалтгаан ажилтай нь биш ар гэрийнхэнтэй нь холбоотой байсан гэх.